АНУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхүй

Жонатан ЭДЛТОН АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд

Монголчууд томоохон ойн баярыг сайхан тэмдэглэдэг уламжлалтай. Нэгдүгээр сарын 27-ны өдөр манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буй учраас онцгой тэмдэглэлт өдөр болж байна. Түүхийн баримтаас үзвэл, хамгийн анх Америкийн иргэн 1862 онд тэр үеийн Пекинээс Монголоор дайран Санкт Петербург рүү аялж байжээ. Түүний араас олон олон америк анчид, адал явдал хайгчид, наймаачид Монголд ирсний дотор 1922 онд АНУ-ын судлаач Рой Чэпмэн Эндрюс Монголын говьд шинжилгээний ангиа эхлүүлэн, дараа нь хэд хэдэн удаа үргэлжлүүлэхдээ үлэг гүрвэл өндөглөдөг гэдгийг баталсан билээ.

Дараа нь АНУ-ын Дэд ерөнхийлөгч Хэнри Уоллес 1944 онд энэ бүс нутагт хийсэн айлчлалынхаа хүрээнд Улаанбаатарт ирсэн бөгөөд тэрээр Сибирь, ЗХУ-ын Төв Ази болон Хятадад бас айлчилсан юм. Эхэн үеийн эдгээр уулзалт хожмоо 1987 онд Вашингтон хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульц болон Монгол Улсаас НҮБ-д сууж байсан Элчин сайд Г.Нямдоо нар бичиг баримтад гарын үсэг зурснаар баталгаажсан дипломат харилцааны эхлэлийг тавьсан ажээ. Тэрхүү товчхон ёслолын ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж буй харилцан хүндлэл, хамтын ажиллагааны замд манай хоёр орныг хөтөлсөн билээ.

Төрийн Департаментын Гэрээ хэлэлцээрийн танхимд, АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч бөгөөд Тусгаар тогтнолын тунхаг бичгийн зохиогч Томас Жефферсоны түүхэн хөргийн өмнө тэр ёслол болсон нь нэн зохистой гэмээр. 1990-ээд оны эхээр Монгол Улс ардчиллын замыг сонгосноор манай хоёр орны харилцаа улам бэхжин хөгжлөө. Монголчууд ба америкчуудад нийтлэг үнэт зүйлс олон байдгийн дотор хамгийн гол нь бид хамтдаа эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилал, хүний эрхийн төлөө тууштай байгаа явдал бөгөөд энэхүү нийтлэг сонирхол нь Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаагаар улам тод томруун илэрч байна.

Хоёр орны албан ёсны дээд хэмжээний уулзалтууд дээр, тухайлбал, 2011 оны зургаадугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цагаан ордонд Ерөнхийлөгч Обаматай, мөн 2011 оны наймдугаар сард Дэд ерөнхийлөгч Байден Улаанбаатар хотноо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нартай уулзах үеэр эдгээр сэдэв нэн чухлаар тавигдаж байлаа. Түүнээс гадна уулзалт ярианы үеэр Монголын энхийг сахиулагчид НҮБ-ын далбаан дор Чад, Сиерра Лион, Дарфур, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж, Афганистанд олон улсын хамтын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж байгаад нэн талархалтай байгааг байнга онцлон тэмдэглэдэг юм.

Монгол Улс хөгжлийн тусламжийн харилцаанаас улам бүр эдийн засаг, худалдааны харилцаа руу шилжиж байна. Энэ чиглэлээр ч гэсэн Америкийн компани, байгууллагууд санал болгох зүйл ихтэй. Жишээлбэл, уул уурхайн салбарт “Пибоди” зэрэг АНУ-ын компаниуд үр ашигтай үйлдвэрлэл, аюулгүй ажиллагаа, технологийн шилжилт, сургалт, байгаль орчны асуудлуудад тууштай ханддагаараа онцлогтой. Мөн “Бойнг”, “Женерал Электрик”, “Катерпиллар” зэрэг Америкийн бусад тэргүүлэх компаниуд Монголд амжилттай түншлэлүүд бий болгон ажиллаж байна.

Хүмүүс төдийлэн мэдэхгүй боловч аливаа түншлэлд АНУ-ын компаниудын авчирдаг өөр нэг чухал чанар бол Гадаад дахь авлигатай тэмцэх тухай АНУ-ын хууль юм. Энэхүү нэн чухал бөгөөд өвөрмөц хуулийн дагуу гадаад улс орнуудад авлига, хээл хахуулийн асуудалд холбогдсон Америкийн компаниуд тухайн орны төдийгүй АНУ-ын шүүхийн өмнө хариуцлага хүлээдэг юм.
Монголчууд, америкчууд нэгэн адил шударга, авлигаас ангид бизнесийн орчныг хүсэж байгаа ийм цаг үед энэ нь зах зээлд суурилсан эдийн засгийн амжилт бол нээлттэй, ил тод байдал болон сайн засаглал, хариуцлага дээр тогтдог гэсэн бодит үнэнийг тод томруун харуулсан чухал ялгаа болж байна. Иргэд хоорондын бат бэх хэлхээ холбоо бол бидний харилцааны нэгэн эд эс болж, түүнийг бэхжүүлж байдаг.

АНУ-ын Энхтайвны корпус, Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА) хоёулаа Монголд анхны хөтөлбөрүүдээ 1991 онд эхэлсэн. Хамгийн сүүлд Мянганы сорилын сан (МСС)-тай байгуулсан компакт гэрээ хөгжлийн төлөөх бидний түншлэлийг улам бэхжүүлж, АНУ-ын ОУХА болон МСС хамтдаа 500 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монголд үзүүлж байна. Энэхүү тусламж хэд хэдэн чиглэ лээр, тухайлбал, МСС-гийн эрүүл мэнд, мэргэжлийн боловсролын төслүүд болон өмнө нь Хасбанкийг байгуулж, ХААН банкийг сэргээн босгоход ОУХА-ийн үзүүлсэн дэмжлэг зэргээр амжилттай хэрэгжиж байна.

Шинэ стратегийн зорилт бүхий АНУ-ын ОУХА ардчиллыг бэхжүүлж, сайн засаглал, хууль дээдлэх ёсыг дэмжин дэлгэрүүлэх гэсэн монголчуудын хүчин чармайлтыг тууштай дэмжсээр байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд манай ЭСЯ-ны Консулын хэлтэс Монголын иргэдэд 60,000 гаруй виз олгожээ. Одоо 2,500 монгол оюутан АНУ-ын коллеж, их, дээд сургуулиудад суралцаж, 20,000 гаруй монгол иргэд АНУ-д сурч, ажиллаж, амьдарч байна. Сүүлийн жилүүдэд бизнесийн ба аялал жуулчлалын зорилгоор АНУ-д аялж буй монголчуудын тоо хэд дахин өслөө. Түүнээс арай цөөн хэдий ч бас нэлээд хэдэн зуун америк иргэд Монгол Улсад ажиллаж амьдарч, басхүү жилд хэдэн мянган хүн аялж ирдэг болжээ. Соёлын хэлхээ холбоо бол бидний харилцааны бас нэг салбар юм. Сүүлийн жилүүдэд АНУ-ын ЭСЯ-наас соёлын солилцооны төрөл бүрийн хөтөлбөрүүдийг дэмжиж, Америкийн яруу найргийн 2 ботийг монгол хэл рүү орчуулж хэвлэхэд тусаллаа. Улс орны соёл, эдийн засгийн амьдралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн том зорилтын нэгээхэн хэсэг болгож эдгээр хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй монгол иргэдийг оролцуулсан билээ.

Соёлын өвийг хамгаалах Элчин сайдын нэрэмжит сангаас музей болон бусад соёл, урлагийн байгууллагуудад чиглэсэн 10 гаруй төслийг санхүүжүүлсний дотор 2010 оны тавдугаар сард Амарбаясгалант хийдийг хадгалах, хамгаалахад зориулж 586,000 ам.долларын буцалтгүй тусламж олгоод байна.
Улаанбаатарт суугаа АНУ-ын ЭСЯ бол эдгээр хамтын хүчин чармайлтыг хэрэгжүүлэх Монгол дахь гол индэр болж байдаг. Албан ёсоор 1988 онд ЭСЯ нээгдээд, 3 жилийн дараа Сэлбэ голын эрэг дээр Денверийн гудамжинд байх одоогийн байрлалдаа нүүж орсон юм. Тэр үед ЭСЯ-нд гурван америк ажилтныг оролцуулаад арав ч хүрэхгүй хүн ажиллаж байлаа. Улам бүр гүнзгийрч буй манай хоёр орны харилцааны тусгал гэлтэй, манай ЭСЯ одоо америкчууд, монголчууд нийлээд зуу хол давсан ажилтантай, Улаанбаатартаа томоохонд тооцогдох элчин сайдын яамдын нэг болжээ. Бүр эхнээсээ л манай ЭСЯны монгол ажилтнууд хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, нэн чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.

Хувийн зүгээс хэлэхэд, би анх Монгол дахь АНУ-ын ОУХА-ийн захирлаар (2001-2004), одоо Элчин сайдаар (2009-2012) нийтдээ таван жил гаруй хугацаанд Монгол Улсад ажиллаж, амьдрах завшаан тохиосонд үнэ хээр баяртай байдаг. Би улс орноо төлөөлөн, түүний төлөө зүтгэж яваагаараа бахархахын зэрэгцээ Монгол орны баялаг түүх, хүн ардынх нь найрсаг зочломтгой зан, өвөрмөц соёл, байгалийн үзэсгэлэнг бахдан биширч, гүнээ хүндэтгэж явдаг.

Дорнодоос Баян-Өлгий хүртэл бүх аймгаар аялж үзсэний хувьд эрчимтэй өөрчлөлтийн энэ цаг үед Монгол Улс байгаль орчноо хамгаалж, туулж өнгөрүүлсэн түүхээсээ хүч сэлбэн, ирээдүй рүүгээ итгэл дүүрэн алхахыг хүсэн ерөөж байна. Аливаа улс үндэстний амьдрал болоод бусад оронтой тогтоосон дипломат харилцааны түүхэнд 25 жил гэдэг богинохон хугацаа. Гэхдээ АНУ болон Монгол Улсын хувьд энэ 25 жил бол үйл явдлаар өрнүүн бөгөөд бидний харилцаа улам хөгжин бэхэжсэн он жилүүд байлаа.
Ирж буй он жилүүдэд бидний түншлэл цаашид улам өргөжин гүнзгийрч, улам бат бэх болно гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.