​АНУ, Хятадын худалдааны дайнд ялагч бий юү

АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны дайн сүүлийн өдрүүдэд ширүүсэв. Бараанд нь ногдуулсан татварыг Хятад улс заавал төлөх болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ахин дахин баталж буй ч түүний эдийн засгийн зөвлөх Л.Кудлов өнгөрсөн ням гарагт мэдэгдэхдээ Хятадаас худалдан авч буй аливаа барааны тарифыг АНУ-ын компаниуд л төлнө гэсэн юм. Тэгвэл ноён Трамп яагаад худалдааны дайн нь АНУ-д ашигтай, Сангийн яамны хөрөнгийг арвижуулж байна гэж ярьж байна вэ? Дайн ширүүсэх тусам хэн хамгийн их хохирох вэ?

Тарифын үнийг хэн төлөх вэ?
Cooley хуулийн фирмийн хуульч Кристоф Бондигийн баталж буйгаар Хятадын компаниуд бус харин АНУ-ын импортлогчид тарифын үнийг татвар хэлбэрээр АНУ-ын Засгийн газарт төлөх ажээ. Канад-Европын холбооны чөлөөт худалдааны хэлэлцээний үеэр Канадын Засгийн газарт зөвлөхөөр ажиллаж байсан К.Бондигийн өгүүлснээр эдгээр нэмэлт зардал цаашдаа АНУ-ын хэрэглэгчдэд илүү өндөр үнэтэй бараа, бүтээгдэхүүн болж очих бөгөөд “Тариф нь нийлүүлэлтийн сүлжээнд маш хүчтэй сарниулагч нөлөө үзүүлэх аюултай” гэнэ.

Худалдааны дайн Хятадад ямар нөлөө үзүүлэв?
Экспортын хэмжээ нь өнгөрсөн жил долоо орчим хувиар өссөн Хятад улс АНУ-ын худалдааны хамгийн том түнш хэвээр байна. Гэвч 2019 оны нэгдүгээр улиралд АНУ руу чиглэсэн худалдааны урсгал ес орчим хувиар буурсан нь худалдааны дайны сөрөг нөлөө илэрч буйг харуулав. “Бүтээгдэхүүнийг нь орлуулах бүрэн боломжтой зарим экспортлогч зах зээлээс арчигдсан. Учир нь АНУ-ын компаниуд өөр улсаас импортолж эхэлсэн юм. Гэвч тэдний ашгийн хэмжээ маш бага, тариф тэдэнд үнэхээр хүнд тусаж байгаа. Харин орлуулах, үйлдвэрлэхэд маш хэцүү бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Хятадын компаниуд үнээ бууруулаагүй байна. Яагаад гэвэл АНУ-ын импортлогчид тэднээс дэндүү хамааралтай” хэмээн Кэмбрижийн их сургуулийн худалдааны шинжээч Мередит Кроули өгүүлэв. Өөрөөр хэлбэл, борлуулалтын хэмжээгээ хэвээр хадгалахын тулд Хятадын компаниуд үнээ бууруулж эхэлсэн баримт, нотолгоо хараахан алга.

Худалдааны дайн АНУ-д ямар нөлөө үзүүлэв?
Д.Трамп болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ

Гуравдугаар сард хэвлэгдсэн хоёр ч судалгааны материалаас үзвэл 2018 онд Хятадын бараанд АНУ-ын ногдуулсан худалдааны тарифын бараг бүх үнийг эцэстээ Америкийн компани, хэрэглэгчид төлжээ. Нью-Йоркын Холбооны нөөцийн банкны эдийн засагчид болон Принстон, Колумбын их сургуулийн тооцоогоор бол гангаас эхлээд угаалгын машин зэрэг импортын бараанд ногдуулсан татвар нь АНУ-ын компани, худалдан авагчдад сар бүр гурван тэрбум ам.долларын нэмэлт татвар болж туссан аж.
Түүнчлэн Дэлхийн банкны ахлах эдийн засагч Пинелопи Голдбергийн ахалсан судалгаанд дурдсанаар бол худалдааны дайнд үзүүлсэн бусад улсын хариу арга хэмжээний балгийг АНУ-ын фермер, жирийн ажилчид хамгийн их хүртсэн байна. Чухам эдгээр хүмүүс 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трампыг голчлон дэмжсэнийг энэ ташрамд сануулъя.

АНУ-ын компаниуд өөр улсаас бараа, бүтээгдэхүүн худалдаж авч болохгүй гэж үү?
Хятадаас бараа импортолдог компаниуд өөр улсаас тухайлбал, Вьетнамаас эсвэл Америкийн үйлдвэрлэгчдээс худалдан авалт хийх хэрэгтэй гэж Д.Трамп мэдэгдсэн. Гэвч ингэх нь тийм ч амар биш гэж К.Бонди ярив. Тэрбээр “Үйлдвэрлэл болон өртгийн сүлжээг ахин зохион байгуулахад маш их хугацаа орохоос гадна зардал өндөртэй. Өнгөрсөн жил АНУ-ын ганд ногдуулсан тарифыг жишээ болгон авч үзье. Тариф тогтоосны дараа АНУ-д гангийн олон арван үйлдвэр байгуулагдаагүй” гэсэн юм.
БНХАУ дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчийн нэг, өрсөлдөгчид нь тэр хэмжээнд хүрэхгүй учраас Хятадыг орлох улс бараг байхгүй.

АНУ-ын тариф Хятадыг гэрээ байгуулахад хүргэх уу?
Тариф ногдуулах барааны төрлийг нэмэх нь Хятадыг хэлэлцээний ширээнд суухад хүргэж болох ч тэднийг эрс буулт хийнэ гэж үзэхгүй буйгаа М.Кроули илэрхийллээ. “Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, тус улс Америкаас авдгаасаа ихийг экспортолдог учраас худалдааны дайнд тэд илүү их хохирол амсана. Гэвч тэдэнд хууль, дүрмээ өөрчлөх сонирхол төдий л байхгүй болов уу. Байлаа ч гэсэн хууль зүйн соёл, орчин нь ийм өөрчлөлт хийх боломж олгохгүй” гэж тэрбээр нэмж хэлэв.

Худалдааны тариф хүссэн үр дүнд хүргэдэг үү?
Импортын хямд дугуйны улмаас АНУ-д ажилгүйдэл нэмэгдэж байна гэж дүгнэсний үр дүнд 2009 онд АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Хятадаас импортолж буй бүх төрлийн дугуйнд 35 хувийн тариф ногдуулах шийдвэр гаргаж байв. Гэвч дугуйн үнэ нэмэгдсэний улмаас 2011 онд Америкийн хэрэглэгчид 1.1 ам.тэрбум долларын илүү зардал төлсөн талаар Петерсоны олон улсын эдийн засгийн институтийн 2012 онд хийсэн судалгаа харуулсан.
Хэдий 1200 орчим ажлын байр хадгалж үлдсэн сайн нөлөө үзүүлсэн ч нөгөөтэйгүүр дугуйны үнэ өссөн учраас АНУ-ын хэрэглэгчид бусад төрлийн бараа худалдаж авах зардлаа бууруулсан бөгөөд энэ нь жижиглэн худалдааны салбарт ажиллагсдын тоог бууруулах далд нөлөө үзүүлсэн байна. Түүнчлэн эл арга хэмжээний хариуд Хятад АНУ-аас экспортолсон тахианы маханд дэмпингийн (бүтээгдэхүүн, үйлчилгээг өртгөөс нь хямд борлуулах) эсрэг татвар ногдуулснаар тус салбар нь нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээж байсан түүхтэй.



Хятадын үйлдвэрлэгчдэд ямар нөлөө үзүүлж байна вэ?
Видео тоглоомын удирдлагынхаа 85 хувийг БНХАУ-д үйлдвэрлэдэг Sky City 2K компанийн Анна Ким “Үнэнийг хэлэхэд би маш их зэвүүцэж байна. Учир нь энэ тариф Америкийн зах зээлийг бүрмөсөн устгах болно. Яагаад гэвэл манай ашгийн хэмжээ 12-12 цент л байдаг. Гэтэл 25 центийн тариф тогтоох нь манай ашгийг бүрмөсөн үгүй хийх юм” гэж өгүүлэв. Түүний компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Хонконг руу илгээж, дараа нь Европ, АНУ-ын Баруун эрэг рүү тээвэрлэдэг байна. Тариф тогтоохоос ч өмнө АНУ-ын гааль дээр шалтгаангүйгээр гацах гэх мэт олон саадтай тулгарч байснаа А.Ким дурдаад “Зах зээл их эртнээс муудсан. Манай борлуулалт эрс буурч, цаашид яахаа бид мэдэхгүй байна” хэмээн нэмж хэллээ. Харин Apple-ийн iPhone гар утасны хардвэрийг үйлдвэрлэдэг компанийн удирдах менежер “Хэрэв тариф Apple-д нөлөөлвөл бидэнд ч нөлөөлнө гэсэн үг” гэж өгүүлэв. Ухаалаг гар утас, хувцас, тоглоом, зарим төрлийн цахилгаан бараа зэрэг нь өмнөх тарифын жагсаалтад ороогүй байсан юм.
Эдгээр бараанд АНУ-ын ногдуулах тарифын үйлчлэл долдугаар сарын 10-аас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх магадлалтай байна. Түүнээс өмнө буюу зургадугаар сарын 28-29-нд Японы Осака хотод болох Их 20-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Д.Трамп болон Хятадын Ерөнхийлөгч Ш.Жиньпин уулзаж тарифын талаар ярилцана гэж шинжээчид үзэж байна.