АНУ-ын хэрэглэгчдийн хандлага

Шинэ жилийн үеэр АНУ-ын жижиглэнгийн худалдаачид худалдан авагчдыг татахын тулд цөхрөлтгүй, шургуу ажиллах хэрэгтэй болжээ. Олон дэлгүүр борлуулалтаа нэмэгдүүлэхээр зад хямдрал зарласан байна.

Өнгөрсөн онд тус улсын эдийн засаг тодорхой хэмжээгээр сайжирч, ажилгүйдлийн түвшин буурсан. Мөн үнэт цаас болон орон сууцны үнэ нэмэгдсэн зэрэг сайн үзүүлэлттэй байв. Гэхдээ америкчууд санхүүгийн хямрал болохоос өмнөх үеийнх шиг орлого олдог болтлоо нилээд хугацааг зарцуулах нь бололтой.

Хэрэглээний зардал нэмэгдэж, хувийн хэрэглээ сүүлийн есөн сарын хугацаанд тасралтгүй өссөнийг Засгийн газрынх нь тоо баримт харуулж буй. Гэхдээ хэрэглэгчид дэлгүүрт “шоппинг хийх” маягаар хамаа намаагүй мөнгө үрэхээ больсон аж. Хэдийгээр эдийн засаг овоо сэргэж буй ч жижиглэнгийн худалдаачид бараа, бүтээгдэхүүнээ борлуулахад хүндрэлтэй л байх шинжтэй.

ShopperTrak дата компанийн захирал Билл Мартин “Бид хувьслын үйл явцын аль нэг хэсэгт явж байна. Америкчүүд онлайн худалдаанд илүү мөнгө зарцуулаад байх шиг. Тэд худалдан авч байгаа зүйлдээ илүү нухацтай ханддаг болж байна” гэжээ. Тус компани 60,000 орчим дэлгүүрийн ашиг, орлого, үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг юм байна.

Том дэлгүүрүүдийн хувьд ашиг нь тааруухан байгаа аж. Тухайлбал, 100 ам.долларын борлуулалтаас ердөө л 3.37 ам.долларын ашиг гаргаж буй. Энэ нь хамгийн доогуур ашигт тооцогдож буй. Харин 1992 онд 9 ам.долларын ашиг олдог байжээ. Том дэлгүүрүүд зах зээлд эзлэх хувиасаа 0.28 нэгж хувийг алджээ.

Хүмүүс аялал жуулчлал зэрэг үйлчилгээнд илүү их мөнгө зарцуулах хэрэгтэй болжээ. Учир нь онгоцны тийз, зочид буудлын үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Түүнчлэн зурагт, ухаалаг гар утас, таблет зэрэгт зориулан кино татах болон бусад контентийн төлбөр ч нөлөөлж буй. Мөн спортын тэмцээн, парк, кино, концерт үзэх төлбөр, хураамж нэмэгдсэн байгаа юм.

Үйлчилгээний зардал өнгөрсөн арваннэгдүгээр сард 7.1 их наяд ам.долларт хүрч, бүх хэрэглээний хамгийн том хэсгийг бүрдүүлж байгаа талаар АНУ-ын Худалдааны газраас мэдэгджээ.