АНУ-ын цагаачлалын визний хоригт Монгол багтав

Mongolian Economy
2026-01-15 17:11:40
Ангилал: Нийгэм
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш цагаачдын эсрэг хатуу ширүүн арга хэмжээ авч эхэлсэн Д.Трамп ээлжит хоригоо зарлалаа.
Түүний засаг захиргаа дэлхийн 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгох үйл явцыг энэ сарын 21-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоож байна. Энэхүү хоригт Бразил, Колумб, Уругвай зэрэг Латин Америкийн, Босни, Албани зэрэг Балканы, Казахстан, Киргизстан, Узбекистан, Монгол зэрэг Төв Азийн, түүнчлэн Африк, Ойрхи Дорнод, Карибын тэнгисийн орнууд багтжээ. Ажиллах, АНУ дахь гэр бүлдээ очих зорилготой цагаачлалын ангиллын визанд уг хориг хамаарах бол оюутан, жуулчны зэрэг цагаачлалын бус визанд хамаарахгүй юм.
Тэр дундаа энэ зун АНУ-д болох хөл бөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр очих жуулчдад энэ хориг үйлчлэхгүй.
“АНУ-ын нийгмийн халамжийн системд ачаалал үүсгэх, мөн Америкийн ард түмний өгөөмөр, сайхан сэтгэлийг зүй бусаар ашиглах эрсдэлтэй иргэдэд цагаачлах эрх олгохгүй байх бүрэн эрх мэдлээ АНУ-ын Төрийн департамент ашиглаж байна” хэмээн Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт мэдэгдсэн байна.
Д.Трампын засаг захиргаа сүүлийн саруудад АНУ-ын томоохон хотуудад хууль бус цагаачдын эсрэг томоохон кампанит ажиллагаа явуулсан нь цагаач болон АНУ-ын иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсаар буй. Түүнчлэн өндөр ур чадвартай ажилтнуудын H-1B визний төлбөрийг нэмэгдүүлэх зэргээр хууль бус төдийгүй хууль ёсны цагаачлал хүсэх процессыг ч хүндрэлтэй болгоод байна.

Mongolian Economy