АНУ-ын эдийн засаг ирэх онд сэргэнэ

АНУ-ын ДНБ энэ оны гуравдугаар улиралд 4.1 хувиар өссөн талаар тус улсын Худалдааны газраас мэдээлэв. Үүний дүнд Dow Jones болон S&P 500 индекс огцом өсчээ.

Ерөнхийлөгч Обама сүүлд тавьсан илтгэлдээ “Энэ он эхэлж байх үеийг бодвол оны төгсгөлд бид илүү хүчирхэг эдийн засагтайгаар шинэ онтой золгох гэж байна. Олон америкчууд ажил, орлоготой болсон нь сайн хэрэг” гэжээ. Эдийн засгийн гуравны хоёрыг хэрэглээний зардал бүрдүүлдэг. Энэ нь өсөлтөд томоохон байр суурийг эзэлж байгаа аж. Мөн бизнесийнхний зардал урьдчилсан тооцоолсноос өндөр үзүүлэлттэй байв.

Холбооны нөөцийн банк эдийн засгийн өсөлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлсээр иржээ. Уг хөтөлбөрийн хүрээнд сар бүр 85 тэрбум ам.долларын бонд худалдан авдаг байна. Үнийн дүнг цаашид сар бүр 10 тэрбум ам.доллараар бууруулахаар шийдвэрлэжээ. Учир нь тус улсад эдийн засаг сайжирч, ялангуяа ажилгүйдлийн түвшин буурч байгаатай холбоотой аж.