Анхны “амьд робот”-ыг бүтээв

Mongolian Economy Mongolian Economy
2020-02-07 14:44:22

Тэд энгийн үйлдэл хийхээс гадна хожмын нэг өдөр өөрийгөө хувилах боломжтой болно.

Дэлхий дээр зүсэн зүйлийн робот бий. Зарим нь хүн төрхтэй. Зарим нь амьтантай төстэй. Ихэнх нь үйлдвэрийн шугамд зогсоо зайгүй ажилладаг төмөр гарнууд. Роботууд биологийн бус механик төхөөрөмжүүд гэдгээрээ ижил. Тэднийг метал, хуванцраар  бүтээж, төрөл бүрийн чип, цахилгаан хэлхээгээр тоноглодог. Гэвч цаашид ийм байхаа болих цаг айсуй. АНУ-ын хэсэг судлаач биологийн эсийг ашиглаж шинэ  төрлийн организм бүтээх арга нээсэн байна. Ийм организм нь олон төрлийн үүрэг гүйцэтгэх боломжтой төдийгүй нэг л өдөр өөрийгөө хувилах чадвартай болж мэдэх.

Амьд организмыг өөрчлөх, шинэчлэх хэд хэдэн арга зам бий. Үржил селекцийн аргаас гадна биотехнологи нь хөдөө аж ахуй, цэцэрлэгжүүлэлтийн салбарт шинэ ургамал, амьтны үүлдэр угсаа бий болгох түгээмэл аргад тооцогддог. Түүнчлэн эм турших, эрхтэн шилжүүлэн суулгах зорилгоор эрхтэн ургуулах аргыг олж нээхээр эрдэмтэн, судлаачид чармайн ажиллаж буй.

Харин Вермонтын их сургуулийн Жошуа Бонгард, Массачусетс дэх Тафтсын их сургуулийн Майкл Левин эдгээрээс тэс өөр, шинэ арга нээжээ. “Proceedings of the National academy of Sciences” сэтгүүлийн нийтлэлээс үзвэл тэд органик роботын эсийн бүрэлдэхүүн хэсгээр робот бүтээх загварчлал бүтээсэн бөгөөд тэрхүү загварыг Африкийн Xenopus laevis гэх мэлхийн үүдэл эстэй нэгтгэсэн байна. Доктор Ж.Бонгард, М.Левиний бүтээсэн ердөө нэг миллиметрийн хэмжээтэй эл хиймэл организм (тэд бүтээлээ зенобот гэж нэрлэсэн) тавган дээрх үртэс түлхэх зэрэг энгийн үйлдэл хийж чадна. Бие даан хөдөлгөөн хийх чадамжтай, төрөл бүрийн үүрэг гүйцэтгэх эсүүд агуулдаг учраас зенобот нь биологийн хувьд организм гэсэн тодорхойлолттой тун дөхнө. Хэдий зеноботын боломж одоогоор хязгаарлагдмал боловч цаашдаа олон үүрэг гүйцэтгэдэг болох бүрэн боломжтой аж. Тухайлбал, хүний эсээр үүсгэж, бүтээсэн ботыг ийм аргаар хувиргаж, артерийн судасны бөглөрсөн хана цэвэрлэх эсвэл хорт хавдар илрүүлэхэд ашиглаж болно. Түүнчлэн олон тооны ботыг далай тэнгис дэх хуванцар хог хаягдлыг цэвэрлүүлэх зэргээр хүрээлэн буй орчны бохирдол, хортой хог хаягдлыг илрүүлэх, идэж устгах зорилготой програмчилж болох ажээ.

Ботын загварчлалыг бүтээхийн тулд Ж.Бонгард, М.Левин эрс шинэчлэгч алгоритм гэж дүгнэж буй компьютерийн програм ашигласан. Эл програм тодорхой үүрэг гүйцэтгэх эсийг бий болгохын тулд олон мянган хувилбарыг виртуал байдлаар үүсгэдэг юм. Улмаар тэдгээр хувилбарыг зенопус эсийн биофизик чанарыг ашиглаж, тухайн үйлдлийг гүйцэтгэх боломжтой эсэхийг нь туршжээ.

Эрдэмтдийн туршилтын үр дүнгээс үзвэл бот нь өөрт буй мэлхийн зүрхний булчингийн эсийг ашиглаж тавагны гадаргуу дээр хөдөлж байсан аж. Нэг бот үртэс түлхэхээс гадна  үлэг бот нь тойрог болж хөдлөх, үртсийг тодорхой хэлбэрээр цуглуулах зэрэг үүргийг хамтач байдлаар гүйцэтгэсэн нь анхаарал татжээ. Чухам хэрхэн ийм зүйл болж буй цаад шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. “Эсүүд бидний огт мэдэхгүй аргаар бие  биедээ дохио өгдөг байх боломжтой” гэж Ж.Бонгард тайлбарлав. Тэрхүү боломжийг судлах нь түүний багийнхны цаашдын гол зорилго аж.

Зеноботыг практикт ашиглахын тулд хялбар аргаар бүтээх шийдэл олох шаардлагатай. Одоогоор бичил мэс заслын аргаар буюу эрдэмтэд олон цагийн турш микроскопын ард сууж, жижиг хямсаагаар бот тус бүрийг “байрлуулж” буй. Түүнчлэн эл шинэ организмыг шинэчлэх, “амьдруулах” арга олох ёстой. Зенобот одоогоор дээд тал нь хоёр долоо хоног амьдарч буй. Энэ нь тэднийг хооллох тусгай аппарат байхгүйтай холбоотой. Аюулгүй байдлын хувьд энэ нь сайн мэдээ юм. Нөгөөтэйгүүр, арваас олон хоног  амьдардаг бот илүү үр ашигтай учраас судлаачид насыг нь уртасгах арга хайна гэдгээ мэдэгдээд байна.

Өөр нэг маргаан дагуулж мэдэх санал бол зеноботуудад үржлийн эрхтэн суулгах тухай юм. Хэрэв үржлийн эрхтэнтэй болвол зеноботууд өт шиг өөрсдөө хоёр хуваагдах гэх мэтээр маш хялбар аргаар үржиж, олшрох боломжтой болно. Гэхдээ зенобот хүний хараа, хяналтаас гарч байгальд ямар ч хяналтгүй өсөж, үржих нь таагүй үр дүн авчрах магадлалтай.

Энэ бүх сорилт, асуудлыг тооцож үзвэл ирээдүйд бий болох амьдралын төрөл бүрийн хэлбэрийг бүтээх үйл явцыг зохицуулахад бодлого боловсруулагчидтай зайлшгүй хамтран ажиллах шаардлагатай гэж доктор Ж.Бонгард үзэж байна.

The Economist сэтгүүлээс олгосон лицензийн дагуу Mongolian Economy орчуулав.

Mongolian Economy

Mongolian Economy