АН хэнээр “туг тахих” вэ

Монголын улс төр таагүй байна. Жил бүрийн хаварт ийм үзэгдэл давтагддаг жишиг тогтоод удлаа. Н.Алтанхуягийн Засгийн газар ганхаж эхэллээ гэсэн мессэж нийгэмд хэдийнэ бий болоод байна. Энэ нь Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Давхар дээл”-ийг дан болгох тухай хуулийн төслөөс үүдэлтэй. 2012 оны сонгуулийн дараа шинээр бүрдсэн хамтарсан засгийн газрын 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхт албан тушаалыг давхар хашдаг. Энэ нь ашиг сонирхлын зөрчил бий болгож байна гэж сөрөг хүчнийхэн үзэж байгаа. УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнө дээрх яриа хүчээ авсан ч тэгсхийгээд замхарсан.
Гэтэл сөрөг хүчин ч бус АН-ын зарим бүлэг, фракц Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг хоёр гараа өргөөд дэмжиж буй аж. Уг нь, Н.Алтанхуяг танхимаа байгуулахдаа бүх бүлэг фракцдаа албан тушаал өгч, аавын хүү, ээжийн охины алийг нь ч гомдоолгүй бялуугаа эн тэнцүүхэн хуваасан. Эдийн засагт үүсээд буй нөхцөл байдал болон зарим асуудалд санал нэгдэхгүй байгаа нь АН-ынхныг тогоон дотроо хагаралдаж, тэмцэлдэхэд хүргэсэн гэх. Хэлж зааварласныг нь дагуу явахгүйгээр намынхаа нэрийг хөөдөж буй зарим сайд нараар “туг тахиж” өөрсдөө цэвэр үлдэхийг ч санаархсан хүмүүс бий гэсэн.
АН-ын бүлэг өчигдөр “давхар дээл”-ний асуудлаар хаалттай хуралдаж, хэрхэх талаараа нэгдсэн шийдэлд хүрснийг зарим эх сурвалж хэлж байна. Тэдний дунд Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахгүйгээр ажлаа муу хийсэн Уул уурхайн сайдаас эхлүүлээд 4-5 сайдыг огцруулах яриа гарсан аж. Уг асуудлыг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэхэд “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авлаа. Тэдэнд энэ талаар судлах, нягтлах шаардлага бий гэнэ. Асуудлын гол нь өөр зүйлд байгаа тухай бор шувуу саарал ордноор ниссээр. АН хамтаръя гэж удаа дараа санал тавьж тус эвсэлтэй Засгийн газар байгуулчихаад нөхцөл байдал ийм дээрээ тулахаар эрээ цээргүй аашилж, ханилж яваад нөхрөө хаях гэж буй гэх. Тэд дуугүй сууж байгаад жийгдэхгүйн тулд ямар тактик ашиглахаа тав хоногийн турш бодож, журмын нөхөдтэйгээ ярилцахаар ийн завсарлага авсан гэх мессэж таржээ.
Харин сөрөг хүчнийхэн уг хуулийг нэн даруй баталж, ирэх долдугаар сарын 1-нээс мөрдүүлэх ёстой гэж үзэж буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Бид цаг үеийн бүтээгдэхүүн гэдгээ сайн мэдрэх ёстой. Улс төр цаг үеэ дагах учиртай. Нийгэм, ард түмэн сайд, гишүүний албыг салга гэсэн шаардлага тавьж байна. Буруу зүйлээ дахиад хоёр жилээр хойшлуулж хэрэгжүүлэх гэж зүтгэх нь логикийн хувьд ойлгогдохгүй байгаа. Бид ирэх долдугаар сарын 1-нээс хуулийг хэрэгжүүлье, энэ хүртэл бүх асуудлаа эмхэл гэсэн хугацааг эрх баригчдад өгч байгаа. Хууль, улс төр, практик талаасаа үүнийг шийдэх цаг болсон. Албан тушаалыг давхардуулах нь эрх мэдлийн хуваарилалтын хувьд буруу жишиг болохыг амьдрал харууллаа” гэв. Тэд 2000 оны Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийн нэг болох УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдаар ажиллаж болно гэж өөрсдөө олонхиороо баталсан. Үүнийгээ алдаа байсныг амьдрал харуулж буйг ойлгосон гэж тайлбарлах.
Хэрэв намын бүлгүүд ойлголцолд хүрэхгүйгээр ирэх долоо хоногийн чуулганаар энэ асуудлаар санал хураавал “давхар дээл”-тэй сайд нар үлдэж чадах уу. МАН ирцээ сайн бүрдүүллээ гэхэд 25-уулаа. Харин АН 34, “Шударга ёс” эвсэл 11-үүлээ. Тэгэхээр АН, эвсэл хоёр тохиролцож чадвал “давхар дээлтнүүд” 2016 он хүртэл санаа амар байж болох нь. Гэхдээ л улс төрийн бүлэг, фракц хагаралтай байгаа энэ үед Н.Алтанхуягийн Засгийн газар одоогийн бүрэлдэхүүнээрээ ажиллах нь юу л бол. Эцсийн дүндээ үүнээс ард түмэн, бизнес эрхлэгчид л хохирно. Улс төрд найз гэж байдаггүй ч тэд бидний эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёстойгоо мартаагүй баймаарсан.