Ардчиллын "аав"-ууд Монголд

Улаанбаатар хотод хол, ойрын 1000 гаруй гийчин дөрөө мултлах гэж байна. Эдний дунд урьд өмнө манайд хөл тавьж үзээгүй нэгэн байхад, ийм улс байдаг гэдгийг сонсохоос цаашгүй зочин байхыг үгүйсгэх аргагүй юм. Тэдний ирэх болсон шалтгаан нь Монголын 23 “настай” ардчилалтай танилцах.

Манайх хэдий ардчиллын өлгий нутаг биш ч гэлээ түүнийг өнгөрсөн хугацаанд нутагшуулж амжсан нь бас бидний том бахархал гэмээр. Монголын “хонхны дуу”-тай ардчиллаас санаа авч, харилцан ашигтай туршлага солилцох дээд хэмжээний уулзалтад оролцох төлөөлөгч нар хүлгийн жолоогоо Чингисийн Монгол зүг заллаа. Нийт 140 гаруй орны бие төлөөлөгч ар араасаа цуварсаар буух нь ээ.

Бүгд найрамдах Нигер улсын Ерөнхийлөгч, Тайландын Ерөнхий сайд, Коста Рика улсын тэргүүн дэд ерөнхийлөгч гээд тэр бүр үзэгдээд байдаггүй зочид Монголд ирэх гэж байна. Үүнээс гадна Мьянмар улсын Үндэсний ардчилсан лигийн тэргүүн, Нобелийн Энхтайвны шагналтан Ан Сан Сү Чи оролцохоо мэдэгдсэн.

“Азийн цагаан дагина” утаа, тортогноосоо дөнгөж салж, тоос шорооныхоо улиралтай золгож байна. Хэнз ногоо цухуйх цаг айсуй ч хир буртаг нь арилаагүй Улаанбаатар энэ сарын 26-29-нд болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд хэрэндээ л бэлтгэж, өнгө үзэмжиндээ анхаарч байна.

Дэлхийн 140 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг манай улс 2011 оноос даргалах болсон. Тус нийгэмлэгийн сайд нар хоёр жилд нэг удаа нэгнийдээ уулздаг уламжлалтай. Тиймээс энэ жил Монголд морилон саатах гэж байна.

Ардчиллыг хөгжүүлэх, дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай дээд түвшинд ярилцаж, харилцан туршлага солилцдог. Энэ удаагийн бага хурал далайн түвшнээс дээш 1310 метрийн өндөрт болох гэж байгаа нь бас онцлог юм.