Ардчиллын “баруун гар”
“Хамгийн сайн машин, гар утас үйлдвэрлэдэг, амьжиргаа сайтай, ард түмэн нь амар амгалан амьдарч буй улсуудыг нэрлээрэй”. Эл асуултыг Үндсэн хуулийн эцэг, нэрт хуульч Б.Чимид агсан нэгэн удаа оюутнуудтай уулзахдаа асуужээ. Нийтлэлийнхээ эхэнд энэ асуултыг уншигч танд ч тавъя. Дэлхий дээр эл асуултын “биелэл” болсон 40 гаруй улс бий. Бүгд өөр өөрийн ялгаатай түүх, хөгжлийн зам мөртэй боловч гурван гол шинж чанар тэднийг нэгтгэдэг. Тэр бол хууль, хувийн өмч, шүүх. “Энэ бүх улс улс орон хуулиа ягштал дагадаг, хуулийн засаглал дор амьдран суудаг. Эдгээр улсын бүх иргэн, дарга цэрэг гэлтгүй бүгд хуулиндаа захирагдаж, хуулийнхаа өмнө сөгддөг” хэмээн Б.Чимид агсан өгүүлжээ.
Социалист нийгмийн үед яаж ч “чардайгаад” хөгжингүй, амар амгалан улс болоогүй нь тэр үед хүмүүст хувийн өмч байгаагүйтэй холбоотой байх нь. Харин ардчилсан хувьсгал ялснаар энэ гурван тулгуур бүрдэх эхлэл тавигдлаа.
1990 оноос шинэ Монгол Улсын эдийн засаг, нийгмийн бүхий л салбар тэр чигтээ шинэчлэгдэж эхлэв. Тэрхүү шинэчлэлийн түүчээ нь Үндсэн хууль байлаа. Ардчилсан хувьсгалын дараа Үндсэн хуулиа шинээр батлах үйл явц эхэлж, хуулийн төслийн талаар ард түмнээс санал авч, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа хэлэлцээд Ардын Их Хурлын 430 депутат 76 хоног оюун бодол, эрдэм ухаанаа уралдуулсны эцэст баталсан юм. Тэр бол 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр.
Улмаар 1992 оны сонгуулийн үр дүнд 76 гишүүнтэй байнгын ажиллагаатай анхны парламент байгуулагдав. 1992-1996 оны УИХ манай улсын парламентын хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд бүрэн эрхийнхээ хугацаанд 137 хууль шинээр баталж, 142 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Ийнхүү ардчилсан нийгэмд хөл тавьсан монголчууд хуулийн дор амьдарч, хөгжингүй ардчилсан улс байгуулах замдаа эргэлт буцалтгүй орлоо. 1996 оноос хойших үе үеийн УИХ багадаа 87, дээд тал нь 173 хууль шинээр баталж, нийгэм, эдийн засгийн бүхий л харилцааг зохицуулах боломж бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулжээ.
Сүүлийн 30 жилд батлагдсан голлох хуулиудын талаар хууль зүйн доктор Ч.Өнөрбаяр “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, иргэдийн хувийн өмчийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан хуулиуд, төр засагт шинэтгэл хийхийг оролдсон Нийтийн сонсголын тухай хууль, Шилэн дансны тухай хууль зэрэг олон хууль нэрлэж болно. Дээр нь мэдээжийн хэрэг Монгол Улс цаазын ялгүй болсон нь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, хамгаалах талаасаа томоохон ололт болсон” гэж онцлов. Харин хуульч Д.Оросоо “Шинээр батлагдсан Иргэний хууль, Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хууль, Татвар төсөвтэй холбоотой хууль тогтоомж, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль гээд олон хуулийг дурдаж болно” гэсэн юм.
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох legalinfo.mn вэб сайтад Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нийт 728 хууль бүртгэлтэй байна. Б.Чимид багшийн хэлсэнчлэн хуультай, хувийн өмчтэй, шүүхтэй болсны ач гавъяа гарсан нь ч бий, гараагүй нь ч бас бий. Яагаад гараагүй талаар иргэдэд олон хариулт (эргэлзээ) бий байх. Хууль зүйн салбартай холбогдуулан авч үзвэл олон хууль батлаад хангалттай үр дүн гараагүй нь илт болов. Эл шалтгааны талаар Ч.Өнөрбаяр “Цаасан дээр сайн хууль бичиж болох ч түүнийг амьдралд үр нөлөөтэй хэрэгжүүлэх нь амаргүй болохыг бидний 30 жилийн алдаа, оноо харуулж байна. Гутал хаанаа барьж байгааг гуталчин хэлдэггүй, гутлыг өмсөж буй хүн хэлдэг гэдэг шиг УИХ-ын баталсан хуулиудыг иргэндээ ээлттэй, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадамжтай байна уу, үгүй гэдэгт нэг том дүн шинжилгээ хийх цаг нь болсон” гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, бид хуулийн чанарт болон иргэн бүр, тэр дундаа эрхтэн дархтнууд, эрх баригчид хуулиа бүрэн дүүрэн хэрэгжүүлж байгаа эсэхэд анхаарал хандуулах цаг иржээ.
Нэг л жишээ хэлье. Ардчиллын “баруун гар” болсны гол учир нь тухайн иргэн гэм зэмтэй нь шүүхээр тогтоогдоогүй байхад түүнийг хэрэг хийсэн мэт олон нийтэд ярьж, зарлахгүйд оршдог.
Өнөөдөр энэ байдал манайд алдагдсан. Тийм ч учраас Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Гэмт хэргийг илрүүлж, шүүхэд нотолж, ял зэмийг нь шударгаар ногдуулна гэхээс илүүтэйгээр гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүнийг барьж, хорьдог, өөрөөр нь хэргийг нотлуулах гэж оролддог. Социализмын үед Вешинскийн арга гэгдэж, социалист хуулийн нотолгооны онол шахуу болсон арга барил. Энэ арга барил дээр нэмэгдээд сүүлийн үед газар авч байгаа бас нэг аюултай муу туршлага бол хүнийг барьж хорьж мөрдөхөөс гадна хэвлэлээр гүжирдэн харлуулж, шившиглэн, тэр олны сэтгэгдлээр буцаагаад яллах гэж оролддог явдал” гэж ярьсан удаатай.
Ер нь хууль зүйн салбарын шинэчлэл сүүлийн жилүүдэд иргэдийн анхаарлыг ихэд татах болсон. Шинэчлэлтэд хамгийн хойрго салбарын нэгээр нэрлэгдэх дээрээ ч туллаа. Эл салбарыг юу муухай харагдуулж байгааг Х.Тэмүүжин таван асуултаар тодорхойлж байв. Нэгдүгээрт, хууль иргэнээ хамгаалж байна уу, эсвэл эрх ямбатай дарга нарыг хамгаалж байна уу? Хоёрт, иргэн, хүнийг аюул ослоос сэргийлдэг тогтолцоо бүрдүүлэв үү? Гуравт, хууль авлигатай тэмцэж байна уу, эсвэл авлигачдаа хамгаалж байна уу. Дөрөвт, хууль хүн бүрт жигд үйлчилж байна уу, алагчилж байна уу? Тавдугаарт, жирийн монгол хүн хөгжиж, дэвжихэд хууль тус болж байна уу?
Нэгийг бодогдуулах түүний эл асуултуудаас хууль, шударга шүүх, шударга ёс, шударга иргэн гэдэг ардчилсан нийгмийг цогцлооход, өндөр хөгжилтэй улс болоход асар чухал үүрэг гүйцэтгэдэг нь ойлгогдоно.
Энэ бүхнээс шалтгаалж ардчилал оршин тогтнох нэг гол үндэс болсон шүүх засаглал, хууль ёсонд эргэлзэх хүмүүс олширч, иргэдийн дунд эргэлзээ төрөх, харин улс төрд популизм соёолох эрсдэл үүсэв. Зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн олон оронд ийм үзэгдэл “тэнүүчлэх” болсон.
Энэ тухай доктор Ч.Өнөрбаяр “Популизм бол төлөөллийн ардчиллыг дагалддаг мөнхийн сүүдэр. Одоо жаахан хурц хэлбэр рүүгээ орох гээд байх шиг байна. Тиймээс анхаарах ёстой асуудал” гэлээ.
Дэлхий улам хавтгай болж, Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын чимээ хол биш ойр цуурайтаж, хиймэл оюун, финтек, санхүүгийн цоо шинэ бүтээгдэхүүн бий болж буй өдгөө цагт Монгол Улс ч энэ бүх хөгжлөөс хоцрохгүйн тулд эрх зүйн системээ үргэлж шинэчилж байх ёстой. Хууль эрх зүйн ямар баримт бичиг заавал батлах шаардлагатай гэж үзэж байгаа талаарх асуултад хуульч Д.Оросоо “Арилжааны бие даасан хууль гаргах нь эдийн засаг, бизнесийн хөгжилд цаашид чухал түлхэц болно” гэж онцолсон юм.
Гэвч аливаа хөгжил дэвшил саад бэрхшээл, сорилт саадгүйгээр урагшлах нь үгүй. Ардчиллын өлгий гэгдсэн улсууд өдгөө ч засаглалын, хуулийн, шүүхийн асуудлаа бүрэн цэгцэлж чадаагүй явна. Бид гагцхүү хуулиа дээдлэх, хуулинд бүгд ижил захирагдах суурь зарчмаасаа ямар ч үед холбирохгүй л явах ёстой.
Б.Чимид агсан дээр дурдсан уулзалтынхаа үеэр “Монгол Улс маань энэ 40 орны тоонд багтаад ороод ирэх бүрэн боломжтой. Хэзээ нэгэн цагт гэж, алс холын ирээдүй ярьж байгаа юм биш шүү. Залуус та нарын амьдралд ороод ирэх боломжтой” гэж урам хайрлсан байдаг. Тэр залуусын үе өнгөрөөгүй байгаа дээр 40 орны нэг болоход хуулийн шинэчлэл асар чухал үүрэгтэйг эцэст нь дурдъя.