Ардчилсан нам Засгаас гарах болсонд Ерөнхий сайд харамсал илэрхийллээ

Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд өнөөдөр мэдээлэл хийлээ. Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах болсноо Ардчилсан нам мэдэгдсэнтэй холбогдуулан Засгийн газрын тэргүүн ийн мэдээлэл хийх болсон юм. “Өнөөдөр Ардчилсан намын удирдлагуудаас хийсэн мэдэгдэлтэй холбогдуулаад хамтарсан Засгийн газрын тэргүүн, МАН-ын даргын хувьд тодорхой хэдэн зүйлийг хэлэх нь зүйтэй хэмээн бодож байна. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өчигдөр надтай уулзаж, хамтарсан Засгийн газраас гарах тухай санал бодлоо хэлсэн. Хамтарсан Засгийн газрын тэргүүний хувьд бидний өмнө тавьсан зорилт, хийж дуусгах ёстой олон зүйл байгаа. Ард түмэн, улс эх орныхоо хөгжлийн эрх ашгийн үүднээс хамтарсан ажлаа дуусгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа би тэргүүн шадар сайдад тавьсан. Өнөөдөр АН-ын удирдлагууд мэдэгдэл гаргаж 2012 оны улс төрийн сонгуультай холбогдуулж хамтарсан Засгийн газраас гарах бодолтойгоо илэрхийллээ. Тэдний хийсэн энэ мэдэгдэлд харамсч байна. Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэдэг үг байдаг шүү дээ.

Гайхахаар алхам боллоо гэж улстөрчийн болоод хувь хүний хувьд дүгнэж байна. 2008 оны сонгуулийн үр дүнд МАН олонхийн суудлыг авсан. 76 суудлаас 46-г нь авсан. Улс эх орныхоо томоохон асуудлыг хамтдаа шийдвэрлэе, хамтарч байж ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлж чадах юм байна, эв нэгдэлтэйгээр томоохон асуудлуудыг улс эх орныхоо эрх ашгийн үүднээс шийдэж чадах юм байна гэж АН-ыг Засгийн газар байгуулахдаа урьсан.

Ардчилсан нийгэмд хамгийн дээд ардчилалтайгаар Засгийн газрыг хамтарч байгуулсан нэг хэлбэр байлаа. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат ардчилсан засаглалыг байгуулах нь зүйтэй хэмээн ярьсан байна. Харин ч МАН-ын санаачилгаар бид хамгийн ардчилсан, хамтарсан, зөвшилцсөн засгийг байгуулсан. Эцсийн зорилго маань хамтарч тодорхой зорилтууд өмнөө дэвшүүлээд, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгож, түүнийгээ хэрэгжүүлье. Энэ ажил маань улс орны эдийн засгийг үсрэнгүй хөгжлийн төвшинд гаргаж ирнэ гэдэгт итгэлтэй байсан. Ийм төвшинд ч ажиллаж, өндөр хөгжлийн суурийг тавьсан байгаа. Бид хамтарч санхүү эдийн засгийн том хямрал, өвлийн хүнд зуд турханыг хамтдаа даван гарч чадсан. Эдийн засгийн том хямралыг давж эдийн засгаа 20 хувь хүртэл өсгөж чадсан гээд олон ажлуудыг бид хамтдаа хийсэн. Цаашид хийх шийдвэрлэх олон чухал асуудлууд хүлээгдэж байна. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал нь гэж ярьдаг. Зорилгоо бид дуусгах ёстой гэж бодож байна.

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны биелэлт 82 хувьтай байгаа. Үлдсэн хугацаанд биелэлтээ бүрэн хэрэгжүүлэхийг ард түмэн хүлээж харж байна. Яг энэ агуулгаар бид хамтарч ажиллах ёстой гэж үзэж ирсэн. Өнөөдөр АН-ын нөхдүүд маань ҮЗХ-гоороо ярьж эцсийн шийдвэрээ гаргана гэсэн байна билээ. ҮЗХ-гоороо хариуцлагатай нухацтай ярих байх гэж итгэж байна. Улс орныхоо хөгжлийн том асуудлуудыг улс төрөөс илүүд үзэж, өмнө нь тавьж чадна гэдэгт итгэлтэй байна. Тэгж ч ойлгож байгаа. 2008 онд бид сонгуулийн үр дүнгээр ажиллах биш, харин ард иргэд,эдийн засаг нийгэм улс орныхоо хөгжлийн үр дүнгээр ажиллах ёстой гэдгийг суурь болгож ирсэн байгаа. Цаашид ч гэсэн дээрх зарчмаа барьж ажиллана гэдгээ хэлэх нь зөв гэж бодож байна. Бид хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа зөвхөн улс төрийн шийдлээс гадна эрхзүйн шийдэл гаргасан түүхтэй. Хамтарсан Засгийн газрыг байгуулах тухай гэрээ байгаа.

Гэрээндээ хоёр нам улс төрийн сонгуульд тусдаа орж болно гэж тусгасан байдаг. Орох ч ёстой. Бид ингэж ч үзэж байгаа. Гэхдээ улс орныхоо хөгжлийн эрх ашгийн төлөө дэвшүүлээд тавьчихсан том зорилтуудаа хамтдаа шийдэж , ажиллах тухай гэрээндээ тусгасан.
Өөрөөр хэлбэл дараагийн бүрэн эрх бий болтол буюу шинэ УИХ бүрэлдэх нөхцлийг хүртэл хамтарсан Засгийн газар ажиллах боломжтой гэж гэрээнд заасан байгаа. Нөгөө талаасаа хамтарсан Засгийн газар байгуулахдаа хоёр нам зөвшилцөж байж, онцын чухал асуудал үүсвэл зөвлөлдөх хороогоороо ярилцаж шийдвэрлэнэ гэсэн заалт ч гэрээнд байгаа. Тийм учраас гэрээний асуудлаа ч гэсэн нухацтай авч үзэх байхаа гэж бодож байна” хэмээн Ерөнхий сайд С.Батболд мэдэгдлээ.