“Ард санхүүгийн нэгдэл”-ийн шийдвэр ба сюрпризүүд

Ард санхүүгийн нэгдэл ХК бол Монголын хөрөнгийн зах зээл дээр ажлын өвөрмөц арга барилтайгаар содон тоглолт хийн гарж ирж буй компани. Энэ компанийн бусдаас ялгарах гол онцлог нь нээлттэй байдал бөгөөд үүнийг илэрхийлдэг зүйл бол хувьцаа эзэмшигчдийнх нь хурал. Аливаа компанийн үйл ажиллагааны чанар, өрсөлдөх чадварыг засаглалын хэмжүүрээр голчлон үнэлдэг болсон өнөө үед ийм нээлттэй байдал нь хувьцаа эзэмшигчдэд төдийгүй олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад эерэг мэссэжийг өгч байгаа юм. Ард санхүүгийн нэгдэл ХК-д 30 хувиа зарсан төрийн өмчит Монгол Шуудан ХК-ийн үйл ажиллагаа харьцангуй нээлттэй болж ирж буй нь үүний нэг тод жишээ юм.

Ард санхүүгийн нэгдэл ХК өнөөдөр 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэй бөгөөд нэгж хувьцааны үнэ 2955 төгрөг болж анхныхаа үнээс 29 дахин өсчээ. 2017 онд Ард санхүүгийн нэгдлийн нийт актив 39.4 тэрбумаас 49.6 тэрбум төгрөг болж 26 хувийн өсөлттэй гарсан байна. Харин стратегийн хөрөнгө оруулалтын багц 25.6 тэрбумаас 38.8 тэрбум болж 50 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл, компани цаашид хөгжин тэлэхэд хангалттай хөрөнгө байгаа юм.

Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал энэ гуравдугаар сарын 28-нд Туушин зочид буудалд болов. Ирц нь 80 хувиас давж хөл ихтэй болсон уг хурлаар компани, охин компаниудын үйл ажиллагааг танилцуулж, зарим нэг түүхэн шинжтэй шийдвэр гаргаад зогссонгүй Ард санхүүгийн нэгдэл ХК-иас гаргасан технологийн шинэ бүтээгдэхүүнүүд танилцуулав.

Ард санхүүгийн нэгдэл ХК гэсэн айлд нийт Ард даатгал, Ард кредит ББСБ, Ард секьюритиз Үнэт цаасны компани зэрэг12 охин компани үйл ажиллагаа явуулж байна. Тэд 2017 онд бараг бүгд өссөн үзүүлэлттэй гарав. Эдгээр компани шижигнэсэн залучуудын хүчээр даатгал, хувийн тэтгэврийн сан, үнэт цаас, зээл, хадгаламж, цахим валют зэрэг санхүүгийн бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулж амжилтанд хүрч байгаа нь тус нэгдлийн санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх зорилгын илэрхийлэл юм. Үүний давуу тал нь Ард санхүүгийн нэгдэлийн хувьцаа эзэмшигч санхүүгийн бүх үйлчилгээг нэгэн платформоос хялбар авах бололцоог өгч байгаа аж.

Жинст Увс ХК-тай нэгдэв

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэд хэдэн чухал шийдвэр гарав. Нэгдүгээрт Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжиж буй, 2015 онд 84.6 хувийг нь худалдаж авсан “Жинст Увс” компанитай нэгдэх асуудлыг хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжигдлээ. Ингэснээр тус Нэгдэл нь 1000 төгрөгийн үнэтэй 28 614 263 ширхэг хувьцаатай болж байна. “Ард санхүүгийн нэгдэл, Хөрөнгө оруулагч үндэстэн ХК 3000 хувьцаа эзэмшигчтэй. 3000 хувьцаа эзэмшигчийг энэ жил 30 мянга болгох зорилт тавиад байна. Цаашлаад 300 мянга, гурван саяулаа хувьцаа эзэмшигч болох боломжтой гэж харж байна. Хоёр жилийн өмнө дэвшүүлсэн хөрөнгө оруулагч үндэстэн гэсэн зорилт руугаа бид дахин нэг алхам урагшиллаа” гэж Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг ярилаа. “Хөрөнгө оруулагч үндэстэн” ХК “Жинст Увс” ХК-тай нэгдсэнтэй холбоотой төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг дахин сонголоо.

Охин компаниуд IPO гаргана

Мөн хурлын үеэрАрд даатгал, Ард кредит ББСБ хоёр 2018 онд IPO гаргахаар төлөвлөж байгааг дуулгалаа. Ард даатгал 2017 онд 1.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд өөрийн хөрөнгийн өгөөж 23.7 хувьтай гарчээ. Харин Ард кредит ББСБ-ын хувьд нийт хөрөнгийн хэмжээ 79 хувиар өсч 10.2 тэрбум төгрөг, цэвэр зээлийн багц 60 хувиар өсч 7.8 тэрбум хүрсэн бөгөөд татварын дараах цэвэр ашиг 640 сая төгрөг болжээ. Үндсэн болон охин компаниудын тайланд дурдагдсан өсөлтийн талаархи эдгээр тоо бол сурталчилгааны шинж чанартайбиш, аудитаар шалгагдсан тоо юм.

Үүнээс гадна 2017 онд Ард Лайф хувийн тэтгэврийн сан хөрөнгө оруулалтын данс эзэмшигчиддээ ногдол ашиг хувиарлажээ. Тус компанийн цэвэр ашиг 209 хувиар өссөн бөгөөд энэ ашгийнхаа 30 хувиар нөөц сан, 20 хувиар эрсдлийн сан үүсгэж харилцагчдынхаа мөнгийг эрдслээс хамгаалах алхам хийсэн байна.

Үүнээс гадна 2017 оны 12 дугаар сард байгуулагдсан Крипто Үндэстэн ХХК хувь нийлүүлэгчдийнхээ хөрөнгөөр цахим валютад хөрөнгө оруулж майнинг хийсний үр дүнд ердөө гуравхан сарын дараа ногдол ашгаа хувиарлажээ. Үүнээс гадна Ард кредит ББСБ-аас хувьцаагаа барьцаалаад зээл авах үйлчилгээ нэвтрүүлсэн нь хувьцаа эзэмшигчдийн хувьд бас нэгэн таатай мэдээ байв.

Финтек компани болно

Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн нэгэн том зорилго бол санхүүгийн технологид суурилан салбарууд байгуулахгүйгээр санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх. Энэ зорилгынхоо хүрээнд хурлын үеэр хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн танилцуулав. Жишээ нь, ArdPay шинэ аппликэйшнийг танилцуулав.Үүгээр дамжуулж иргэд банкны төлбөр тооцоогоо гар утаснаасаа хийх боломжтой. Энэ нь хиймэл оюун ухааныг ашиглаж шууд зээл олгох, кредит карт орлуулах үйлчилгээ юм. Мөн цахим валютын Gopay программ Монгол дахь цахим валютын үндэсний анхны аппликейшн болж байна. “Gopay” аппликейшнээр дамжуулж биткойноор төлбөр тооцоо хийнэ.

Үүнээс гадна саяхан Ард Кредит ББСБ нь банкны үндсэн систем болох ГрэйпСити Монгол компанийн Поларис Смарт программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж дууссан. Ингэснээр тус компани өөрийн үйл ажиллагааг хурдацтай өргөжүүлэх, эрсдлээ зөв зохистой удирдах, удирдлагын тайлан мэдээг бүх түвшинд цаг тутамд гаргах боломжтой болж байгаа юм.