Арилжаа хийхэд тохиромжтой үе мөн үү?

МХБ (Монголын хөрөнгийн бирж)-ийн үзүүлэлт улирлын хэв шинжтэй гэж үздэг эдийн засагчид цөөнгүй бий. Зуны улиралд завсаргүй ажиллаж байсан барилга уул уурхайн ихэнх ажил өвөл зогсдог билээ. Түүнчлэн гадаадын жуулчид -40 хэмийн хүйтнээс дайжиж байгаа нь аялал жуулчлалын салбарт ч хүчтэй нөлөөлдөг. Үр ашигтай зах зээлийн онолоор хөрөнгө оруулагчид байгалийн энэ цаг уурын нөлөөллөөс хамааран томоохон биржүүдээс ашиг олох боломж ховор гэж үздэг. Гадаадын бирж дээр Зул сарын үеэр зарим хувьцааны үнэ тухайн компанийн орлого өссөнөөс хамаарахгүйгээр өсдөггүй. Хэдий тийм боловч МХБ-ийн арилжааны идэвх болон хувьцааны үнийн өсөлт улирлын нөлөөллөөс хамаарах хандлага байна. MICC судалгааны баг сүүлийн дөрвөн жилд Монголын хөрөнгийн биржийн арилжааны үзүүлэлтийг судалж үзлээ. Бид хөрөнгийн биржийн нийт зах зээлийн үнэлгээ, Топ 20 индексийн өөрчлөлт болон арилжааны үнийн дүн зэргийг судалсны үндсэн дээр МХБ-ийн арилжаанд улирлын нөлөөлөл тодорхой хэмжээгээр байдаг гэсэн дүгнэлт гаргаж байна.

Ойрын болон урт хугацаанд МХБ-д нөлөөлж болох хэд хэдэн хүчин зүйл байна:
Хятадын эдийн засгийн өсөлт
Ашигт малтмалын үнэ
Гадаадын хөрөнгө оруулалт болон ашигт малтмалын тухай хууль, тэдгээрийн өөрчлөлт
Лондоны хөрөнгийн биржээс хийх өөрчлөлт, шинэчлэлт

Эдгээр хүчин зүйлээс гадна МХБ-д орох болон гарах хөрөнгийн урсгал биржийн үзүүлэлтэд нөлөөлнө. Ихэнх гадаадын хөрөнгийн бирж дээр ийм хандлага байдаг ч МХБ нь хэмжээний хувьд жижиг тул багахан хэмжээний хөрөнгийн орох, гарах урсгал арилжаанд ихээр нөлөөлөх боломжтой байдаг.
Үндсэндээ хөрөнгийн биржийн улирлын хэлбэлзэлд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид нөлөөлж байна.

Гадаадын хөрөнгө оруулагч:
Зуны улиралд гадаадын жуулчид болон хөрөнгө оруулагчид Монголд олноор ирдэг билээ. Есдүгээр сарын үеэр ажлын шугамаар ирж буй хөрөнгө оруулагчдын тоо ихэсдэг ч арваннэгдүгээр сарын үеэр багасч, өвлийн улирал буюу ялангуяа нэгдүгээр сарын үеэр маш цөөхөн харагддаг. Үүнээс улбаалан зуны саруудад гаднын хөрөнгө оруулалт ихсэх, энэ хөрөнгө оруулалт нь уг судалгаагаар ажигласан хувьцааны үнийн өсөлтийг тайлбарлаж болох юм.

Дотоодын хөрөнгө оруулагч:
Гадаадын хөрөнгө оруулагчидтай харьцуулахад дотоодын хөрөнгө оруулагчид биржийн арилжаанд арай өөр хандлагаар оролцдог нь ажиглагддаг. Тухайлбал барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн секторт ажилладаг хүмүүсийн орлого улирлын шинжтэй байдаг. Хавар болон зуны үед хөрөнгө, санхүүжилтийн хэрэгцээ өсч эсрэгээр намар, өвлийн үед хөрөнгийн хуримтлал бий болж биржийн арилжааны өсөлтийг нэмэгдүүлдэг.

МХБ-ийн үзүүлэлтүүд
Дараах графикаас харахад биржийн үзүүлэлт есдүгээр сараас эхэлж өсөн арванхоёрдугаар сар хүртэл буураад эргээд дөрөвдүгээр сар хүртэл өсдөг хандлага байгааг ажиглаж болно.
МХБ нь 2007 оны зургадугаар сараас харьцангуй идэвхтэй байсан. Доорх графикт 2007 оны есдүгээр сараас 2008 оны дөрөвдүгээр сар хүртэл зах зээлийн үнэлгээ болон ТОП 20 индексийн үзүүлэлтийг харууллаа. Индекс 2007 оны есдүгээр сард оргил цэгтээ хүрээд, арванхоёрдугаар сар хүртэл гурван сарын турш унасан байна. Улмаар 2008 оны гуравдугаар сарын сүүлч хүртэл хоёр дахь өндөр цэгтээ хүрсэн байна.

Дэлхийн санхүүгийн хямралаас шалтгаалсан ашигт малтмалын үнийн уналт Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн ба 2008 он нь МХБ-ийн хамгийн муу үзүүлэлттэй жил байсан. Бусад хөгжиж буй улсын адил Монголын эдийн засаг ашигт малтмалын экспортоос хамааралтай байдаг. 2004 онд уул уурхайн салбараас орж ирж буй орлого ДНБ-ийн таван хувьтай тэнцэж байсан бол 2007 онд 25 хувь болж өссөн ба зэс, нүүрс, цайр, ноолуур, газрын тос болон алт нийт экспортын орлогын 81 хувийг бүрдүүлж байсан. Эдгээр ашигт малтмалын үнэ буурахад (2009 оны 1 сарын үед зэсийн үнэ 64 хувиар унасан) Монголын хөрөнгийн биржид тодорхой хэмжээгээр нөлөөлсөн ба банкны зээл олголт зогсон, хувьцааны үнэ богино хугацаанд унаж эхлэхийн зэрэгцээгээр хувьцаа эзэмшигчид алдагдлаас зайлсхийн өөрсдийн хувьцаагаа зарахад хүрсэн.

2008 оны гуравдугаар сараас эхлэн 11 сарын турш хөрөнгийн зах зээл уналтад орж, 2009 оны хоёрдугаар сарын эхээр тогтворжсон ба 2009 он долодугаар сараас эргээд сэргэж эхэлсэн.

Доорх графикаас харахад улирлын хэлбэлзэл 2008 оны хувьд ажиглагдахгүй байгааг ашигт малтмалын үнийн өөрчлөлттэй холбон тайлбарлаж болно.


Тодруулга: Топ 20 Индекс 9 сарын 1-нээс 4 сарын 1-ний

хооронд хэрхэн өөрчлөгдсөнийг хувиар харуулав

2009 оны 9 сар – 2010 оны 4 сар

Хямралын дараа 2009 оны сүүлчээр Монголын эдийн засаг эргэн сэргэж МХБ эргээд улирлын циклдээ орж эхэлсэн.

2007 оны хувьд оргил цэг нь есдүгээр сар байсан бол 2009 оны хувьд биржийн үзүүлэлт аравдугаар сард хамгийн өндөр түвшиндээ хүрсэн. Топ 20 Индекс аравдугаар сараас эхлэн хоёр сарын турш унан арванхоёрдугаар сарын үед 25 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ба 2007 онтой адил 2010 оны нэгдүгээр сараас эхлэн дөрөвдүгээр сар хүртэл өсч эхэлсэн.


Тодруулга: Топ 20 Индекс 9 сарын 1-нээс 4 сарын 1-ний

хооронд өөрчлөлтийг хувиар харуулав

2010 оны 9 сар- 2010 оны 12 сар

2010 оны есдүгээр сард Топ 20 Индекс 15,039 пункт буюу өөрийн өмнө хүрч байгаагүй дээд түвшиндээ хүрсэн. 2010 оны хувьд 2007 болон 2009 онтой ижил зуны саруудад хувьцааны үнэ өсч байсан ба өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй хурдан буюу есдүгээр сарын сүүлчээс индекс өсч эхэлсэн.


Тодруулга: Топ 20 Индекс 9 сарын 1-нээс 12 сарын 1-ний

хооронд өөрчлөлтийг хувиар харуулав

MICC судалгааны баг сүүлийн дөрвөн жилд Монголын хөрөнгийн биржийн арилжааны үзүүлэлтийг судалж үзлээ. Бид Хөрөнгийн Биржийн нийт зах зээлийн үнэлгээ, Топ 20 индексийн өөрчлөлт болон арилжааны үнийн дүн зэргийг судалсны үндсэн дээр МХБ-ийн үзүүлэлт улирлын нөлөөллөөс тодорхой хэмжээгээр хамаардаг гэж үзэж байна.

Судалгаа хэвлэсэн өдөр: 2011.01.05
Судалгааг бичсэн: Томс Флахив,
Золзаяа Энхбат