Ариун үхрийг арилжаалахгүй

Ашо Монгиа гэх 33 настай эр дэлгүүр орохдоо хөргөгчөө дүүргэх гэж ордоггүй гэнэ. Энэтхэгийн Дели хотын Үхэр хамгааллын төвийн дарга Ашо хотынхоо үхрийн мах, махан бүтээгдэхүүн борлуулж буй дэлгүүрүүдээр орж яваа нь энэ аж.

Сүүлийн 15 жилийн турш Ашо болон түүний 120 сайн дурын ажилтан Энэтхэг улсын хэдэн тэрбумаар үнэлэгдэх үхрийн махны худалдааг эсэргүүцэн үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Тэрбээр хэлэхдээ “Үхэр бол бидний эх. Тиймээс бид түүнийг хамгаалах хэрэгтэй. Учир нь, тэр бол Хиндү шашны төдийгүй Энэтхэг улсын бэлгэ тэмдэг” гэжээ.

Энэ жил Энэтхэг улс дэлхийн гурав дахь том үхрийн мах нийлүүлэгчийн сэнтийг эзлэх аж. АНУ-ын Үхрийн махны ассоциацийн мэдээлж буйгаар 2012 оны эхний хагаст тул улс 1.24 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний мах экспортолсон бөгөөд улсын төсвийн орлогыг 30 хувиар нэмэгдүүлсэн байна. Энэтхэг улс үхрийн махны экспортоороо дэлхийн тэргүүлэгч орон болох магадлалтай гэх таамгийг АНУ-ын Хөдөө аж, ахуйн газар дэвшүүлээд байгаа юм. Гэсэн хэдий ч тус улсын эдийн засаг, улс төрийн байдал Зүүн Азийн бүс нутагтаа тогтворгүй байгаагаас гадна шашинтай холбоотой үхрийн махны асуудал худалдааны өсөлтөд хүндрэл учруулж болзошгүйг салбарын бизнес эрхлэгчид сануулжээ.

“Үхрийн махны бизнес Энэтхэгийн хувьд тун ашигтай байх талтай. Гэхдээ олон нийтийн хандлага сайнгүй байна. Харин одоогоос 5-10 жилийн дараа хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөх байх” хэмээн Энэтхэгийн Hind Agro Industries Limited компанийн захирал С.К Ражхан CNN агентлагт ярилцлага өгсөн байна.

Одоогийн байдлаар Энэтхэгийн 24 мужийн дийлэнхэд үхрийг зүй зохисгүй нядлах хориотой. Харин Дели, Ражастан болон бусад томоохон мужуудад үхэр нядлах, үхрийн мах, махан бүтээгдэхүүнийг худалдаалахын хатуу хориглодог аж. Ийнхүү мужийн удирдлагууд хориг тавьсан нь махны экспортын бизнесийг “хөлдөө чирж” байгааг салбарынхан хэлсэн. Шинжээчдийн хэлж буйгаар жилд дунджаар 500 сая ам.доллартай тэнцэхүйц 1.5 сая үхрийг хууль бусаар Энэтхэгийн хил давуулдаг байна. Шинэ Дели хотын Хүмүүнлэгийн Ухааны төвийн эрдэмтэн Зарин Ахмад хэлэхдээ “Хууль бус үхрийн худалдаанаас жилд хэр их мөнгө олж байгааг харахын сацуу хэр их хэмжээний эрэлт байгааг харж болно” хэмээн онцолсон. Тэрбээр Энэтхэгийн махны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн чиглэлээр судалгааны тайлан гаргаж байжээ.