Арьс, ширний үйлдвэрлэлийг дэмжинэ

Манайх жилд дунджаар 150 тэрбум төгрөгийн арьс, ширэн түүхий эд үйлдвэрлэдэг аж. Үүнээс дөнгөж 25 хувь буюу 38 тэрбум төгрөгийн түүхий эдийг бүтээгдэхүүн болгодог байна. Үлдсэн 75 хувийг түүхий болон анхан шатны боловсруулалт хийж, экспортод гаргаж буй юм. ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Амаржаргал “Манай дотоодын компаниудад арьс, ширэн түүхий эдээ боловсруулах хүсэл эрмэлзлэл, чадамж бүрэн бий. Гэхдээ түүхий эдээ худалдаж авах эргэлтийн хөрөнгөөр дутмаг, тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байдаг” хэмээв.

Тиймээс арьс ширний үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл өгөх, үндэсний үйлдвэрт арьс, ширээ нийлүүлсэн малчдыг урамшуулах зорилгоор Засгийн газраас 200 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор өнгөрсөн долоо хоногт дэмжжээ. Тэгвэл тус асуудлыг ирэх долоо хоног УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм байна.

Арьс, ширний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж олон жил ярьсны эцэст бодит хөрөнгө оруулалт хийхээр хэлэлцэгдэж буйд үйлдвэрлэгчид баяртай байгаагаа хэлж байсан. Засгийн газар 200 тэрбум төгрөгийн бондын 140 тэрбум төгрөгийг үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлттэй зээл хэлбэрээр өгөх бол 60 тэрбум төгрөгийг малчдад урамшуулал болгон өгөхөөр төлөвлөж байгаа аж. Эргэлтийн хөрөнгийн зээл дотроо нарийвчилбал 110 тэрбум төгрөгийг арьс шир худалдаж авах, 15 тэрбум төгрөгийг эдлэл үйлдвэрлэгчдэд зээл өгөх, 12 тэрбум төгрөгийг технологи шинэчлэл хийх, гурван тэрбум төгрөгийг хаягдал дахин боловсруулахаар зарцуулах юм байна. Ингэснээр арьс, ширний үйлдвэрүүд дотооддоо бүтээгдэхүүний үйлдвэрлэх нөхцөл бүрдэж, гутал, цүнх, хувцас, жижиг эдлэл үйлдвэрлэх оёдлын 200 орчим үйлдвэр шинээр нэмж байгуулах боломжтой юм байна.

Үүний үр дүнд арьс, ширний үйлдвэрлэлийн салбар ойролцоогоор 1.1 их наяд төгрөгийн борлуулалт хийнэ гэдгийг албаныхан онцолж байна. Дээр нь 450 сая ам.долларын бүтээгдэхүүнийг ОХУ, Европын холбооны улсууд, БНХАУ болон бусад оронд бэлэн бүтээгдэхүүн болон боловсруулсан хэлбэрээр экспортлох бололцоо бүрдэх юм байна. Түүнчлэн 2016 он гэхэд арьс ширний үйлдвэрлэлийн салбарт 25 мянган ажлын байр бий болгох аж. Тиймээс бодит үйлдвэрлэлийн салбараа дэмжих энэхүү бондын саналыг УИХ-аар дэмжиж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.