Арьс, ширний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно

Малчид болон арьс, ширний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний талаар тогтоолыг УИХ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд баталлаа. Манайх жилд дунджаар 150 тэрбум төгрөгийн арьс, ширэн түүхий эд үйлдвэрлэдэг аж. Үүнээс дөнгөж 25 хувь буюу 38 тэрбум төгрөгийн түүхий эдийг бүтээгдэхүүн болгодог байна. Үлдсэн 75 хувийг түүхий болон анхан шатны боловсруулалт хийж, экспортод гаргаж буй юм. Тэгвэл энэ байдлыг цэглэх зорилгоор арьс, ширний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Ингэхдээ дотооддоо гүн боловсруулалт хийж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгоход зориулж 140.4 тэрбум төгрөгийн нэрлэсэн хүү бүхий таван жилийн хугацаатай үнэт цаасыг Засгийн газраас гаргаж, арилжаалахаар болсон байна. Түүнчлэн энэ сарын 1-нээс эхэлж, үндэсний боловсруулах үйлдвэрт малчид бог малын арьс тушаавал арьс тутамд 3000 төгрөг, үхрийн ширэнд 15000 төгрөгийн урамшууллыг ирэх он хүртэл өгөх ажээ. Харин хоршооны гишүүн малчин хонь болон тэмээний ноосны килограмм тутамд 2000 төгрөгийг ирэх он хүртэл авах юм байна. Тус тогтоол батлагдсанаар малын гаралтай түүхий эдээр нэмүү өртөг шингээсэн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээ өсөж, арьс, ширний үйлдвэрүүдийн өрсөлдөх чадвар нэмэгдэхээрээ ач холбогдолтой юм байна.