Асгатын мөнгөний ордыг ОХУ-тай хамтарч ашиглах уу

УИХ-дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газар болоод Монголбанкны мэдээллийг сонсч хэд хэдэн чиглэлээр ажиллахыг үүрэг болгосон байна. Нэн түрүүнд концессын гэрээгээр хийх ажлуудыг онцгой анхаарч ажиллахыг үүрэгджээ. Тэр дундаа БНХАУ, ОХУ, олон улсыг Ази Европтой холбосон транзит автозамын хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлэх ёстой гэж үзээд буй. Тухайлбал, боомтын төмөр замын асуудал. Асгатын мөнгөний ордыг ОХУ-тай хамтран ашиглах асуудлыг гэрээ санамжийн хүрээнд шийдвэрлэх. Оюутолгойн хэлэлцлийг түргэвлчил гэжээ.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Уул уурхайн сайдын мэдээллийг сонссон байна. Геологи хайгуулын зөвшөөрлийг шинэчилж олгох, үүнтэй холбоотой хөрөнгө оруулалтыг шийдэхийг Засгийн газарт даалгажээ. Үүнээс гадна БНХАУ, ОХУ-тай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, ялангуяа хил орчмын худалдааг дэмжих, визийн хөнгөлөлтийг яаралтай шийдэхийг үүрэг болгосон аж.
Мөн бүлгийн дарга Д.Эрдэнэбат төсвийн орлогыг сүүлийн жилүүдтэй харьцуулсан судалгааг сэтгүүлчдэд танилцуулсан юм. Тухайлбал, 2009 онд нэг их наяд байсан төсвийн орлого 2012 онд 4.9 их наяд болж 2.5 дахин өсчээ. Харин 2012-2014 онд 3.6 дахин нэмэгдсэн байна. ДНБ 2011-2012 онд 14 их наяд хүрсэн бол энэ жил 20 их наяд хүрэхээр төсөөлөлд хүрсэн. Гадаад худалдаа 2009 онд 1 их наяд байсан бол 2012 онд 4 их наяд болж өссөн байна. Үүнээс үзэхэд Монгол орон 2011 онд эдийн засгийн том тэлэлт рүү явж, хамгийн өндөр үнэтэй борлуулалт хийчихээд бүгдийг нь халамжид зарцуулаад дууссан. Уул уурхайгаас хэт хараат нөхцөл нь дэлхийн зах зээл дэх баялгийн үнийн бууралт эдийн засгийн хүндрэл бий болсон хэмээн АН-ын бүлэг үзжээ.
Мэдээллийн дараа бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн сонирхсон асуултад ийн хариуллаа.
-Ам долларыг нэг ханшид барина гэлээ. Энэ бодит байдалтай нийцэх үү?
-Монголбанк энэ долоо хоногт мэдээлэл хийж байр сууриа илэрхийлнэ. Валютын ханшийн хэлбэлзэл бизнес эрхлэгчдэд маш их эргэлзээ төрүүлж байна. Хэрэв боломж байвал тогтвортой байх чиглэл рүү үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага байна.

Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл гэдэгт ямар асуудал багтах юм бэ?

-Тогтоолын төслийг Засгийн газарт өгсөн. Тодорхой хөрөнгө оруулалтыг зайлшгүй хийх шинээр барих үйлдвэрүүдийн жагсаалт тэнд бий. Хоёрдугаарт Монголбанкнаас валютын ханшийг тогтвортой барих тухай асуудал орсон.
-Сөрөг хүчнээс сайд нарыг санал өгөхөд оролцуулахгүй байх үндэслэлийг тавьж байна. Танай намын бүлэг энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын сайдаар ажиллаж байгаагаас үл хамааран УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэгт өөрийн харьяалах байнгын хороо болон нэгдсэн хуралдаанд таслах эрхгүйгээр оролцоно гэж заасан. Хуулийн дагуу л бүх зүйл явна. Хуулийг хэн дуртай нь санаанаасаа зохиож ярьж болохгүй.