Атомщикуудтай маргах нь

Бичихгүй бол болохгүй нь ээ. Эргэн тойронд бүгд л уран, цөмийн хаягдал, цөмийн түлш, атомын цахилгаан станц (АЦС)-ын тухай яриад, бичээд байхад …

Нэг хэсэг бид бүгдээрээ л алт-чин, зэс-чин, нүүрс-чин болцгоосон. Одоо цөмөөрөө уран-чин буюу атом-чин, оросуудын хэлдгээр, атомщикууд болж эхэллээ. Би өөрөө инженер хүн. Цөмийн физикийн анхан шатны ном уншсан гэсэн үг. Бас тэгээд дэлхийн Ногоон намуудын бодлоготой танилцаж, эрдэмтэн мэргэдтэй уулзаж, хурал цуглаанд нэлээд суусан хүний хувьд энэ талаар зэгсэн мэдээлэлтэй болсон гэж өөрийгөө дүгнэдэг. Тиймд зарим нэг дүгнэлтээ тантай хуваалцья гэж бодлоо.
Дэлхийн олон оронд, ялангуяа Ногоон нам нь хүч нөлөөтэй улс орнуудад АЦС-ыг аажмаар халах бодлого баримталсаар ирсэн. Саяхны Фукушимагийн хэрэг явдлын дараагаас олон орны либерал болон консерватив улс төрчид ч мөн адил цөмийн технологийн ирээдүйд нэлээд эргэлзэх болсон гэдгийг Та лав сайн мэдэх байх. Тэдгээр орнуудын олон нийт АЦС-ын талаар сайн мэдэх болж, интернэтээр ч их маргалдаж, хэрэв бид хүсвэл тэр маргаанд нь идэвхтэй оролцож, холбогдох мэдээ материалыг хангалттай хэмжээгээр олж үзэх боломж бүрджээ.

Дэлхий даяар АЦС-ын ирээдүй, түүнийг дагах эрсдэлийн тухай санаа зовж эхэллээ. Харин Монголд байдлыг өөрөөр тайлбарласан компанит ажил эхлээд байна. Сүүлийн үед манай сонин, телевизээр зарим улстөрч, төрийн албан хаагч, бизнесийнхэн өөрсдийн ашиг сонирхлоо олон түмнээр хүлээн зөвшөөрүүлэх гэж цөмийн хаягдал, АЦС-ыг огт аюулгүй, эрсдэлгүй, хөгжлийн ганц зөв зам гэж илт худлаа ярих боллоо.
Олон жишээ дурьдах шаардлагагүй байх. Өнгөрсөн хавар, “MN-25-р суваг” телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгээр манай улсын Тусгай эрхт Элчин сайд гэх нэгэн хатагтай “цөмийн түлшний хаягдлыг бараг л гараараа барьсан ч аюулгүй эд шүү дээ” хэмээн ярьж ширээ тойрон суусан биднийг төдийгүй телевиз үзэгчдийг ч гайхшируулж байж билээ.
Тэр хүн бол өөрөө цөмийн физикч хүн, цөмийн хаягдал нь өнөөдөртөө төдийгүй олон мянган жилдээ ч маш хүчтэй цацрагт туяа ялгаруулсаар байдаг, эргэн тойрныхоо амьтай бүхэнд маш аюултай зүйл гэдгийг сайн мэдэх хүн. Харин яагаад тэгж ярих болов? Тэр хүний мэргэжлийн ёс зүй, улс орныхоо ирээдүйг ч үл тоон улайм цайм худлаа ярьж байхыг нь харахад цөмийн түлш, хаягдал, АЦС-ыг тойрсон ямар их ашиг сонирхол, том мөнгө, улс төр байгааг түвөггүй гадарлаж болно.


Хэрэв өндөр мэргэжлийн хүн ингэж ярьж болж байгаа юм бол энэ талаар огт мэдэхгүй шахам зарим сэтгүүлч, улстөрчдийг ч юу гэх билээ дээ. Худлаа ярих энэ компанит ажилд саад хийе, үүний тулд би ч бас атомщик болчих нь тийм ч буруу зүйл биш юм байна гэж үзээд энэ маргаанд оролцохоор шийдлээ. Тэгээд нэг их нуршилгүйгээр, би өөрөө яагаад Монголд АЦС барихын эсрэг байгаагаа товчхоон өгүүлье. Би Монголд АЦС барихын эсрэг байдаг. Яагаад гэвэл:

Нэгдүгээрт, АЦС маш том эрсдэл дагуулдаг. АЦС нэг “гацвал” асар уудам нутгийг аймшигтай хордуулж, хэдэн арван жил хүн мал амьдрах нөхцөлгүй болгодог гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Харамсалтай нь ямар ч сайн техник гацаж болно. Гадны нөлөөнөөс ч болж болно. Бид хэзээ газар хөдлөхийг, нэг террорист нөхрийн толгойд ямар бодол орж ирэхийг, байгалийн гэнэтийн гамшиг хаанаас ирэхийг урьдчилан мэдэхгүй. Байгалийн гамшиг тохиох нь ямар ч улс орны хэрээс хэтэрсэн асуудал шүү дээ. АЦС-ыг бид хянаад, цагт нь сайн засаад, ажиллуулаад байж чаддаг юмаа гэхэд гэнэт ирэх гамшгийг бид хянаж чадахгүй. Тиймд асуудал АЦС-даа ч биш, харин түүнийг дагах том эрсдэлд бий.
Хэрэв бид сүйрлийн эрсдэлийг огт хянаж чадахгүй, тийм боломж бидэнд байхгүй бол тэр эрсдэлтэй зууралдах хэрэггүй. Түүнээс холуур явах хэрэгтэй. Герман, Швейцарь зэрэг өндөр хөгжилтэй орнуудын АЦС-аас татгалзаж буй нэг гол үндэслэл нь хүн өөрөө байгалийн том эрсдэлийг хянаж чадахгүй гэдэгт байдаг. Тийм ээ, АЦС-ыг улс орнууд ашигласаар байгаа. Гэхдээ тэд одоо хянах боломжгүй том эрсдэлтэй үргэлж хамт амьдарч байгаа гэдгээ сайн мэддэг болоод байна.

Хоёрдугаарт, “Дэлбэрч” баллах эд зүйлс хэрэглэхийг би хүсэхгүй байна.

Үзэж суутал гэнэт шатдаг телевизор, эсвэл ярьж байтал чихэн дээр чинь тэсэрдэг гар утас, эсвэл унаж явтал өөрөө салаад уначихдаг тийм машиныг Та худалдаж авах уу? Мэдээж үгүй байх. Би ч бас адил. Тэгвэл яагаад бид гэнэтийн сүйрэл дагуулж болох АЦС-ыг худалдан авч болно гэж? Хэдий тийм ч олон газарт АЦС зүгээр л ажиллаад байгаа шүү дээ гэж зарим хүн хэлэх байх. Тэгвэл нэг тооцоо хийгээд үзье.


Телевизор 200 ам доллар, утас 300 ам долларын үнэтэй байж болно. Харин тэр барааг дагаж ирэх эрсдэл нь хэдэн мянган доллар, тэр бүү хэл, таны аминд хүрэх магадлалтай бол яах вэ? За за, аминд хүрэхээ байя гэхэд, лав 200 ам.долларын үнэтэй бараанд 200.000 ам.долларын өртөгтэй эрсдэл дагаж ирдэг бол тийм барааг би л лав худалдаж авахгүй.
Чернобылийн АЦС-ыг барихад, өнөөгийн үнэлгээгээр, нийт дөрвөн тэрбум ам.доллар зарцуулсан гэдэг. Харин түүний ослоос болж Украйн улс нийтдээ 180 тэрбум ам.долларын хохирол үзжээ. Өнөөгийн байдлаар ослын хор уршгийг арилгахад Украин улс 25 жилийн туршид улcын төсвийнхөө 10 хувийг тогтмол зарцуулж иржээ. Өмнө нь ЗХУ асар ихийг зарцуулсан бөгөөд тэр тооцоог нууцалсан хэвээр байна. Монголд Чернобыль давтагдана гэх гээгүй ч бид дөрвөн тэрбум долларын АЦС-ын нийт үнэлгээнд түүний 100 тэрбум долларын эрсдэлийг оруулж тооцох нь зүй. Ядахдаа осол гарвал даах чадвартай байхын тулд. Дэлхийн хамгийн баян, технологийн асар их чадавхтай орнуудын нэг Япон улс ямар их сандарч байж хямралыг туулж байна. Тэд хэдийг зарцуулж байгааг би мэдэхгүй. Гэхдээ олон арван тэрбум доллар гэдэг нь ойлгомжтой.


Бид ч бас тооцоо хийж болно л доо. Харин тийм явдал болбол Монголын уул уурхайн олон жилийн бүх орлого ч түүнд хүрэхгүй байх болов уу. Тэгээд ч бид, ердөө нэг цахилгаан гаргадаг станцтай болохын тулд улс орноороо дэнчин тавьсан ийм замаар явах хэрэгтэй гэж үү.

Гуравдугаарт, АЦС маш их ус хэрэглэдэг.

АЦС-ын хөргөлтийн систем нүүрснийхээс бараг хоёр дахин их ус хэрэглэдэг. АЦС 1MW цахилгаан үйлдвэрлэхэд жилд дунджаар 27 сая литр ус хэрэглэж, 24 сая литр усыг уур болгон алдана. Энэ нь 1GW АЦС (Манай IV ЦС-ын хүчин чадал 0.6GW) жилд 27 сая шоо метр ус хэрэглэж, 24 сая шоо метр ус зарцуулна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын усны жилийн нийт хэрэглээ нь 77 сая куб метр байна. Шинээр байгуулагдах АЦС өнөөгийн Улаанбаатарын усны нийт хэрэглээний 1/3-ийг хэрэглэж, бараг бүгдийг нь уур болгон буцалтгүй алдах нь ээ. Туул гол өнөөдөр Улаанбаатарын хэрэгцээг хангаж чадахгүй болоод байгаа. Тэгвэл энэ хэрэглээг Монголын ямар гол мөрөн усаар хангаж чадах бол?


АЦС-д ус дутвал яадаг билээ? Үүнийг бид Фукушимагаас сайн ойлгож авсан. Тиймд Монголд АЦС баривал түүнийг Сэлэнгэ мөрний л ойролцоо барих хэрэгтэй болох байх. Харин Сэлэнгэ бол дэлхийн цэвэр усны хамгийн том нөөц Байгаль далайг тэтгэдэг гол эх үүсвэр.


Бид өөрт учрах эрсдэлээ тоодоггүй юмаа гэхэд асуудлыг дэндүү сайн мэддэг оросууд бидний өмнөөс тэр эрсдэлийг маань хариуцах юм болов уу. Үгүй л байх. Тэгвэл бид Байгаль нуурыг хамгаалах бүх арга хэмжээг авч чадах болов уу?


Үнэндээ энэ бол зөвхөн Сэлэнгэ, Байгалийн тухай яриа ч биш. АЦС-ыг хаана ч барьсан Монголын олон гол мөрөн, нуур, гүний усны нөөц ийм эрсдэлд орно.

Дөрөвдүгээрт, АЦС-ын хамгаалалтын дэд бүтэц маш өндөр зардалтай.
Өөрийнх нь үйл ажиллагааны зардлыг ярихаа больё. Цахилгаан гаргах өртгийг ч орхиё. Манайд нэг байна уу, арван АЦС байна уу гэдгээс үл хамаарч цөмийн аюулын үед ажиллаж чадах хүчирхэг дэд бүтэц байх хэрэгтэй болно. Япончууд яаж сандарч байна? Тиймд бид тэднээс дутахгүй байх хэрэгтэй болно. Цөмийн технологийн инженерүүд, цацрагийн, галын, химийн алба гэх мэтчилэн олон зуун хүн, асар үнэтэй техник хэрэгслийг байнгын бэлэн байдалд байлгах хэрэгтэй.


“Өндөр мэргэжилтэй, мэдлэгтэй олон зуун ажилтныг бэлтгэж, супер техникээр хангаад … улс орноо хөгжүүлээд …” гэж их ярьдаг л даа. Та тэгэхэд нь тэгвэл Улсын онцгой байдлын албандаа, ойн түймэр унтраагч хэдэн залуустаа эхлээд олигтойхон хэдэн хувцас, багаж, техник аваад өгчих л дөө гэвэл бололцоо байхгүй л гэх байх. Мөрөөдөх бол нэг хэрэг, харин хийх бол чадавхын бодит хэмжүүр гэж энэ бус уу.


Бид үнэхээр Япон шиг, Орос шиг цөмийн хамгаалалтын өөрийн дэд бүтэцтэй болж болно. Гэхдээ зардлыг нь төлөх хэрэгтэй дээ …

Тавдугаарт. Бидэнд өөр сонголт бий.

Магадгүй энэ бол АЦС-ыг сонгохгүй байх миний хамгийн гол шалтгаан байх. Бидэнд цахилгаан эрчим хүч хэрэгтэй учраас л бүгдээрээ АЦС гээд маргаад байгаа шүү дээ. Тэгвэл цахилгаан гаргах өөр олон сайн сонголт бидэнд бий. Нүүрснээс хийн түлш гаргая … бохирдолгүй цахилгаан станц ажиллуулья … гэх мэтээр ирээдүйтэй олон арга замыг бид ярилцаж болно. Тэдний ихэнх нь АЦС-аас хямд, байгаль дэлхийд, хүний амьдралд бага эрсдэлтэй технологиуд байдаг.Цаашилбал, тэднээс ч дэвшилт шинэ технологиуд өнөөдөр бий болоод байна.


Би байгаль дэлхий, хүний амьдралд огт аюулгүй сэргээгдэх эрчим хүчний технологид итгэдэг. Хэрэв та энэ салбарын хөгжлийг ажиглан хардаг бол таван жилийн дараанаас нарны эрчим хүчний өөрийн өртөг АЦС бүү хэл, нүүрсний цахилгаан станцаас хямд болох хандлага байгааг олж харж байгаа байх.


Монгол бол нар, салхины орон. Дэлхийн говь цөлүүдэд тусч байгаа нарны энергийг ердөө зургаан цагийн турш л хүлээн авч цахилгаан болгож чадвал өнөөгийн хүн төрөлхтөний бүтэн нэг жилийн хэрэгцээг хангахад бүрэн хүрэлцээтэй гэсэн тооцоо байдаг. Жишээ нь, Фукушимагийн дараа Япон улс нарны цахилгаан станц байгуулахыг маш их анхаарч эхэлсэн ч нарны хавтангууд байрлуулах газар ховор байна гэж бичиж байна. Харин Монголд бол?


Монголын “эрчим хүчний” нар, салхины нөөцийг ашиглан өнөөгийн Хятад улсыг ч цахилгаанаар бүрэн хангах бололцоотой гэсэн эрдэмтдийн тооцоо байдаг. Монгол бол өргөн уудам нутагтай, том хэрэглэгч цөөтэй, төвлөрсөн цахилгаан дулааны систем нэг их тохиромжтой газар биш. Уул уурхайн гол ордууд нь ихэнхдээ нүүрсний ордууддаа ойр байрладаг. Мөн усны нөөц маш багатай.


Бид нар, салхины нөөцдөө тулгуурлан, магадгүй Өвөр Монголтой хамтран Их говьдоо Desertec маягийн төсөл хэрэгжүүлж, Зүүн хойд Азийн эрчим хүчний том төв болох ирээдүй ч харагдаад буй. Энэ бүгдийг одоо л бодож эхлэх цаг болсон.


Өнөөдөр, өндөр хөгжилтэй, цахилгааны асар их хэрэгцээтэй Герман, Швейцарь зэрэг улс орон өөрийн эрчим хүчний ирээдүйгээ АЦС-гүйгээр харж байна. Тэд энэ бүх технологийг хэрэглэж, их мэдлэг, туршлага хуримтлуулж, түүндээ түшиглэн хөгжлийн дараагийн алхмаар сэргээгдэх эрчим хүчийг сонгож байна.

Зургадугаарт, Бид ч бас тэр зүг рүү явья.

АЦС-ын санааг дэмжихгүй байх бусад олон шалтгаанийг би хэлж чадна. Гэхдээ энэ удаадаа үүгээр дуусгая.


Төгсгөлд нь нэмж хэлэхэд, би цөмийн физикийн хөгжлийг биширдэг, түүнийг бүтээж буй хүмүүсийг хүндэлдэг. Мөн АЦС бол шинжлэх ухаан технологийн гайхамшигтай нэгэн бүтээл гэж боддог. Ирээдүйд хүн төрөлхтөн цөмийн дотоод хүчийг ашиглан ихийг бүтээх нь гарцаагүй.


Түүхийн туршид хүмүүс олон сайхан шинэ технологийг бүтээж, тэр бүгд нь өөрийн цаг үедээ хэрэглэгдэж, халагдан солигдсоор ирсэн байдаг билээ. Өнөөгийн улс орнууд ч өмнөх үеийн бүх ололтоос сурч, сургамж авч, эрчим хүчний хөгжлийн шинэ замаа тодорхойлж байна.
Тэд байгаль дэлхийдээ ээлтэй, амьдралд аюулгүй, сэргээгдэх эрчим хүчийг сонгож байна.