Аудитын хороо төсөвт 89.9 тэрбум төгрөг оруулжээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний аудитын газрын энэ оны ажлын тайланг сонслоо.

Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангадын танилцуулгаас үзэхэд энэ онд гүйцэтгэлийн аудит 307, санхүүгийн тайлангийн аудит 3771, эрсдлийн буюу нийцлийн аудит 156, нийтдээ 4234 аудит хийжээ.

Аудиторууд 70.5 тэрбум төгрөгийн акт тогтоож, үүний 33.9 хувийг хувийг онд нь багтаан хэрэгжүүлжээ. Аудитын үр дүнгээр улсын болон орон нутгийн төсөвт нийтдээ 89.9 тэрбум төгрөг оруулсан байна.

Төрийн аудитын байгууллагын санхүүжилтийн нэг төгрөгт ногдох үр өгөөж өнгөрсөн онд 44.80 төгрөг болж 15.3 хувиар өссөн аж.

Засгийн газар, төсвийн эрх баригчид, төсөл, хөтөлбөрийн болон төрийн өмчийн байгууллагын нийт 369 санхүүгийн тайланд аудит хийж, 340 байгууллагын санхүүгийн тайланд зөрчилгүй, 27 байгууллагын санхүүгийн тайланд хязгаарлалттай санал дүгнэлт өгч, хоёр байгууллагын санхүүгийн тайланд санал дүгнэлт өгөхөөс татгалзсан байна.