Африкийн мандаж буй нар


Нэгэнтээ зөрчлийг ардаа орхисон Мозамбик улс хөгжлийн замдаа эргэлт буцалтгүй оржээ. Жуулчдын анхаарлыг соронзон мэт татдаг халуун орны зөөлөн дулаан уур амьсгал,үзэсгэлэнт далайн эрэг,баялаг соёл уламжлал цөм бүрдсэн Мозамбик улс хөгжлийн тулгуур баганаа аялал жуулчлал хэмээн тодорхойлжээ.

Мозамбик улсын нийслэл Мапуто нь зам дагуу байрлалтай олон кафе, жааз хөгжим эгшиглэсэн газар элбэгтэй, улс үндэстнүүдийн соёл уламжлалыг шингээсэн амьд уур амьсгалыг хэн бүхэнд мэдрүүлэх увидаст хот юм. Тухайлбал, энэ хотын дурсгалт барилгуудын нэг болох галт тэрэгний буудлыг Эйфелийн хамтран зүтгэгч, алдарт инженер Александр Густав зохион бүтээжээ. Гэвч түүний зохион бүтээсэн галт тэрэгний буудал өдгөө галт тэрэг хүлээн авч, үдэхийн оронд үдшийг ая тухтай өнгөрөөх хотын хамгийн шилдэг жааз кафе болон хувирчээ. Нийслэл хотод өлгийдүүлсэн үндэсний болон орчин үеийн хотын хөгжмийн нэгдэл болох “Марребента” төрлийн ая энд тэндгүй эгшиглэх ажээ. “Хэдийгээр нутгийн өмнөд хэсэгт үүссэн хэдий ч хүчтэй ритм нь олны сэтгэлд ихэд нийцэж үндэсний хэмжээнд хөгжсөн. Та энэ хөгжмийг одоо манай өмнөд умард хаана ч сонсож болно” хэмээн “Горвани” хамтлагийн хөгжимчин Жауа Карлос Швалба хэлсэн юм.

Анх XV зууны үед колоничлогч иргэд ирж суурьшсанаас хойш үндэсний хэл нь Португаль болжээ. Колоничлолын үеийн ул мөр, архитектурын шийдэл тус орны өнцөг булан бүрээс олддог хэдий ч өөрийн уугуул Африк соёл иргэншлээ сайтар хадгалж үлдсэн нь өнөө үед гайхал төрүүлэм өвөрмөц, шинэ хуучны цогц нэгдэл болж чадсанаараа сонирхол татам байгаа юм. Тус хот нь иргэний дайны төгсгөлөөс эхлэн өөрчлөн байгуулалтын шинэ үед орсон бөгөөд хэрцгийлэл дунд өнгөрсөн хүнд хэцүү цагийн түүхэн бодит гэрч болох тэдгээр эд агуурс шинэ цаг мөчид ихээхэн үнэ цэнэ нь өсч сонирхлын төвд ороод байна. Баримтаас авч үзвэл 2004 оны тус улсад ирсэн жуулчдын тоог 2010 онтой харьцуулахад дөрөв дахин өссөн гэсэн үзүүлэлтийг дурдаж болох юм.

Нийт 16 жил үргэлжилсэн иргэний дайн төгсгөл болж, энхийн гэрээ байгуулагдсаны дараагаас буюу 1992 оноос эхлэн тус улс аялал жуулчлалын салбартаа анхаарал хандуулж хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. Нийслэл хотын хамгийн эртний барилга болох бэхэлгээт хэрмийг бараг 200 жилийн өмнө португальчууд барьсан бөгөөд түрэмгий колоничлалын үеийн түүхэн бодит бэлгэ тэмдэг болдог байна. Гэсэн хэдий ч Мозамбикийн хэсэг уран бүтээлчид иргэний дайны үеийн эд зүйлсийг урлагийн нэг хэсэг болгохоор ажиллаж байна. (Arms to Art) Цэргээс халагдсаны дараах бүтээлч амьдралын хэлбэр бол дайны талбараас урлагт шилжих явдал юм. Эдгээр уран бүтээлчид хоёр дайны хоорондох 40 жилийн хугацаанд 800,000 буу цуглуулчихаад байгаа бөгөөд одоо урлагийн бүтээл болгож сууна.

Тэдний бүтээлдээ хэрэглэж буй пулемёт, мина болон гар зэвсгүүдийг тус улсын Христ консул аюулгүй болгож цуглуулжээ. “Бидний зүгээс эдгээр сөрөг муу сэтгэгдэл төрүүлэхүйц материалыг ашиглан дэлхий нийтэд сайн талыг харуулахуйц зүйл хийж болдог гэдэг санаа бодлоо энэхүү бүтээлээрээ хүргэхийг хүсэж байна” хэмээн уран бүтээлч Гонкало Мабунда ярьжээ. Нийслэл хотынхоо гадна талд аялан зугаалах боломжтой олон тооны үзэсгэлэнт аралтай. Тухайлбал, Инхака, Мапуто хотод хамгийн ойрхон буюу 52 км зайтай оршдог энэ арлын хувьд ер бусын тосгон болон биологийн музейг нь сонирхох боломжтой аж.Зарим арал бараг хүнгүй зэлүүд байдаг бол нэг хэсэгт нь хүн ам шигүү суурьшсан байдаг. Мозамбик арал гэхэд 14,000 хүнтэй.

Энэтхэгийн далайг даган үргэлжлэх 2500 гаруй км эрэгтэй учир загас агнуурын аж ахуй энэ улсын голлох эдийн засгийн салбар болсонд гайхах зүйл үгүй биз ээ.Үе удам дамжин уламждагдсан загас барих арга барилаа өдийг хүртэл хадгалж авч яваа нь тун сонирхолтой. Тус улсын чухал экспортын бүтээгдэхүүний нэг нь сам хорхой. Энэ нь энгийн амьдралтай иргэдийн хувьд одоо ч хүндэтгэлийн зоогт тооцогддог тул чамгүй үнэтэй хүнсннй бүтээгдэхүүн аж. Хамгийн том хэмжээний сам хорхой нэг кг нь ойролцоогоор 10 ам.долларын үнэтэй.

Тасралтгүй үргэлжлэх хэдэн мянган км далайн эрэг нь амьсгалын хоолойтой усанд шумбахаас эхлээд тусгай амьсгалах багажтай далайн гүн рүү аялах гэх мэт далайд түшиглэсэн олон төрлийн сонирхолтой аяллыг хийж болдог байна. Тус орноор аялаад ирсэн Канад улсын иргэн Жозеф Майер “ миний хувьд энэ улсыг ирэх он жилүүдэд хүмүүсийн очихоор дурлаж, тэмүүлсэн газар болон хувирч байгааг өөрийн нүдээр харж, дотроо бахдан явсан билээ” хэмээн CNN телевизэд бахархан өгүүлжээ.

Мозамбик бол уужим амьсгалах үзэсгэлэнт байгаль эхийн хайр мэдрэгдсэн , өнгө туяаран наран жаргадаг гайхамшгийн орон юм. Их хүч бололцоо, байгалийн харамгүй хишиг нэгэн зэрэг энд бүрдсэн нь бахадмаар бас атаархмаар...