“Африк сувд” Уганда


Үзэмж төгөлдөр Уганда улс Африк тивийн диваажин. Манан нөмрөгт шигүү ой хөвч, цасан малгайт сүрлэг уулс, шилэн тунгалаг нуурын мандал, таруу байрласан ойт хээр энд бий гэдгийг дуулсан хэн бүхний бодолд байгаль эхийн уран гараар бүтээ юу гэлтэй үлгэрийн орон сүндэрлэх нь дамжиггүй. Энэ оронд Винстон Черчел “Африкийн сувд” хэмээх сонсголонт цолыг юуны учир хүртээх болсонд гайхах зүйл үгүй биз ээ.

Лордын эсэргүүцлийн арми ба тус улсын гурав дахь ерөнхийлөгч Айди Амины дарлал доорх гүн харанхуйд автсан өнгөрсөн үеийн бараан сүүдрээс холдон гарсны хүчинд Уганда улс өнөөдөр тайван амгалангийн билгэ тэмдэг болжээ. Чухамдаа Африк тивийн хамгийн аюулгүй газар гэдгээрээ олны анхаарал, таашаалыг хүртдэг байна. Гайхам сүрлэг уулын горилла сармагчин Уганда улсыг юуны түрүүнд төлөөлдөг билээ. Тэгвэл үүнээс гадна онгон зэрлэг сафари, галт уулын явган аялал, цагаан хөөсөрхөг нуурын завины зугаалга, алжаал тайлам далайн эрэг зэрэг хараа булаам байгалийн цогцолбор энд бас бий.

Уганда улсыг санаанд мөнхлөх дөрвөн зүйлийг танд сонирхуулья
Гориллагын эрэлд

Уганда улсын олны анхаарлыг татдаг хамгийн хүчтэй соронзон бол шигүү Bwindi ойн гүнд уулын горилла сармагчны мөрөөр мөшгөх явдал юм. Шөнийн түнэр харанхуйг санагдуулам сүрлэг энэ амьтныг гэнэт харах мөчийг юутай ч зүйрлэж сэтгэл санааны бэлтгэл урьдаас хийх боломжгүй юм. Саарал өнгөөр ялган тодотгосон мэт нурууг нь холоос олж харан, аажим аажмаар дөхөн ойртоход, адреналин хүчтэйгээр ялгарч эхэлж тэр чинээгээр сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрнэ. Яг л горилла судлаач Диан Фоссегийн хэлснээр сониуч зандаа хөтлөгдсөн бяцхан горилла нар модны мөчир, навчсын дундуур бүлтгэр хар нүдээрээ шагайн өнгөлзөж ,агаарт эргэлдэн нисэлдэх нь өхөөрдөм. Энэхүү сонирхолтой аяллыг хийхэд танаас дор хаяж 500 ам. доллар гарах хэдий ч амьдралд ганцхан тохиох боломж гэдэгт эргэлзэх хэрэггүй гэнэ. Тус хураамжийн чамгүй хэсэг дархан цаазат газрын хамгаалалтад зориулагддаг бөгөөд горилла сармагчны амьдралын тэнцвэрт байдлыг хадгалахын тулд шинэ санал санаачилгыг дэмжих, харж хандахад зориулагддаг гэдгийг хэлэхэд таатай байна.

Амьтдын шигүү суурьшил ба хүн амын сийрэгшил

Зэргэлдээх томоохон “Serengeti” болон “Kruger Park “ байгалийн цогцолборт газартай харьцуулбал олонд бага танигдсан тул ан амьтдын тоо толгой арвин хэдий ч энэ зүгт зоригсдын тоо цөөн гэдгээрээ онцлог юм. Угандагийн зэрлэг онгон байгалийн үзэмж гоо төгс хамгийн том дархан цаазат энэхүү газар руу өглөө эртлэн зүглэвээс хэн бүхэн цээж дүүрэн цэнгэг агаар амьсгалж “Murchison” хүрхрээний эх хүртэл Нил мөрнөөр зугаалах боломжтой юм. Мөн хүйтэн шар айраг уун завин дээр тухлах зуураа үлэмж биет заан, аварга амаа ангалзуулж, шүдээ ярзалзуулсан матар болон усны үхрийг харж болох аж . Харин Елизабет хатны дархан цаазат газрыг зорьсон гийчид хурд хүчний гайхамшиг болсон ирвэс болон ууланд шаламгай гэх чинь авирдаг арсланг харж болно. Тун цөөхөн аянчид “Kidepo” хөндийд хүрч чаддаг хэдий ч ховор содон амьтдыг итгэмээргүй үлгэрийн мэт үзэсгэлэнт орчинд харж чаддаг байна.Очихыг хүсэж буй газруудаа жагсаан төлөвлөж байгаа бол хирс хэмээх амьтныг хамгийн ойроос харах завшааныг Ziwa хирсний өлгий нутаг сонин байж болох юм.

Амь өрссөн адал явдал

Адреналины хүчтэй ялгарлаас сэтгэл ханамж авдаг хэн бүхний зорих газар бол яах аргагүй Уганда улс бөгөөд тэр дундаа догшин ширүүн урсгалт Нил мөрний хөөсөрхөг усан дээр хөдөлгүүрт эсвэл хөнгөн сэлүүрт завиар аялах явдал юм. Харин олон янзын шумбалтын төрлийг туршигчдын хувьд “Bujagali” хүрхрээн дээрээс агаарт шумбан, хурдтай уналтын хүчийг мэдэрч болох юм. Мөн явган аялагчид ч ЮНЕСКО-гийн дэлхий өвд бүртгэгдсэн “Сарны уул” хэмээх нэрээрээ алдаршсан “Rwenzori” ууланд авирч зориг тэвчээрээ шалгаж болох юм. Оргилд нь хүрч чадсаны шагнал болгож гайхам сайхан дүр зураг таны өмнө мэлтийх бөгөөд эквадорын манант орчинг онцлох нь зүйтэй. Энд нэгэн мартаж үл болом адал явдал бол Уганда, Конго болон Руанда улсын хил дээр дамнан орших зургаан сөнөсөн гурван идэвхтэй “Virunga” нэрт галт уулын орчимд явган аялал юм. Сүрдмээр боловч гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг байна

Үхэхэд ч харамсахгүй дүр зураг

Зэрлэг сафари аялал дуусах үест шороон зам дээрх хатуу ширүүн аяны ядаргаагаа тайлах хэрэгтэй болдог. Урт удаан аяллын алжаалаа таягдан хаяхад зориулагдсан мэт газрууд Уганда улсад цөөнгүй бий. Илбийн мэт манант орчноос сугаран товойсон уул толгодоор хүрээлүүлсэн “Bunyonyi” нуурын мандал яг л мансууруулам увдистай мэт . Хэмжээгээрээ далай мэт “Victoria” нууран дунд орших “Ssese” арал нь хамгийн зөөлөн цагаан элс, хамгийн хурц нарны тусгалтай бөгөөд энэ бол амттай ном, дүүжин ороо авчирч ирээд тухлах газар яах аргагүй мөн. Харин Уганда улсын зүүн хэсэг дэх Sipi хүрхрээ нь урдаа таарсан бартааг зад татан тэмүүлж урлагийн бүтээл мэт өө сэвгүй доош урсах нь үгээр тайлбарлахад ч бэрх. Тус орноор зочилсон хэн бүхэн нутгийн кофе хийх аргачлалыг анзаарахгүй байхын аргагүй. Бэлэн болсон кофеныхоо амтыг нь үзэх зуураа гадил жимсний талбайг ажиглан суух юутай таатай.