Аюулгүй ажиллагааны стандарт шинэчлэлийг шаардаж байна

... Элэг бүтэн эгэл жирийн нэгэн гэр бүлийн хангай шиг түшигтэй аав, хайрт хань нь хөөрхөн хүүхдээ үнсээд ажилдаа яваад эргэж ирдэггүй гашуун сургамж уул уурхайн салбарт бий. Үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө ажлыг хүндийг ажралгүй, хүний дайтай амьдаръя гэсэн бодол тээсээр явсан ч үйлдвэрлэлийн ослын балгаар нарт ертөнцийг орхиж байгаа нь харамсалтай.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжих болсон. Энэ нь нийгэм, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй ч нөгөө талаасаа хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг олон улсын түвшинд хүргэхийг шаардаж байгаа хэрэг. Их мөнгө далласан ашигт малтмалын салбарт үйлдвэрлэлийн осолд өртөж, амь насаа алдан, эрүүл мэндээрээ хохирсон хүний тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа тухай зүрх өвтгөм статистикийг өнөөдөр болсон “Уул уурхай, бичил уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал, цаашдын зорилт” сэдэвт уулзалт, ярилцлагын үеэр

МХЕГ-аас гаргаснаа дуулгалаа. Хоёр өдөр болох уг уулзалтыг ОУХБ-ын дэмжлэгтэйгээр НХХЯ-наас зохиож байна. Уулзалтад ЭБЭХЯ, ЭМЯ, МХЕГ зэрэг холбогдох яам агентлагийн төлөөлөл болон уул уурхайн томоохон компани, төрийн бус буйгууллага, хөдөө, орон нутгийн салбар хороодын дарга, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаач багтсан 150 орчим хүн оролцож байгаа юм. Тэд уул уурхай, бичил уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийн тулгамдаж буй асуудал хийгээд хэрхэн шийдвэрлэх болон цаашдын зорилтын талаар ярилцаж байна. Ёстой л “Ам нээвэл уушиг нээ” гэдэг шиг НХХ-ийн сайдаас эхлээд иргэний нийгмийн төлөөлөл МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, АОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар зэрэг салбар салбарын төлөөлөл энэ талаар санал бодлоо хуваацлаа. НХХ-ийн сайд Т.Ганди “Эрүүл аюулгүй орчинд ажилууллах үүргийг ажил олгогч хүлээж байх ёстой. Энэ шаардлагыг нь төр, засаг холбогдох байгууллагууд үйлдвэрчний эвлэлийн зүгээс гурван талт зөвшилцөлийн байдлаар хянаж байх ёстой. Гэтэл хүмүүс хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй аман хэлцлээр ажилд авдаг нь үйлдвэрлэлийн осол гарах үндсэн шалтгаан болж байгаа юм. Нөгөө талаас иргэдэд эрүүл аюулгүй орчинд ажиллах, хөдөлмөрийн гэрээ байгуулахын ач холбогдлын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байгаатай ч бас холбоотой юм. Энэ нь иргэдэд хууль сурталчилан таниулах шаардлага байгааг харуулж байна.

Бид ч нийгмийн үнэлгээ, эрх зүйн орчинг сайжруулах, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж стандарт тогтоох, олон улсын стандартад нийцсэн ажлын байрыг бий болгох чиглэлээр бодлого явуулж байна” хэмээн ярилаа. Мөн уул уурхайн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Бэлээхэн “Бороо Гоулд”, “Рио Тинто” зэрэг томоохон компанийн тэргүүн туршлагыг авч хэрэгжүүлэх боломж байна. Учир нь, тэдний туршлага манай хөрсөнд буусан учраас хэрэгжүүлэхэд илүү үр дүнтэй. Түүнээс биш, гадаадаас том компанийн туршлагыг хуулах, 500 хуудастай зузаан ном орчуулах тийм чухал биш ээ. Нөгөө талаас үйлдвэрлэлийн ослын багагүй хувь нь иргэдийн өөрсдийн санамсаргүй, хайнга байдлаас болдог. Тиймээс тэдэнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх мэдлэг, мэдээллийг аль болох энгийн хүнд ойлгомжтой хүргэх нь чухал гэдгийг МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х. Ганбаатар онцолсон юм.

Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Л.Ариунтуяа гар аргаар алт олборлогч иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар хэлэхдээ, “манай аймагт уул уурхайн чиглэлээр дөрвөн ч томоохон компани үйл ажиллагаа явуулдаг. Цээл суманд “Алтайн хүдэр” хүдрийн компани, Бигэр суманд “Марко Поло” алтны компани, Чандмань, Төгрөг сумын нүүрсний уурхай ордог. Түүнчлэн Говь-Алтайн тав, зургаан сум алтны ордтой тул 1000 орчим хүн гар аргаар алт олборлож амьжиргаагаа залгуулдаг. Үүнээс 20-40 насны 200-гаад нь тогтмол ажилладаг. Гар аргаар алт олборлогч иргэдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлыг төр зөнд нь орхигдуулсан гэж хэлж болно. Тиймээс энэ тал дээр цаашид нэлээд анхаарч, хөрсөн дээр буусан, амьдралд ойрхон бодлого шийдвэрийг авч үзээсэй хэмээн хүсэж байна.