Аялал жуулчлалыг шүүрэлтээс аваръя

Сүүлийн жилүүдэд бид жуулчны тоог нэмэгдүүлэхэд хэт анхаарч, аялал жуулчлалын сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлэх, бууруулах ажлыг орхигдуулах болжээ. Тиймээс уг салбарын ашиг шимийг монголчууд хүртэж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм. Жуулчдын мөнгө манайд үлдэхгүй, гадагшаа урсч байна гэсэн харамсал, гаднынханаас болж биеэ үнэлэлт эх захаа алдаж, монгол хүний үнэлэмж буурч байна гэсэн нийгмийн эсэргүүцэл, бухимдал зэрэг нь аялал жуулчлалын салбарын бодлогын алдаа, үйлдлийн уршиг юм.

Аялал жуулчлалын эдийн засгийн сөрөг нөлөөлөл хөгжиж буй бүс нутагтаа инфляцийг хөөрөгддөг, харьцангуй хямд бөгөөд улирлын чанартай ажлын байр бий болгодог зэрэг дутагдалтай. (Weaver, 2006). Гэхдээ хамгийн хор хөнөөлтэй нөлөөлөл нь leakage буюу “шүүрэлт” бөгөөд энэ нь тухайн улсад аялал жуулчлалаар дамжин орж ирсэн мөнгө буцаад гадагш алдагдах үйл явц юм. Салбарынхны дунд “Жилд ирдэг 40 мянга гаруй БНСУ-ын жуулчин “Корэйн Эйр”-ийн онгоцоор ирээд, солонгос эзэнтэй газруудаар үйлчлүүлээд буцдаг учраас монголчуудад ямар ч ашиггүй байдаг” гэх яриа байдаг нь манайд шүүрэлт маш өндөр байгаагийн тод жишээ юм.
Шүүрэлтийн шалтгаан нь юу вэ?
Шүүрэлт нь үйлдвэрлэл сул хөгжсөн, буурай орнуудад зайлшгүй тохиолдох ба импортын бараа, бүтээгдэхүүний өндөр хэрэглээ, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин гэсэн хоёр үндсэн шалтгаантай. Үүнийг зарим судлаач зорих газрын хөгжлийн мөчлөгтэй, зарим нь жуулчны зан байдлын онцлогтой холбон тайлбарладаг. (Egmond, 2007; Pearce, 2008). Батлерийнхаар (Butler, 1980) шүүрэлтийн шинж тэмдэг аялал жуулчлалын хөгжлийн бүх шатанд (голдуу III болон IV) илрэх бөгөөд гагцхүү зөв бодлого, менежментээр бууруулах боломжтой аж.
Шүүрэлт нь дараах замаар явагддаг
1. Импортын бараа, бүтээгдэхүүнээр дамжина
Аялал жуулчлалын үйлчилгээний газрууд аль болох хэрэглэгчиддээ таашаагдсан, нэр хүндтэй, гадаадад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн хэрэглэхийг эрхэмлэдэг. Харамсалтай нь энэ хандлага валютаар худалдан авдаг импортын бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, шүүрэлт явагдах нөхцөл бүрдүүлдэг. Шүүрэлт өндөр орнуудын жишээнд Тайланд (70 хувь), Куба (75 хувь), Карибын орнууд (80 хувь)-ыг дурдаж болно (Page, 2009; UNEP, 2012).
Коста Рикагийн аялал жуулчлалын бүсэд явуулсан судалгаагаар жуулчны зарцуулсан нэг ам.доллар тутмаас дөнгөж зургаан цент л орон нутагтаа үлддэг гэсэн дүн гарчээ (Eagles et al., 2002). Гэтэл Сингапурт шүүрэлт харьцангуй бага буюу 27-38 орчимд хэлбэлздэг байна.
Мөн шүүрэлт өндөртэй оронд жуулчны зарцуулсан нэг ам.долларын үнэ цэнэ 50 цент хүртэл буурч байхад, өөрөө үйлдвэрлэгч оронд зарцуулсан нэг ам.доллар нь аялал жуулчлалын үржүүлэгч хүчин зүйлийн нөлөөгөөр хоёр цаашилбал дөрвөн ам.долларын үнэ цэнэд хүрдэг тооцоо бий. (Page, 2009).
Үйлдвэрлэл сул хөгжсөн орны хувьд импортын бүтээгдэхүүн худалдан авах нь зайлшгүй боловч, аль болох дотооддоо үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгох замаар энэ нөлөөллийг бууруулдаг байх юм.
Монголын гэр баазууд, тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээ нь орон нутгийн эдийн засгийг дэмжих, шүүрэлтийг бууруулах талаар олон улсад үлгэр жишээ болж чадна. Гэрэл зургийг www.snowpeak.wordpress.com, www.discovermongolia.mn сайтуудаас авав.
2. Гадаадын хөрөнгө оруулалт, татварын чөлөөлөлтөөр дамжина
Хөгжиж буй орнуудын хувьд аялал жуулчлалыг дагалдан гарч болох сөрөг нөлөөллийг үл харгалзан гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, түүгээр дамжуулж жуулчдын тоог нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжих, ажлын байр, валютын нөөцөө өсгөх эрмэлзэлтэй байдаг. Энэ шалтгааны улмаас аялал жуулчлал, дэд бүтцийн томоохон төслүүд тухайлбал, зочид буудал, амралтын цогцолбор, нисэх буудал, авто зам, барилгын ажлыг гадаадын хөрөнгө оруулалт, менежментээр хийлгэж, түүнийгээ татварын таатай орчин бүрдүүлэх замаар давхар дэмждэг. Тодорхой хугацаанд татвараас чөлөөлөх, хөрөнгө оруулалтын босгыг бууруулах, техник, тоног төхөөрөмжийг нь гаалийн татвараас чөлөөлөх зэрэг олон арга зам бий. Гэвч энэ нь тухайн улс аялал жуулчлалын салбараас урт удаан хугацааны турш маш бага ашиг олох нөхцөл бүрдүүлдэг бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт үр ашгаа өгч эхлэх үед тухайн зорих газар нь жуулчдын сонирхлоос хэдийнэ гарсан байх ч явдал бий.
Шүүрэлт томоохон хөрөнгө оруулалтаар хязгаарлагдахгүй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдээр (олон улсын сүлжээ, франчайзинг бизнесүүд багтана) дамжин явагддаг. Олонх тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагуудаар үйлчлүүлж буй жуулчид нь төлбөр тооцоогоо гадаад улсдаа хийдэг учраас аялал жуулчлалын хамгийн чухал “үржүүлэгч шинж чанар”-ыг үгүй болгодог (Walker, 2011). Бүх л хөнгөлөлт, чөлөөлөлтийг гадаадын хөрөнгө оруулагчдад олгосноор өнөөдөр эдийн засгийн хувьд ямар ч ашиг хүртэж чадахгүй байдалд орсон жишээг Өмнөд Америк, Африк, далайн орнуудаас харж болно.
Белизийн далайн эргийн дагуух амралтын газруудын 90 гаруй хувийг гаднын хөрөнгө оруулагчид эзэмшдэг (Page, 2009). Швед тавилга, америк сэнс, солонгос хөргөгч, япон телевизор, мексик бөс бараа, герман машин, хятад чимэглэл.
Мөн шүүрэлт үүсэх өөр нэг хүчин зүйл нь өөрийн орны бүтээгдэхүүн, үйлчилгээг илүүд үзэх жуулчны ухамсар, хандлага юм. Энэ нь ялангуяа Азийн жуулчдад түгээмэл ажиглагддаг. Жишээ нь, япончуудын дарангуйллаас гараад өөрсдийн хүч хөдөлмөр, хамтын зүтгэлээр улсаа өнөөдрийн зэрэгт хүргэсэн солонгосчуудын сэтгэл зүйд зөвхөн Солонгосоо л гэсэн ухамсар бат суусан байдаг. Энэ ухамсарт нь нөлөөлөх, өөрчлөх гэж оролдох нь магадгүй хэтэрхий гэнэн, үр ашиггүй чармайлт байж мэднэ. Үүнийг Азийн эдийн засгийн хямралын үеэр эмэгтэйчүүд нь үнэт эдлэлүүдээ сайн дураар улсдаа хандивлаж, бүх нийтээрээ импортын бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаж байснаас харж болно(Fallon, 2005). Тэгвэл бид яах ёстой вэ?

Шүүрэлтийг хэрхэн бууруулах вэ?
Олон улсын туршлагаар шүүрэлтийг бууруулах хэд хэдэн арга зам байна.
1. Гадаадын хөрөнгө оруулалтын босгыг нэмэгдүүлэх нь дотоод зах зээлээ хамгаалах маш чухал зохицуулалт юм. Өнөөдөр энэ босго хэт бага байгаагаас жуулчлалаар тэтгэгдэж байдаг жижиг бизнесүүд хүртэл олонх нь гадаадын хөрөнгө оруулалттай болсон байна. Тэд бол 1) зээлийн дарамтгүй, 2) менежмент сайтай, 3) худалдан авагчийн зүгээс дэмжлэгтэй, 4) татварын тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг. Зах зээлийн өрсөлдөөнд тэсч үлдэх өрсөлдөх давуу талуудын (хямд үнэ, бүтээгдэхүүний ялгаралт) аль нь ч дотоодын аж ахуйн нэгжүүдэд байхгүй, түүнийг бүрдүүлж өгөөгүй одоогийн нөхцөлд аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөжийн талаар яриа хоосон лоозон байх болно. Үндэсний аж ахуйн нэгжүүдийн санхүү, менежмент сайжирч буй нөхцөлд хөрөнгө оруулалтын бодлогыг эргэж харах, эхний ээлжинд гадаадын хөрөнгө оруулалтын босгыг эрс нэмэгдүүлэх, цаашид аливаа татвар, чөлөөлөлтөөс ангид байлгах шаардлагатай байна.
2. Шүүрэлтийн сөрөг нөлөөг бууруулах нэг арга бол дотооддоо үйлдвэрлэдэг импортын ижил төрлийн бараанаас аль болох татгалзах, түүнд өндөр татвар ногдуулах, хориглох явдал юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн аргаар үйлчилгээний байгууллагуудад дотоодын, орлох чадвартай бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлдэг. Жишээ нь, жуулчны баазад гадаадад үйлдвэрлэсэн саван, шампунийн оронд Монголд үйлдвэрлэсэн, байгалийн гаралтай халгайтай шампунь, тансаг саванг хэрэглэхийг санал болгох нь жуулчдын сэтгэл ханамжид ч, дотоодын эдийн засагт ч чухал ач тустай. Энэ санаачилгыг захиргааны, урамшууллын, сайн дурын гэх мэт олон хэлбэрээр дэмжих боломж бий.
3. Зарим улс жуулчдыг тодорхой хэмжээний бэлэн мөнгөтэй хил нэвтрэхийг зөвлөдөг, виз олгохдоо аяллын зардлаа хариуцах чадвартайгаа нотлох шаардлага тавьдаг нь цаагуураа жуулчдын дотоод дахь мөнгөн зарцуулалтыг төрийн зохицуулалтаар дэмжиж буй явдал юм. Мөн үйлчилгээний газруудад зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийх, бэлэн бус төлбөрийн хэрэгслийг өргөн ашиглах нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн татварыг бодитой тооцох, валютыг дотооддоо барих боломжийг олгодог.
4. Төрөөс аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг зохицуулах замаар шүүрэлтээс зайлсхийж болно. Аялал жуулчлалын томоохон бүтээн байгуулалтыг тухайлбал аялал жуулчлалын цогцолбор, үзмэрүүдийг гадаадын хөрөнгө оруулагчдын биш 1) төрийн хөрөнгөөр, 2) төр, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтаар, 3) тодорхой болзол хангасан аж ахуйн нэгжүүдэд урамшуулал, мөнгөн дэмжлэг олгох зэрэг хэлбэрээр хийж болох юм(Tribe, 2011).
Жуулчдын тоог зохистой хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх нь чухал ч жуулчлалын салбараас Монгол Улс ашиг олдог байх нь түүнээс чухал билээ. Иймд бидэнд дотоодын зах зээлээ хамгаалах тусгай бодлого шаардлагатай байна. Шүүрэлтийн нөлөөллөөс зөв менежмент, иргэний ухамсар, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгжүүдийн хүчин чармайлтаар гарч, монголчууд аялал жуулчлалын эдийн засгийн үр нөлөөг бүрэн дүүрэн хүртэх цаг удахгүй ирнэ гэж итгэж байна.
Э.Баттулга /Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга/