Аялал жуулчлалын мэдээллийн “төв шиг” төвтэй боллоо

“Аялал жуулчлалыг хөгжүүлэх том түлхэц нь мэдээлэл. Тиймээс ч энэ мэдээллийн төв нээгдэж буй” хэмээн ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл Нийслэлийн аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны төвийн нээлтэн дээр хэллээ.

Аялал жуулчлал өндөр хөгжсөн орны хувьд аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны төвүүдийг өндөр хэмжээнд авч үздэг. Манай улсын мэдээллийн төвийн хувьд сүүлийн жилүүдэд байгууллагуудын халааснаас халаасанд шилжиж, байршлаа олонтой сольж, сүүлдээ орох ч газаргүй болсон удаатай. Гэсэн ч өнөөдөр мэдээллийн төв шинэ удирдлагатай, байртай боллоо. Тус төв нь Монголд ирсэн гадаад, дотоодын жуулчдад бүх төрлийн мэдээлэл өгөх холбогч гүүр нь болно. Мөн жуулчдад зориулсан 70108687 лавлах утсаар мэдээлэл өгч, гомдол санал хүлээн авна гэдгийг холбогдох албаныхан нээлтийн үеэр хэллээ. Одоогоор төвийн ажилтнууд Англи хэлээр мэдээлэл өгөх бөгөөд удахгүй Орос, Хятад, Герман, Англи гэсэн дөрвөн хэлээр мэдээлэл өгдөг болох гэнэ.

Тус төв нь зөвхөн мэдээллийн төв биш бөгөөд сургалт сурталчилгааны үйл ажиллагааг давхар хариуцна. Тиймээс шинээр орж буй байрандаа 40 хүний багтаамжтай сургалтын танхимыг тохижуулж, аялал жуулчлалын салбарын боловсон хүчнийг чадавхжуулах бүх шатны сургалтыг явуулахаар болжээ.

Мэдээллийн төв аялал жуулчлал өндөр хөгжсөн хотуудын адилаар хоттой танилцах тойрон аяллын автобустай болсноо Нийслэл аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга хэлсэн юм. Тус автобус өдөр бүр тогтсон цагт мэдээллийн төвийн гаднаас хөдөлж, жуулчдыг Улаанбаатар хоттой танилцуулах юм байна.

Аялал жуулчлалын мэдээлэл сурталчилгааны төв нь Нийслэлийн нутгийн захиргааны IV байр буюу хуучнаар Улаанбаатар бизнес хөгжлийн төвд байрлаж байна.