Аялал жуулчлал “хариуцагч” юу хийж байна вэ?

Өнгөрсөн хугацаанд алдуул мал шиг зөнгөөрөө явж ирсэн аялал жуулчлалын салбарыг шинэ яам өөд нь татаж өндийлгөнө гэдгээ амласан. Энэ хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж буйгаа ч мэдэгдсэн. Тэгвэл тус салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, манайхыг зорихоор шийдсэн гаднынханыг зүг чигтэй болгохоор "Аялал жуулчлалын Цаглабар-2013”-ыг монгол, англи хэлээр эмхэтгэн гаргаад байна. Энэ нь соёл, спорт, аялал жуулчлалын салбарын хэмжээнд Монголд зохион байгууллагддаг нийт 103-н арга хэмжээний фото зураг, товч агуулга, зохион байгуулагдах хугацаа, газар, холбогдох хаяг, утас зэргийг нэгтгэсэн 60 нүүр бүхий сурталчилгааны сэтгүүл юм байна.

Өнгөрсөн жил манай улсад зочилсон жуулчдын 60.7 хувь нь Монгол орны үзэсгэлэнт байгалийг сонирхож ирснээс гадна нүүдэлчдийн ахуй соёл, зан заншилтай танилцахыг хүссэн бол 48.3 хувь нь түүнтэй холбоотой арга хэмжээ, баяр наадмын үйл ажиллагааг үзэхээр зорьж ирсэн гэдгийг Соёл, спорт аялал жуулчлалын яам мэдээлжээ.
“Ай-Ти-Би Берлин-2015” үзэсгэлэнд түншилнэ
Тус яамны зүгээс дэлхийд брэнд бүтээгдэхүүнээ сурталчлах тал дээр нэлээд анхаарч ажиллаж буй. Үүнтэй уялдуулан ХБНГУ-д 2015 онд зохион байгуулагдах “Ай-Ти-Би Берлин-2015” аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцохоор болсон билээ. Уг ажлыг зохион байгуулах Үндэсний хороог байгуулахаар холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Тус үзэсгэлэнд түншээр оролцсоноор зөвхөн жуулчдын тоо нэмэгдээд зогсохгүй Монгол Улсын гадаад сурталчилгааны брэнд дүр төрхийг бүрдүүлэх, улмаар олон улсад танигдах, аялал жуулчлал, соёл урлаг, зам тээвэр, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бүхий л салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах ач холбогдолтой ажээ.
Спорт болон шашны аялал зохион байгуулна
ОХУ-ын Дорнод Саяны өндөрлөг уулс, Шумакийн дархан газраас Монгол Улсын Хөвсгөл аймгийн Хатгал сум хүртэлх нийт 350 километр замд Монгол Буриадын тамирчдын явган, морин, усан замын спорт аяллын хөтөлбөр хэрэгжүүлэхээр Монголын адал явдалт спорт аяллын холбоотой гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Мөн Дорноговь аймгийн нутагт шашны соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгохоор судалгаа хийх, сурталчилгааны нэвтрүүлэг, дүрс бичлэг, гэрэл зураг, танилцуулга бэлтгэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран хийж байгаа аж.
Түүнчлэн Нийслэлийн аялал жуулчлалын газраас жуулчны улирал эхэлж байгаатай холбогдуулан аялагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаагийн албан хаагчдад Англи хэлний ярианы ном тараах, гарын авлага хэвлүүлэх ажлыг хийж байна.