Багануур дүүргийг аж үйлдвэрийн хот болгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нар Багануур дүүрэгт ажиллаж, Засаг даргын Тамгын газрын болон тавдугаар хорооны ажилтай танилцав. Энэ үеэр нийслэлд хийгдэж байгаа,цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар иргэдэд мэдээлэл өгч, гэр хорооллыг амины тохилог сууцтай болгох ажил эрчимтэй эхэлж байгааг хэлсэн байна. Мөн "Гэр хороололд дахин төлөвлөлт зайлшгүй хийгдэх хэрэгтэй, 2013 онд 40.000 айл өрх гэр хороололд амины тохилог сууцанд амьдарна, энэ ажилд иргэдээ татан оролцуулна" гэжээ.

Энэ үеэр хотын мээр Багануур дүүргийг аж үйлдвэрийн хот, дүүргийн төв болгохоор Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны чиг хандлагад тусгасан байгааг хэлж, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тухай хууль батлуулахаар ажиллаж байгаа тухай ярьсан байна. Нийслэлээс 137 км зайтай, 30000 гаруй хүн амтай, 62000 м.кв нутаг дэвсгэр бүхий нийслэлийн алслагдсан дүүрэг ийнхүү аж үйлдвэрийн хот болох ажээ.