“Бага орны дотоод зовлон” номын тухай

Ахмад дипломат, түүхч, орчуулагч Т.Төмөрхүлэгийн “Бага орны дотоод зовлон (Монголчуудын жишгээр)” ном саяхан уншигчдын хүртээл болжээ. Номын зохиогч бүтээлээ өлгийдэн аваад удалгүй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүндэт легионы одонгоор шагнуулсан байна. Энэхүү одон нь Францын цэргийн болон иргэний хамгийн дээд шагнал бөгөөд дайны цагт онцгой гавьяа байгуулсан хүндтэй хүмүүст олгодог. Мөн тус одонгоор Францын соёлыг дэлхийн улс, оронд сурталчлахад онцгой хувь нэмэр оруулсан гадаадын иргэдийг шагнадаг ажээ. Уг номонд зохиогч өөрийн амьдралд тохиолдсон үнэн бодит явдал, түүнчлэн сонссон дуулсан, харж ажигласан, эргэцүүлж бодсон бүхнээ нэгтгэн, амьдарч буй нийгмийнхээ үнэн дүр зургийг буулган өгүүлсэн нь уншигчдаас сайн үнэлгээ аваад байгаа юм. Тэгвэл шүүмжлэгч Б.Батбаатар номын тухай юу өгүүлсэн бэ? Түүний бичсэн тэмдэглэлийг хүргэж байна.

Хэдхэн жилийн өмнө нэг япон эмэгтэй “Монголчууд хийж бүтээхээсээ илүү том зүйлийг мөрөөдөх зан, өөрөө бүтээсэн бахархалгүйн хар гайгаар зөвхөн өнгөрсөн үеийнхнийхээ бүтээл, түүхэнд баясаж, тэдэн рүүгээ л харж ирээдүйгээ үл ойшоосон байдал, буруу бодлоготой төр засгийн оюутан залуусаа ажлын байр, мэдлэг, чанартай боловсрол гэхээсээ илүү бэлэнчлэх сэтгэлгээнд дагуулсан үйлдлүүд нь залуу үеийнхний бодож сэтгэх ухааныг нь, хөгжилд тэмүүлэх хүслийг нь хааж “Тархины тураал” руу хөтөлсөөр байна.” хэмээн дүгнэж Чингисийн баатруудад ад үзэгдэж байсан цаг саяхан.

Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй атлаа өрөөлийн толгой дээрх өвсийг хардаг муухай зантай монголчуудын хувьд гадны хүнээр шүүмжлүүлнэ гэдэг хэцүү байсан байх. Харин энэхүү бүтээл нь Монголын ахмад дипломатч, гадаад бодлого, олон улсын харилцааны сэдвээр 30 гаруй жил судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан хүний нүдээр

өөрсдийн нийгмийн эрээн бараан, шалдар булдар байдал, монгол зан чанарын тухай өөрт тохиолдсон явдлууд дээр дүгнэлт хийж, бусад улс орнуудтай харьцуулж өгсөн нь бидний заавал унших бүтээл.

Тэгээд ч уг номын бүлэг бүр өнөөгийн нийгмийн асуудлуудыг ёжилсон, егөөдсөн заримдаа уншигчдын хор шарыг малтсан бичиглэлийн хэв маягтай тул уншихад их амар бөгөөд төгсгөлд нь өөрийн эрхгүй асуулт үлдээж, нэгийг ухааруулах нь үнэхээр урамтай.

Тухайлбал номын нэгдүгээр бүлэгт эрх мэдэлд дурлаж, даргын хэнээтэй цүнх баригчдын армийг ёжилж өнөөдөр сургууль төгсөж буй залуучуудаас өндөр цалинтай техникийн ажил хийх үү? Цалин багатай даргын ажил хийх үү? гэхэд даргын ажлыг сонгох залуучууд олон бий. Энэ бол өнөө үеийн амьдрал, оюун сэтгэлгээний ядуурал хэр хэмжээнд хүрснийг харуулж буй хэрэг гээд, “Манай улсын их дээд сургуулиуд зангиа зүүж ширээний ард суудаг хүмүүсийг л голдуу бэлтгэдэг болж” хэмээн дүгнэжээ.

Номын дараагийн бүлгүүдэд монголчуудын “Ауа их”-ийн хэнээрхэл, цамаан, үрэлгэн зангийн тухай, бусдыг дуурайх, хуулбарлах сэтгэлгээ, өөрийгөө дөвийлгөх монгол хүний зан чанарын тухай ч хөндөж, эдгээрийг өөрчлөх ганц арга нь ард түмний сэтгэлгээг өөрчлөх үйл явц бөгөөд хөгжилд хүрэхийн тулд хүмүүсийн сэтгэх аргад өөрчлөлт хийх хэрэгтэй гэдэг хоосон үг биш юм шүү хэмээн ухааруулахыг зорьсон нь харагдана.

Энэхүү номыг уншиж дуусаад бид бурууг өөрөөсөө эрэхээс үхтлээ айдаг болчихсон мэт санагдав. Ингэснээр аливаа буруу ташаа зүйлсийг эзэнгүйдүүлж, байдаг л зүйл мэтээр нийгэмд хэвшүүлчихдэг. Харин нэг ч гэсэн хүн өөрийнхөө бурууг хайж олоод, өөрчлөгдвөл улмаар бусдад нөлөөлж чаддаг аж.