Байгалийн “толгойг” биш, хүний толгойг хөгжүүлэх нь

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д хийсэн айлчлалынхаа үеэр нэгэн чихэнд чимэгтэй аман хэлэлцээр хийсэн байна. Энэ нь Монгол-Германы хамтарсан Технологийн их сургуулийг Улаанбаатар хотод байгуулахаар тохиролцсон явдал юм. Энэ талаар ГХЯ-ны Европын газрын ажилтан Б.Энхтуяа “Уул уурхай, сэргээгдэх эрчим хүч зэрэг олон чухал салбар хөгжиж эхэлж байгаатай холбогдуулан инженер, техникийн өндөр мэдлэг чадвартай, мэргэшсэн ажилтан бэлтгэх, сургах зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэх сургууль манайд байхгүй учраас гаднын орнуудад олон жил, зардал ихтэйгээр суралцаж төгсдөг. Тиймээс чадварлаг мэргэжилтнийг эх оронд нь бэлтгэх зорилгоор Монгол-Германы хамтарсан Технологийн их сургуулийг манайд байгуулахаар айлчлалын үеэр ярилцаж, тохиролцсон. Энэ сарын сүүлчээр Германаас судалгааны мэргэжлийн баг ирж, сургууль байгуулах техник, эдийн засгийн үнэлгээ, бусад шаардлагатай зүйлийг бүрдүүлнэ” гэж ярилаа.

Герман бол Монгол судлалаараа дэлхийд тэргүүлэгч орон билээ. Тус улсын нэр хүнд бүхий томоохон их, дээд сургуулиудад Монгол судлалын тэнхимүүд ажиллаж, доктор профессорууд судалгаа шинжилгээний ажлаа хийсээр байгаа. Гэхдээ энэхүү хамтарсан сургууль байгуулагдсанаар үүнээс ч олон мянган боловсон хүчин инженер, техникийн төдийгүй бусад салбарын судалгаа шинжилгээг эх орондоо хийж, мэргэжих боломжтой болох юм. Мөн сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, нүүрс шингэрүүлэх технологи зэрэг удахгүй үүдээ нээж, үүцээ задлах салбаруудад энэ чиглэлийн мэргэжилтэн, боловсон хүчин үнэхээр дутагдаж байгаа билээ. Байгалийн баялаг, боломж нөөцийг маань түшиглэн Европын их гүрнээс манайд олгож буй энэхүү томоохон боломжийг аман хэлэлцээр төдийхнөөр удаахгүй байх гэж найдъя.