Байгальд мэт тохилог амьдармаар байна уу

“Ногоон барилга-Хөгжлийн гарц” уриан дор “Барилга орон сууц 2012” үзэсгэлэн яармаг “Мишээл Экспо” төвд үүдээ нээлээ. Гурван өдөр үргэлжлэх уг үзэсгэлэн Монголын барилгын салбарынхан бүтээн байгуулалтад ногоон технолгийг хэрхэн нэвтрүүлж, хөгжүүлж байгаа талаар олон нийтэд хүргэх зорилготой юм.

Эдийн засгийн хувьд хэмнэлттэй, эрүүл мэнд төдийгүй байгальд ээлтэй ногоон байшин, сууцыг хэрхэн барих, ямар арга технологи хэрэглэхийг үзэсгэлэн зохион байгуулагчид иргэдэд тайлбарлаж, энэ талын үйлчилгээ эрхэлж буй компаниудтай холбож өгөх аж. Дэлхийн ихэнх орны иргэд сууцаа онгон байгальд байгаа юм шиг тохижуулан, байгальд ээлтэй барилгын материал ашиглаж байна. Тэр бүү хэл байгальд ээлтэй байшин, сууц, барилга, байгууламж барьсан компани, иргэдийг шалгаруулах дэлхийн хэмжээний тэмцээн, уралдаан олноор зохиогдох болжээ. Тухайлбал, Америкийн архитекторчдын хүрээлэн жил бүр шилдэг 10 ногоон төслийг тодруулж байна.

Дэлхий нийтээрээ ногоон эдийн засаг, ногоон орчны эрэлд гараад байгаа энэ үед энэхүү үзэсгэлэн болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа юм. Үзэсгэлэнд барилга, орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч, үл хөдлөх хөрөнгө худалдаалагч, зуучлагч, барилгын шинэ материал, техник технологи нэвтрүүлэгч болон банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч зэрэг нийт 110 компани оролцож байгаа юм. Тус яармагийг Барилга.мн, ЗТБХБЯ, МҮХАҮТ, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Монголын ногоон барилгын хүрээлэнгээс хамтран зохион байгуулж байна.