Байгаль хамгаалах хаврын сарын аян эхэллээ

Усгүй бол хүнгүй, ургамалгүй, цас, борооны аль аль нь үгүй. Товчхондоо хорвоогийн бүх л гоо сайхан тоос болон замхарна. Ус гэдэг амьд оршихуйн гоо үзэсгэлэн.

НҮБ-аас “Дэлхийн усны 10 жил”-ийг зарлаж, цэвэр усны гачигдалд ороод байгаа улс орныг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, аривлан хэмнэх талаар бусад улс орнуудад уриалсныг манай Засгийн газар талархан хүлээн авч 2005 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон уламжлалтай билээ. Уг өдрийг тохиолдуулж БОАЖЯ-наас жил бүр “Байгаль хамгаалах хаврын сарын аян” зохион байгуулдаг. Энэ удаа ч мөн “Байгаль хамгаалах хаврын сарын аян-2012”-ыг өнөөдөр эхлүүлсэн юм. Уг аян нь усны өдрөөр эхэлж цөлжилтийн эсрэг өдөр буюу ирэх зургадугаар сар хүртэл үргэлжлэх аж. Энэ арга хэмжээний нээлт өнөөдөр БОАЖЯ-д боллоо. “Байгаль хамгаалах хаврын сарын аян-2012” талаар БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар “Өнөөдөр дэлхий нийт болон ногоон үйл хэрэгт хувь нэмрээ оруулдаг бүх хүмүүсийн хувьд томоохон баяр гэж хэлж болно. Ер нь энэ гуравдугаар сард дэлхийн хэмжээний байгаль орчны баярын өдрүүд олон тохиолддог. Тиймээс бид байгаль хамгаалах гурван сарын аяныг зохиож байгаа. Байгаль орчны асуудал гэдэг ганцхан төр нь хүрз бариад, хууль батлаад сайжирдаг асуудал биш юм. Тиймээс ард иргэд нийтээрээ байгаль эхээ хамгаалах хэрэгтэй гэдгийг уриалах үүднээс уг арга хэмжээг зохиож байна” гэсэн юм.

Тус гурван сарын аяны хүрээнд байгаль орчинтой холбоотой уран зургийн үзэсгэлэнгээс аваад, тухайн салбарт техник технологийн шинэчлэл гээд олон ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, өнөөдөр “Ус ба хүний эрх” хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Уг Хэлэлцүүлгээр усны өнөөгийн үнэ цэнэ, үнэлэмжийн асуудлыг ярилцаж, салбар хариуцсан яамдын албан тушаалтнуудаас гадна байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцож, санал бодлоо илэрхийлсэн. Эрдэмтэн судлаачдын сануулсанаар усны нөөц жил ирэх тусам багасч байна. Үүнд, байгаль экологи, уур амьсгалын өөрчлөлт асар их нөлөө үзүүлж байгаа ч эцсийн дүндээ хүний буруутай үйл ажиллагаанаас хамааралтай болохыг онцолж байлаа. Нөгөө талаас дэлхийн усны хэрэглээ өдөр ирэх тусам өсөн нэмэгдэх болсон энэ үед хүн ам өсөхийн хэрээр усны нөөцөд хүндрэл учирч буй. Тиймээс хүн төрөлхтөн усны хэмнэлтэд шилжих шаардлагатай болохыг анхааруулж байна.

Тиймээс усны зохистой хэрэглээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна гэдэгтэй хуралдаанд оролцогчид санал нэгтэй байсан юм. Усны эл өдөр Ерөнхий сайд С.Батболд “Цаг уур орчны шинжилгээний газар” /ЦУОШГ/ очиж, салбарын ажилтай танилцсан. ЦУОШГ нь цаг уурын мэдээллийг боловсруулах орчин үеийн “супер” компьютертэй болсон байна. Уг компьютер нь секундэд 6.5 триллон үйлдэл хийх чадвартай аж. Ийм хурдаар цаг уурын ерөнхий байдлыг есөн минутын дотор л гаргаж чадах гэнэ. Харин хуучин технологиор цаг уурын үнэлгээг гаргахын тулд есөн цаг зарцуулдаг байсан байна. Мөн шинэ технологийн тусламжтайгаар цаг агаарын өөрчлөлтийг км-ын нарийвчлалтайгаар гаргах боломжтой болжээ.