Бакугийн хэмнэл

Сэтгүүлч Mongolian Economy

Евразийн энгэрт, Ар Кавказын зүүн хэсэгт манай дэлхийн хамгийн том нуур бий. Их далайтай шууд нийлээгүй боловч энэ нуурын эко систем нь тэнгис далайтай их төстэй. Иймээс 371 мянган ам метр талбайтай энэ нуурыг эрдэмтэд “тэнгис” гэж өргөмжилжээ. Эрэг орчимд нь амьдарч ирсэн янз бүрийн үндэстэн угсаатнууд Хазарын, Журжаны, Сарайн, Дербентийн тэнгис гэж янз бүрээр нэрлэж ирсэн аж. Харин өдгөө дэлхийн нийтээрээ Каспийн тэнгис гэж нэрлэж байна.

Казахстан, Иран, Туркмен, ОХУ, Азербайжан улс бол Каспийн тэнгисийн эргийн орнууд. Нэр дурдсан таван улс Каспийн тэнгисийн байгалийн баялгийг ашиглах, үр шимийг нь хүртэх усан хилээ тогтоох зорилгоор 2003 онд тунхаглал баталж байсан түүхтэй. Байгаль эх хүн төрөлхтөнд оршин тогтноход нь хэрэг болох баялаг харамгүй хайрлажээ. Каспийн тэнгисийн эрэг дагуух улс үндэстнүүд эртнээс загас агнуурын аж ахуй эрхэлдэг байсан бол ХIX зууны эхэн үеэс байгалийн өөр нэг баялгийг олборлож сурчээ. Энэ бол “хар алт” гэгддэг газрын тос байлаа.
Каспийн тэнгисийн эрэг дагуу орнуудаас хамгийн анх газрын тосыг аж үйлдвэрлэлийн хэмжээнд олборлож эхэлсэн нь Азербайжан улс юм. 1820 онд Баку хотод газрын тос олборлох цооног барьж байгуулжээ. Тухайн үед Баку хотод хэн дуртай нь Каспийн тэнгисийн эрэг дагуу өрөмдөг хийж, цооног гаргаад түүхий нефть олборлож байсан цаг үе ч байж. Хотын дүр төрх өөрчлөгдөж энд тэндгүй ёрдойсон яндан, суунагласан хар утаа баагих болов. Ийнхүү Баку бүхэлдээ хар хот болж хувирчээ.
1918-аас 1991 онд Азербайжан нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд өөртөө засах эрхтэйгээр оршин тогтнож байв. Энэ үед Азербайжан нь ЗХУ-ын газрын тосны хэрэглээний дийлэнх хэсгийг хангадаг томоохон бааз нь болж байлаа. Ялангуяа дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлтийн зэвсэгт хүчнийг түлш, шатахуунаар хангах хариуцлагатай үүрэг хүлээв. 1949 оноос эхлэн Каспийн тэнгисийн ёроолоос газрын тос олборлож эхэлсэн байна. ЗХУ-ын үед Бакуд Каспийн тэнгисийн эрэг дагуу газрын тос боловсруулах үйлдвэр төвлөрчээ. 1991 онд Азербайжан улс тусгаар тогтнолоо сэргээж хөгжлийн бодлогоо бие даан тодорхойлох болов. 1994 онд Азербайжаны төр засаг Каспийн тэнгис дэх өөрийн эзэмшлийн Азери, Чираг, Гюнешли гэсэн газрын тосны гурван томоохон орд газрыг бүрэн дүүрэн ашиглахын тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг урьжээ. АНУ, Их Британи, ОХУ, Турк, Норвег, Япон, Саудын Араб гээд долоон орны 13 компани хөрөнгө оруулалт хийж Азербайжаны газрын тосны олборлолтод оролцох болсон байна.


Азербайжаны түүхэнд “Зууны гэрээ” гэж тэмдэглэгдэн үлдсэн гэрээний дагуу 11.5 тэрбум ам.долларыг гадны орнууд хөрөнгө оруулжээ. Гэрээний дагуу 2018 онд Азербайжан улс хөрөнгө оруулагчдаас авсан зээлийг бүрэн төлөх ёстой байв. Гэвч 2006-2008 оны үед дэлхийн зах зээлд нэг баррель газрын тосны үнэ 100 ам.доллараас давсан нь Азербайжаны хувьд сайн хэрэг болов. Ийнхүү тус улс 2008 он гэхэд гадаадын орнуудад төлөх зээлээ барагдуулж чаджээ. Энэ гэрээг тус улсын түүхэнд “Зууны гэрээ” гэж нэрлэжээ.
Өдгөө 10 сая хүн амтай, 86600 квадрат км нутаг дэвсгэртэй Азербайжан улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь “Зууны гэрээ” болж байна. Азербайжаны анхны Ерөнхийлөгч Гейдар Алиевыг санаачилгаар “Нефтийн сан” хэмээх байгууллага нээжээ. Газрын тосны экспортын орлого хуримтлуулах, хэрэгцээтэй шинэ төсөлд зориулах, нийгмийн бусад салбарт хөрөнгө оруулах асуудлыг бүхэлдээ хариуцдаг ажээ. Нэгэнт тус л улсын анхны төрийн тэргүүний нэрийг дурдсан тул жаахан дэлгэрэнгүй мэдээлэл бичье.


Азербайжаны анхны ерөнхийлөгч Гейдар Алиев 1923 онд төржээ. ЗХУ-ын үед ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны улс төрийн Товчооны гишүүнээр ажиллаж байсан нам төрийн зүтгэлтэн. 1993-2003 оны хооронд Азербайжаны төрийн тэргүүнээр ажиллажээ. 2003 онд түүнийг нас бармагц түүний хүү Ильхам Алиев Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялалт байгуулжээ. Азербайжан улс тусгаар тогтнолоо сэргээснээс хойш өнөөг хүртэл ердөө хоёр ерөнхийлөгчтэй л байсан гэсэн үг. Ийнхүү эцэг хүү ээлжлэн Азербайжаны улсыг сүүлийн 30 гаруй жил удирдаж байна.
Байгалийн баялагийн олборлолтоос орж ирсэн орлогоо хэрхэн үр дүнтэй оновчтой ашиглаж ард түмнийхээ амжиргааны түвшинг сайжруулсан туршлагаа Азербайжанчууд бусад улс орнуудтай хуваалцах зорилгоор богино хэмжээний семинар зохион байгуулдаг болоод найман жил болжээ. Олон улсын Байгалийн нөөцийн Засаглалын хүрээлэн, Швейцарийн хөгжлийн агентлаг, Азербайжан дахь Евро-Азийн олборлох салбарын мэдлэгийн төв, Баку хот дахь Хазарын их сургууль хамтран “Байгалийн нөөцийн орлогын менежмент” сэдэвт сургалтандаа Төв Ази, Зүүн хойд Азийн орнуудаас эдийн засаг, банк санхүү, уул уурхай эрчим хүчний салбарын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн салбарынханыг урьж оролцуулдаг байна.
Азербайжаны мөнгөн дэвсгэртийг МАНАТ гэдэг. 100 копик нь нэг манат. Харин нэг манат нь 1.60 ам.доллартой тэнцэх ханштай. Өөрөөр хэлбэл, Азербайжаны мөнгөний ханш “чанга” гэсэн үг. Хотод автобус, метрогоор зорчиход 20 копик. Баку хотод очоод таксигаар үйлчлүүлэхэд жолооч нь тойруу замаар яваад их мөнгө нэхэх болов уу гэж санаа зовох зүйлгүй. Ухаалаг гар утсандаа UBER App суулгасан бол такси дуудах шиг амархан юмгүй. Хотын нэг цэгээс нөгөө цэг рүү явахад дунджаар 4-6 манат л болно.
Байгалийн баялаг тодорхой хязгаартай. Иймээс эдийн засгаа солонгоруулах, орлогын өөр эх үүсвэр давхар бий болгох хэрэгтэй. Ийм нэг эх үүсвэр нь аялал жуулчлалын салбар гэж тэд үзэж байна. Гадаадын жуулчдад үзүүлж харуулах түүхэн дурсгалт газар Бакуд цөөнгүй. Жуулчдын заавал очдог нэг газар бол Баку хотын эртний дүүрэг. Том чулуун хана хэрэмтэй. Каспийн тэнгисийн эргээс холгүй. Одоо хуучин хотод жуулчид очих дуртай газрын нэг болжээ.




Жуулчдад зориулсан хоолны газар, үйлчилгээ, ресторан, кафе, сувенирын дэлгүүр олон бий. Социализмын үед энэ хотод Оросын "Бриллиантовая рука" (Эрдэнэ нуусан гар) инээдмийн киноны нэг эпизодын зураг авч байжээ. Яг тэр гудамжинд нэг сэргэлэн эр "Бриллиантовая рука" гэдэг кафе ажиллуулж байна лээ.

Азербайжан улс гар хийцийн хивсээрээ алдартай юм билээ. Бакуд хотод хивсний музей бий. Мөн жуулчдын сонирхон очдог өөр нэг газар бол тус улсын анхны Ерөнхийлөгч Гейдар Алиевын нэрэмжит музей. Энэ музейн барилга нь нэг ч баганагүй. Барилгын зураг төслийг нь Их Британийн архитекторч гаргажээ. Гэхдээ энэ музейн зураг төслийг нь гаргахдаа анхны ерөнхийлөгчийн гарын үсгийг нь дуурайлгаж хийсэн гэсэн домог яриа байдаг юм билээ.

Г.Мэндхүү
МУИС-ийн багш, судлаач