Банкирууд болон төсөв
Төсвийн болон мөнгөний бодлогын хооронд ширүүн тэмцэл өрнөх жил нь 2023 он болно гэж Хенри Карр үзэж байна
Дэлхийн эдийн засаг удааширч, олон улс 2023 онд уналтад орох эрсдэлтэй байна. Холбооны нөөцийн банкны (ХНБ) бодлогын өндөр хүү нь орон сууцны зах зээлийг доргиож, ажилгүйдлийг нэмэгдүүлэх аюулыг үүсгэв. Мөнгөний хатуу бодлого долларыг чангаруулснаар инфляцыг хөгжиж буй орнууд руу “экспортолж”, улмаар валютаар өр зээлээ төлөх нь хүндрэлтэй боллоо. Үйлдвэрүүдийг хааж, хэрэглэгчдийг хүнд байдалд оруулсан эрчим хүчний хямралтай Европ тэмцэж байна. Хямрал хэр хүндрэх нь цаг агаараас шалтгаална. Харин Хятад Ши Жиньпиний тэг-ковид бодлогоос шалтгаалсан үл хөдлөхийн салбарын уналт, тогтворгүй байдалтай тэмцэж байна.
2023 оны эхний хагаст байдал дээрдэж магадгүй. Европ өвлийг давах хангалттай байгалийн хий нөөцөлсөн тул хямрахгүй. 2022 оны огцом өсөлтөө давтахгүй ч таваарын үнэ өндөр, савлагаатай хэвээр байна. Гэхдээ инфляцыг тодорхой хэмжээгээр бууруулах хэмжээнд байх юм. Гэвч инфляц, эрчим хүчний хямралын аль аль нь дуусахгүй. Ажилгүй нэг хүнд хоёр сул ажлын байр ногдох хэмжээнд хүрч хөдөлмөрийн зах зээл хүндэрсэн учраас дөрөв орчим хувьд хүрэх суурь инфляцтай ХНБ нүүр тулна. Европ өвөлдөө бэлтгэж, хийн агуулахуудаа дахин дүүргэх шаардлагатай ч 2022 оныхоос бага хийг Оросоос авна. Хятадын эдийн засаг сэргэвэл дэлхийн эдийн засаг мөн өсөж, энэ нь шингэрүүлсэн байгалийн хийн (ШБХ) эрэлтийг нэмэгдүүлнэ. Гэвч нийлүүлэлт нь энэ арваны дунд хүртэл нэмэгдэхгүй байх төлөвтэй. ШБХ-ний үнэ өсвөл эрчим хүчний хямралын хоёр дахь өвөл эхнийхээс хүнд болно.
Баян улсуудын Төв банкууд инфляцыг дарахын тулд зоригтой дайрна. Ажил эрхлэлтийг дэмжих яриа мартагдаж, үнийн тогтвортой байдал хамгийн чухал болов. Европын улсууд эрчим хүчний өндөр үнээс эдийн засгаа хамгаалахын тулд асар их мөнгө зарцуулж байна. Өсөлтийг дэмжихийн тулд мөнгө зээлэх гэсэн Британийн богино хугацааны, гэхдээ
Инфляцыг торгоохын тулд Төв банкныхан ширүүн дайрна
хэрэгжүүлэлгүй хаясан бодлогыг өөр улс ашиглаж мэднэ. Гэхдээ эл бодлого буруудсанаас харвал төв банкууд хүүг өсгөх замаар эрэлтийг танасан ч эдийн засгийг ийм байдлаар сэргээх нь буруутах магадлалтай.
Мөнгөний хатуу бодлого, төсвийн тогтвортой байдал хоорондын дараагийн зөрчил өрөнд баригдсан Италид өрнөнө. Европын Төв Банк инфляцтай тэмцэх үүднээс бодлогын хүүгээ өсгөсөн ч Италийн Засгийн газрын бондыг худалдаж авна. Гэхдээ Италийн 10 жилийн хугацаатай өрийн бичиг Германаас 2,2 хувиар илүү ашигтай байна. Европын Төв Банк бодлогын хүүг ХНБ-ны хэмжээнд хүртэл өсгөвөл Италийн төсөв ноцтой хямарна.
Гайхалтай нь бодлогын зөрчил Японыг ч ниргэж магадгүй. Инфляц зорилтот түвшнээс доогуур байсан учир бодлогын хүүг бага байлгах бодлогыг Японы Төв банк барьсны хүчинд ДНБ-ий 170 гаруй хувьд хүрсэн Засгийн газрын үлэмж өрийг тогтоон барьж ирсэн. Гэхдээ Японд инфляц өсөж байгаа нь мөн мөнгөний сул бодлого болон ХНБ-ны хатуу бодлогын хоорондох зөрчилдөөн нь иенд хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ. Хэрэв инфляц өндөр хэвээр үлдвэл Япон мөнгөний хатуу бодлого баримталж магадгүй.
Өндөр инфляцаас ангид Хятад бол төсвийн болон мөнгөний бодлогын зөрчилтэй тулгараагүй цор ганц том эдийн засаг юм. Гэвч энэ нь өсөлт удааширснаас буюу муу зүйлээс шалтгаалав. Хятад хилээ хаасаар, хөрөнгө оруулалтыг хөл хорио багатай Зүүн Азийн бусад улсад алдсаар, эдийн засгаа төр нь хянасаар байвал дэлхийн бусад улсаас улам холдоно. Хятадад тулгарч буй асуудал бол өсөлт ажилгүйдэл, өндөр хүү-өрийн тогтвортой байдал бус харин одоо-ирээдүй цаг юм. Тус улс үл хөдлөхийн хямралаа шийдэж, тэг-ковид бодлогоосоо салах ёстой.
Хөгжиж буй орнуудын хувьд ХНБ-ны хатуу бодлоготой зохицох нь гол сорилт болно. Дундаж орлоготой орнууд бодлогын хүү өндөр байсан өмнөх тохиолдлуудтай харьцуулбал илүү тогтвортой байна. Аргентин, Турк гэх мэт эдийн засгийн бодлогоо байнга зөрчиж байдаг орнуудад асуудал хүндэрнэ. Ядуу бус нутагт, ялангуяа Африкийн ихэнх орнууд хямралын ирмэгт дэнжигнэсээр. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаас өмнө тэд Хятадтай хэлцэл хийж өрийн дарамтаасаа гарах шаардлагатай. Өөр улсын бодлогын шийдвэрүүд асар их ач холбогдолтой байгаа ийм үед бодлогын өндөр хүүг Засгийн газрын их өртэй уялдуулж зохицуулах нь нэн хүнд.
ХЕНРИ КАРР, Эдийн засаг хариуцсан редактор, The Economist
Дэлхий 2023 дугаараас