​Банкууд ба финтекүүд

Өрсөлдөх үү, хамтрах уу?

Нэг үе Чингисийн Монгол дэлхийн тэн хагасыг чичрүүлж байсан шиг санхүүгийн салбарт “урилгагүй” дайрч орсон финтекүүдээс банкирууд үхтэлээ айх болжээ.

“PricewaterhouseCoopers” (PwC) санхүүгийн салбарын 1300 гаруй удирдах ажилтнаас санал асуулга авахад 88 хувь нь орлогоо алдана хэмээн зовниж байгаагаа хэлсэн байна. Банкируудын “толгойны өвчин” болсон финтекүүд гэж хэн бэ?

Финтек нь “Finance & Technology” буюу “санхүү-технологи” гэсэн үгнээс бүрдсэн товчилсон, шинэ нэр томъёо юм. 2008 онд санхүүгийн технологийн 250 гаруй гарааны бизнес АНУ-д бүртгүүлсэн бөгөөд чухам тэр үеэс л финтек гэдэг нэр бий болжээ. 2015 он гэхэд энэ чиглэлийн мянган гарааны бизнес тус улсад шинээр төрсөн байна.

2008 оноос финтекүүд борооны дараах мөөг шиг нэмэгдэхэд хоёр хүчин зүйл нөлөөлсөн гэж үздэг. Нэгдүгээрт, дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас болж банкны салбар хүнд байдалд орсон. Хоёрдугаарт, чухам тэр үеэс ухаалаг утасны хэрэглээ дэлхий даяар эрчимтэй нэмэгдсэн. Энэ бүхэн технологийн компаниудад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх боломжийг бий болгож өгчээ.

Финтекүүдийн хөгжил, цэцэглэл хүмүүсийн амьдралыг илүү таатай болгож байгаа юм. Эдүгээ хятадууд “Wechat”-аараа төлбөр, тооцоогоо хийж, америкчууд “Square Cash”-аа ашиглаад хоорондоо мөнгө шилжүүлж, бүр и-мэйлээр мөнгө явуулчихаж байна. Хүмүүст банкаар дамжуулалгүй зээл өгч, авах боломжийг бүрдүүлсэн “Lending Club” хамгийн амжилттай финтекийн жишээ болж байв. Ийм компаниуд бий болсноор ухаалаг утас хэрэглэгчид төлбөр тооцоо хийх, зээл авах, өгөх зэрэг үйлчилгээг нүд ирмэхийн зуур авдаг болов. Тэр хэрээр банкуудын уламжлалт үйлчилгээ болхи, хоцрогдсон, удаан, хүнд сурталтай мэт санагдаж эхэлжээ. Тиймээс ч финтекүүд банк, санхүүгийн салбарыг “эзэлж”, банкирууд ажилгүй болно хэмээн итгэх хүмүүс олширч, түүнийгээ “финтек хувьсгал” гэж нэрлэх болсон.

2014 онд Нью-Йоркийн хөрөнгийн биржээс нэг тэрбум ам.доллар босгож, тухайн жилдээ технологийн хамгийн том IPO хийсэн компаниар шалгарч байсан “Lending Club” финтекүүдийн “нүүр царай” болж байв.

Амжилтынхаа оргилд хүрсэн 2015 онд “Lending Club”-ын гүйцэтгэх захирал Ренауд Лапланче “Технологи компаниудад хурдан өсөж томрох боломж олгодог. Жил бүр 100 хувиар өсдөг банк гэж байхгүй шүү дээ” хэмээн хэвлэлийнхэнд ярилцлага өгч, финтекийг банкнаас илүүд үздэгээ тэмдэглэж байлаа.

Харамсалтай нь, “Lending Club” засаглалын асуудалтай байсан, зарим зээлийг холбогдох дүрэм, журмын дагуу өгөөгүй нь өнгөрсөн жил илэрч, Лапланче гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсон юм. Энэхүү скандалын дараа “Lending Club”-ын хувьцааны ханш өөдөлсөнгүй. 2015 онд 25 ам.доллараар арилжаалагдаж байсан тус компанийн хувьцааны ханш одоо таван ам.доллараас ч доош орсныг график 1-ээс харна уу.

График 1: “Lending Club” компанийн хувьцааны ханш, Нью-Йоркийн хөрөнгийн бирж


“Lending Club” нь финтекүүдийн “нүүр царай” болж байсныг дээр дурдсан. Peer-to-peer технологи ашиглан зээлийн үйлчилгээ үзүүлдэг тус компанийн ачаар хэрэглэгчид зээл авахын тулд банкинд хандаж, хэд хоног хүлээх биш, хэдхэн хормын дотор ухаалаг утасныхаа тусламжтайгаар зээл авчих боломжтой болсон. Гэтэл “Lending Club”-ын засаглал, муу зээлийн асуудлаас болж зээлийн хүү нь тодорхой хэмжээгээр нэмэгдэхэд хүрч, энэ үйл явдал финтекүүд үнэхээр банкны үйлчилгээг эрсдэлгүйгээр орлож чадах, эсэхэд томоос том асуултын тэмдэг тавьсан юм.

Ингээд сүүлийн жилүүдэд санхүүгийн зах зээлд хүч түрэн орж ирсэн финтекүүдийн тоо 2015 онд оргилдоо хүрээд, түүнээс хойш буурах болсныг график 2 харуулна.

График 2: Шинээр бий болсон финтек компаниуд

Гэхдээ энэ бүхэн финтек хувьсгал үгүй болсон, технологийн компаниуд санхүүгийн зах зээлээс шахагдаж эхэлсэн гэсэн үг биш юм. Харин ч тэд сурах ёстойоо сурч, цаашдаа ямар замаар явах хэрэгтэйгээ мэдэж авсан болов уу. Санхүүгийн салбар бол зүгээр ч нэг “Силикон хөндий” биш. Хүний мөнгөтэй харьцаад ирэхээрээ технологийн компаниуд тэдний итгэлийг хүлээх шаардлагатай болж, тогтвортой, ил тод байдал, сайн засаглалдаа анхаарах хэрэгтэйг ухаарч эхэлсэн биз ээ.

Энэ нь тийм ч амар ажил биш учраас финтекүүд банкуудыг “хална” гэж дайрах биш, харин ч тэдэнтэй хамтрах хандлагатай болж эхэлж байна.

Финтек-Хувьсгалыг хэн нэгэн зогсоочихов уу?” гэж зөвлөх үйлчилгээний “Accenture” компани санхүүгийн зах зээлийг орвонгоор нь эргүүлнэ гэж байсан финтекүүдийн талаарх тойм судалгаагаа нэрлэжээ. Би бол хувьсгал зогсоогүй,үргэлжилж байгаа гэж бодож байна. Гэхдээ финтекүүд банкуудтай өрсөлдөх биш, харин хэн хэндээ ашигтай байдлаар хамтарч ажиллах хувьсал болж байна. Үүнээс банкууд ч хожиж эхэлснийг анзаарч болно. “BI Intelligence” Их Британид санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг 70 байгууллагад судалгаа хийж үзэхэд финтек компанитай хамтарч ажилласнаараа 87 хувь нь өртгөө бууруулсан, 54 хувь нь орлогоо нэмэгдүүлсэн байжээ. Тиймээс ч “Citi”, “Goldman Sachs”, “JP Morgan” мэтийн томоохон банк финтекүүдтэй хамтарч ажиллахад анхаарч эхлээд байна.

Финтек гарааны бизнесүүдийн тусламжтайгаар банкууд илүү олон хэрэглэгчтэй болж, үйл ажиллагааны зардлаа бууруулж, үйлчилгээгээ сайжруулах боломж бүрдсэнийг бидэнд олон жишээ харуулж буй. Тухайлбал, Энэтхэгийн “RBL Bank” 90 гаруй старт-аптай түншлэн ажиллаж байгаагийнхаа үр дүнд 2.8 сая хэрэглэгчийнхээ 30 гаруй хувийг олж авчээ. “MoneyTap” гэх финтек компани ухаалаг утасны аппликэйшнээр дамжуулж зээл олгох замаар тус банкны үйлчлүүлэгчийн тоог нэмж өгсөн байх жишээтэй.

Санхүүгийн томоохон байгууллагуудын хувьд цаашдаа амжилттай байх, эсэх нь финтек гарааны бизнесүүдтэй хэрхэн хамтран ажиллахаас нь хамаарах цаг ирж байна. Үүнийг бидэнд PwC-ийн “Global Fintech Report 2017” судалгааны үр дүн харуулж байгаа юм. Санхүүгийн салбарын 1300 гаруй удирдах ажилтны 88 хувь нь финтекүүдэд орлогоо алдана хэмээн айж байгааг энэхүү нийтлэлийн эхэнд дурдсан. Тодруулбал,

ойрын гурваас таван жилд финтекүүд орлогынх нь 24 хувийг “булааж авна” хэмээн банкирууд үзэж байгаа юм. Төлбөр тооцоо, мөнгөн шилжүүлэг, хувь хүний зээлийн салбараа финтекүүдэд хамгийн түрүүнд алдана гэдэгтэйгээ тэд эвлэрчихсэн сууж байна.

Тэгвэл үүнээс сэргийлэхийн тулд банкууд өөрсдөө финтек гарааны бизнесүүдийг дэмжих, хөрөнгө оруулах, хамтран ажиллах стратеги баримтлах төлөвтэйг ч PwC-ийнсудалгаа харуулж буй. Санал асуулгад оролцогчдын 82 хувь нь ирэх гурваас таван жилдээ финтекүүдтэй хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа онцолжээ. Гэвч энэ нь тийм ч амар байхгүй аж. Менежмент болон соёлын ялгаа, зохицуулалтын тодорхой бус орчин зэрэг нь финтекүүд болон банкуудын хамтын ажиллагааны хамгийн том чөдөр тушаа болохоор байна.

Ямартай ч, банкирууд финтекүүдтэй хамтран ажиллах олон улсын чиг хандлага нэгэнт бий болжээ. Энэ нь томоохон банкууд финтекүүд, шинэ технологит хөрөнгө оруулах нь нэмэгдэх төлөвтэй байна гэсэн үг. Тухайлбал, блокчэйн технологит оруулах хөрөнгө 2016 онд 79 хувиар өсөж, 450 сая ам.долларт хүрсэн байх юм.

Финтек компаниуд Монголд ч бас төрөөд эхэлчихсэн. Хиймэл оюун ухаан ашиглаад зээлийн үйлчилгээг хялбар болгоно гээд Lend.mn үйл ажиллагаа явуулаад эхэллээ. Блокчэйн технологит суурилан төлбөр тооцоо, мөнгөн шилжүүлгийг илүү хямд, хялбар болгоно гээд “Эгэрэг” төсөл гарч ирэв. Дэлхийн хувьсал Монголын санхүүгийн зах зээлийг ч тойрохгүй, дайрахаар байгааг бид харж байна. Харин банкууд яах бол?