Барак Обама яллаа

Өмнөх сонгуулиудтай харьцуулахад түүхэнд хамгийн их хөрөнгө зарцуулан, зөвхөн цөөн тооны эргэлзээтэй мужид ширүүн өрсөлдөөнтэй өрнөсөн сонгуулийн үр дүнд Ерөнхийлөгч Барак Обама өрсөлдөгч Митт Ромниг илт давуугаар яллаа. Сонгуульд ялсныхаа дараахан буюу лхагва гаригийн өглөө Ерөнхийлөгч Обама улс орныхоо өмнө тулгараад байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Ардчилсан болон Бүгд Найрамдах намын аль алины лидерүүдтэй хамтран ажиллахаар хүчин чармайлт гаргаж, сонгуульд саналаа өгсөн Америкийн иргэн нэг бүрт талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Тэрээр Чикаго хотноо өөрт нь баяр хүргэхээр хуран цугласан олонд “Улс орны маань эдийн засаг сэргэж байна. Дайны он жилүүд дуусч байна. Та нараас хэн нэг нь миний төлөө саналаа өгсөн эсэхээс эс хамааран би та бүхнийг байнга сонсож, суралцсаны үр дүнд та бүхэн намайг илүү сайн ерөнхийлөгч болгосон гэдгийг хэлэхийг хүсч байна. Би урьд өмнө нь хэзээ ч Америк эх орныхоо ирээдүйд одоогийнх шигээ ийм их итгэл найдвар тавьж байсангүй” гэжээ.

Уулзалт дээр Ерөнхийлөгч Обама дараагийн дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлогынхоо үндсэн чиглэлийг санал болгосон ба үүнд татварыг нэмэгдүүлж, зардлыг цомхотгох арга хэмжээг хослуулах замаар төсвийн алдагдлыг бууруулах, нийт үндэстний хэмжээнд мөрдөгдөж буй цагаачлалын хууль тогтоомжийг бүх талаас нь нарийвчлан хянах, татварын шинэчлэл хийхтэй холбоотой асуудлууд голлох ажээ. Түүнчлэн дээр дурдсан зорилтуудаа хэрэгжүүлэхэд нь хамтран ажиллахыг Бүгд найрамдахчуудад уриалсан байна.