“Барс” зах жилдээ 1600 вагон хүлээж авдаг

“Mongolian Economy” сэтгүүл хүмүүсийн аж амьдрал ямар байгааг хүнсний захаас олж харахыг зорилоо. “Барс” захаас сурвалжлага хийх үед Цагаан сар тун ойртсон байсан учраас жимс, ногоо цуглуулсан хүний хөл хөдөлгөөн их байлаа. Миний бие Улаанбаатар хотын олон захаас сурвалжага хийж байсан боловч өнөөдрийг хүртэл Баянгол дүүргийн III хорооны Тээвэрчдийн гудамжинд байрлах “Барс” захаар орж онцлогийг нь мэдрээгүй явсан юм билээ. Жимс, ногоо мэтийн импортын хүнсниий бүтээгдэхүүн шууд буудаг болохоор тус зах бусдаас ялгарах онцлогтой. Тиймээс төрөл бүрийн жимс, ногоо энд харьцангуй хямд. Жимсний тасгийн худалдагч Б.Цэнгэлмаагаас зарим зүйлийг сонирхлоо.

-Наймаа хэр байна. Борлуулалт ч сайн байх шүү дээ. Инфляцийн өсөлт та нарт хэр мэдэгдэж байна вэ?
-Борлуулалт ноднин жилийнхтэй харьцуулахад муу байна. Хүмүүсийн гар дээр очиж байгаа 21000 төгрөг чинь юу болох вэ дээ. Инфляци гэдгийг захын наймаачин бид нар сайн мэдэхгүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд халамж хэлбэрээр ард түмэнд тарааж байгаа бэлэн мөнгө амьдралд шальтай юм болохгүй үнийн өсөлт авчирч, төгрөгийн ханшийг унагаж байна шүү дээ. Хар ухаанаар бодоход үүнийг л инфляци гээд байх шиг санагддаг/инээв/.

-Төгрөгийн ханш эрс суларч байгаа нь наймаанд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Мэдэгдэлгүй яах вэ. Тухайлбал, өнгөрсөн жил 7000 төгрөгөөр авч байсан алимыг одоо 13000 төгрөгөөр авч байна гээд бод доо. Энэ нь гэхдээ нэг хайрцаг буюу 10 кг алимны бөөний үнэ шүү дээ. Америк алимны бөөний үнэ түрүү жил 60 мянган төгрөг байсан бол энэ жил 75000 төгрөг болж нэмэгдсэн байх жишээтэй.

-Та энд хэдэн жил жимс зарж байна вэ. Лангууны түрээс хэр вэ?
-Арваад жил болж байна. Манай лангуу 420 мянган төгрөгийн түрээстэй.

-Өндөр юмаа. Өмнө нь хэд байсан бол?
-Таван жилийн өмнө 80.0 мянга байсан, тэгээд 130.0, 180.0, 210 .0 мянган төгрөг болж нэмэгдсэн юм байна. Бид нар чинь бөөний үнэ дээрээ нэг км тутамд 300-500 төгрөг л нэмж зардаг. Ашиг тийм ч сайн биш шүү дээ. Жимс зардаг лангуутай хүн олон ч жимсний вагон оруулж ирдэг нь тун цөөхөн шүү. Тоолбол 10-аадхан л байгаа байх.

-Гэхдээ яваад ажиглаж байхад яг ижил сортын алим лангуу бүрт нэгдсэн нэг үнэтэй биш зарим газар 1000 төгрөгний ч зөрүүтэй байх юм. Яагаад тэгж байна?
-Тийм байгаа байх. Ямар үнээр авснаасаа шалтгаалаад зарим нь 1000 хүртэл төгрөг нэмэх нь ч бий л дээ. Бас их хэмжээгээр аваад, хадгалж байгаа. Манай захын агуулахын түрээс бол өндөр шүү дээ. Хэлэх юм бол том тоо гарна.

Б.Мөнхтуяа:
/Сүү, цагаан идээний тасгийн худалдагч/

-Борлуулалт муу байна. Хөдөөнийхөн малынхаа сүүг боловсруулж, ааруул, ээзгий хийх биш, сүү чигээр нь зарах сонирхолтой болчихсон юм шиг байна. Малчид заваар тааруу байдаг болоод ч тэр үү. Гадаа гудамж талбайд хаа сайгүй сүү зарж байгаа биз дээ. Мөн хөдөөнийхөн сүү, цагаан идээгээ үзэсгэлэн яармагийн үеэр өөрсдөө борлуулах сонирхолтой болсон. Тэр нь илүү ашигтай байгаа байх л даа. Тийм болохоор бүтээгдэхүүний нийлүүлэлт бага, үнэ өндөр байна. Манай лангууны сарын түрээсийн төлбөр 266 мянган төгрөг хэмээн сонирхуулав.

“Барс” захын нэрийг нийслэлчүүдэд мэдэхгүй хүн ховор байх. Харин зорьж үйлчлүүлдэг нь л хэд байдаг вэ гэхээс. Нийслэлийн түм түжигнэж бум бужигнасан газруудын нэг тус захын зарим үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг сонирхлоо.

“Бүх юм нэг дор төвлөрсөн байдаг нь явдал багатай зүгээр санагддаг. Ялангуяа жимс, жимсгэнэ харьцангуй хямд, сонголттой байдаг. Харин ганцхан гэм нь машины зогсоол байхгүй нь жаахан бэрхшээлтэй. Машинаа бүр Вокзалын ард талын байруудын орчимд тавьчихаад ирж юмаа цуглуулдаг” гэж байлаа. Нээрээ л хавь ойрд нь машины зогсоол алга. Нарны зам тавигдсан учраас машины зогсоолын талбай байхгүй юм билээ. Энэ талаар “Барс импэкс” ХХК-ийн орлогч захирал М.Эрдэнэчимэг “ Манайх 80-100 машины зогсоолтой. Тээврийн товчооны уулзвар нэвтэрч шууд хашаагаар орохоор манай зогсоол байгаа. Яг захын өмнө бол зогсоолгүй. Нарны зам тавигдсан учраас. Өмнөө зогсоолгүйгээс болоод замын хөдөлгөөнд саад бэрхшээл учирч байгаа юм байхгүй. Манай захын эзэмшлийн талбай бол бага шүү дээ. Ганцхан га газар. Гэтэл манайх Улаанбаатар хотын хүнсний захуудын анхдагч нь. Импортоор ирж байгаа бүх төрлийн жимс, хүнсний ногоо манайд буудаг. Улаанбаатар төмөр замтай гэрээ байгуулж хоногт 2-8 вагон хүлээж авах хүчин чадалтай зам түрээсэлдэг байсныгаа өөрийн болгосон. Баяр ёслолын үеэр арваад вагон буух жишээтэй. Түүнчлэн бүх хүнсний зах, дэлгүүрүүд, ресторан, цайны газрууд манайхаас жимс, ногоогоо авахаас гадна хөдөө, орон нутаг руу эндээс ачилт хийдэг” гэв.

“Барс” зах үүсгэн байгуулагдаад 15 жилийг үджээ. Нэг вагон 60 тоннын багтаамжтай гэж тооцоход энд хэчнээн тонн хүнсний барааг багтаан шингээж, хадгалан, борлуулж байдаг нь ойлгомжтой. Эрдэнэчимэг захирлын ярьснаар бол эдний том том агуулахуудад жимс, ногоо буугаад удалгүй дуусдаг гэсэн.

600 орчим түрээслэгчтэй аж. Тэгэхээр улаанбаатарчуудын нэлээд хэсэг нь зөвхөн энэ захаас аж амьдралаа залгуулж байна гэсэн үг. Их хөлийн газар болоод ч тэр үү жаахан заваандуу юм билээ. Вагон байнга буудаг болохоор цэвэрлээд ч нэмэргүй байдаг гэж үйлчлэгч эмэгтэй нь ярьсан. Байнга жимс, ногооны хальс, навч хөглөрөөстэй байдаг бололтой. Гэхдээ Дэнжийн 1000-ын “Хүчит шонхор” зах ч гэсэн Улаанбаатар хотыг махаар хангадаг махны бөөний төв. Бүх л хөдөөнөөс орж ирж байгаа мах ачсан машин тэнд очиж зогсдог. Нийслэлийн бүх хүнсний зах дэлгүүр, зоогийн газар, рестораныхан зөвхөн тэндээс мах, ногоогоо цуглуулдаг. Бас л түм түжигнэж бум бужигнасан газар. Махны үнэр танар, өөх тос жимс ногооныхоос ч илүү заваарна. Мөн гэр хорооллын үйлчлүүлэгч ихтэй. Задгай талбай, чингэлэгийн худалдаа ч олон. Тэгсэн хэрнээ “Хүчит шонхор”-ыг нийслэлийн задгай талбайтай хүнсний захуудаас хамгийн цэвэрхэн нь гэж хэлэхэд олон хүн маргахгүй байх. Хэдэн жилийн өмнөөс “Хүчит шонхор” зах цэмцийснийг нийслэлчүүд сайн мэднэ. “Барс” захынхан цэвэр цэмцгэр байдлаараа бас “Хүчит шонхор”-оос үлгэр дууриал авч болох.

Эрдэнэчимэг захирлын өрөөнд шил толь болсон өндөр сүрлэг байшингийн зураг төсөл өлгөөтэй харагдана лээ. Манай зах өргөжөөд ийм болох зорилготой байгаа. Бүх зураг төслөө Хотын захиргаа болон холбогдох төр, засгийн байгууллагуудад хүргүүлсэн ч манайд газар өгөх талаар шийдтэй хариу өгдөггүй хэмээн ярьсан. Тэрбээр мөн “Дулааны шугам хоолой манай энүүгээр их байдаг нь бидэнд байр саваа өргөтгөхөд нөлөөлдөг тал бий л дээ” гэж учирласан. Энд мөнөөх л олон жилийн өмнөөс үзэн ядаж ирсэн чингэлэгийн худалдаа мэр сэр байна лээ. Эндээс сэтгүүлчийн нүдээр харахад бараа, хүн хоёр нь ахадсан их хөлийн газар санагдсан. Бас бага зэргийн эмх цэгцэнд оруулаад, наймаачид нь эргэн тойрноо цэмбийлгээд хэвшчихвэл “Барс” –аар хүмүүс бүр л ая тухтай, сэтгэл хангалуун үйлчлүүлэх нь дамжиггүй.

Жимс, жимсгэний нийт хэрэгцээний 80 хувийг зөвхөн эндээс хангадаг байна. Сардаа 100-120 вагон жилдээ 1600 вагон хүнс буудаг гээд бод доо. Эрдэнэчимэг захирал одоо төмс урдаас орж ирэхээ больчихсон шүү дээ. Төмснөөс бусад хүнсний ногоо ирдэг гэсэн. Иргэд Хятадаас төмс огт орж ирэхгүй болсон гэдэгт итгэж чаддаггүй. Тийм болохоор төмс үнэхээр орж ирээгүй байна уу гэж “Барс”-ын хүнсний ногооны бөөний худалдаагаар нэлээд явлаа. Хятад төмс үнэхээр алга. Сонгино, байцаа, манжин зэрэг хүнсний ногоо бөөний болон жижиглэнгийн үнэтэй байв. Мөн эднийх 2007 оноос хүнсний бүтээгдэхүүн шинжилдэг итгэмжлэгдсэн лабораторитой болжээ.