Баруун бүсэд 293 км хатуу хучилттай авто зам барихаар боллоо

Монгол Улс Азийн авто замын сүлжээнд 2004 онд нэгдэн орж, Чойр-Замын -Үүд чиглэлийн 432 км, Ховдын Ярантаас Улаанбайшинт чиглэлийн 731 км авто замыг барьж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Азийн авто замын сүлжээнд холбогдсон авто замыг барьж, сайжруулахаар“Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн хэлэлцээрт өнөөдөр Сангийн сайд С.Баярцогт, АХБ-ны суурин төлөөлөгч ноён Роберт Гоэлхаммер нар гарын үсэг зурлаа. Баруун бүсийн босоо тэнхлэгт авто замын санхүүжилт дутсан учраас авто замыг бүрэн дуусгахаар АХБ-тай хамтран хэрэгжүүлэх зам барилгын ажилд хөрөнгө оруулахаар болжээ.

Тус хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг АХБ-ны 170 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газрын 92 сая ам.долларын хөрөнгөөр гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх аж. Хөтөлбөрийн хүрээнд нийт 293 км хатуу хучилттай авто зам, бүрэн тоноглогдсон засвар арчлалтын гурван төв, орон нутгийн 34.9 км зам, гурван гүүрний барилгын ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

Сангийн сайд гарын үсэг зурах ёслолын үеэр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг барьснаар Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрээрээ дамжуулан ОХУ, БНХАУ-ыг авто замаар холбох төдийгүй манай улсын баруун бүс нутгийн нийгэм, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, хөрш зэргэлдээ улсуудын дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлтийг хамгийн дөт замаар хийх боломжийг бүрдүүлж, бүс нутгийн ач холбогдол бүхий үр ашигтай, аюулгүй байдлыг хангасан авто замтай болно” хэмээн онцлов.