Батын сонголт

Гэр хороолол байсаар л. Хоног хугацаа одох тусам уул толгод даваад талийх нь. Түүнийг зогсоож үл дийлнэ. Угаас зогсоох эрх хэнд ч байхгүй ээ. Харин иргэдээ орон сууцжуулах нь гэр хорооллыг шингэрүүлэх бодиттой арга. Үүнийг ганцхан төр л хийж чадна. Төрийн бодлого хийж эс чадваас гэр хороолол улам хүрээгээ тэлэх нь дамжиггүй.

Гэр хороололд амьдарч байгаа хэн боловч Монгол Улсын иргэн. Тиймээс гадуурхаж үл болно. Тэдэнд гэр хорооллоос өөр сонголт өмнө нь байгаагүй. Тиймээс Хайлааст, Чингэлтэй, Зүүн салаа, Толгойт, Бэлх, Шархад, Цайз хүсээгүй сонголт юм. Тэгвэл Монголбанк, Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй орон сууцжуулах хөтөлбөр олон монголчуудын амьдралд онцгой өөрчлөлт гаргаж байгааг хэлэх байна.

Хотын иргэн атлаа хол оо, хол Ховдод байгаа ч юм шиг. Улсынхаа нийслэлд амьдрах хэрнээ хөдөөгийн буйд тосгоны хонхорт суугаа ч юм шиг. Халуун хүйтэн ус, орчин цагийн тав тух, нүүрс түлдэггүй халаалт тийм хол гэж үү. Хөгжлийн ялгааг тод амсах гэр хороололд “соёлын довтолгоон” өрнүүлье. Улаанбаатарт дэд бүтэц чухал. Дэд бүтэцтэй энэ тэнцэх бүтээн байгуулалт бол орон сууц юм. Сүндэрлэн босох орон сууцнаас хүссэн сонголтоо хийх иргэдэд санхүүгийн эрх чөлөө олгоё. Эрх чөлөө нь хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх явдал.

Батынх хотын баруун жигүүр болох 21-т хашаа, байшинд амьдардаг байлаа. Тэндээ автозасварын газар болон найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулж, тов хийсэн орлоготой. Хэнээс ч гуйхгүй сайхан амьдарч байна. Тэднийх саяхан найман хувийн зээл авч, гэр хорооллоос орон сууцанд нүүн оржээ. Батынх зөвхөн нэг жишээ билээ. Олон, олон Батын амьдралд ийм шинэчлэл гарч байгааг тэмдэглэхэд таатай.

Орон сууцтай болох нь олон монголчуудын хүсэл. Уг хүслийг биелүүлэхийн сацуу ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр хэрэгжээд намартай золгов. Тус хөтөлбөр хэрэгжиж эхлээд 50 хоног хэдийнэ өнгөрсөн ч зээлийн санхүүжилт хүссэн өргөдөлд арилжааны банкууд дарагдсаар байна. Үүнээс банкууд 16222 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 794.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, зээлийн хүүг найман хувьд шилжүүлжээ. Иргэд 516.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас 8654 иргэнд 497 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.