Баялаг бүтээгч болоорой

Эдийн засаг, бизнесийн чиглэлээр суралцдаг 120 гаруй оюутан, энэ чиглэлээр ажилладаг багш, эрдэмтэн докторууд, МОХ-ны төлөөлөгчид өчигдөр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

“ЖДҮ-ийг хөгжүүлэхэд оюутан залуучуудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг “Манайд жижиг, дунд үйлдвэрлэл бий болоод удаагүй учраас үр дүнтэй, өгөөжтэй байж чадахгүй байна. Үүнтэй холбоотой эрх зүйн орчин ч сайн бүрдээгүй байна. Энэ утгаараа хүссэн бүхэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх боломжгүй, ялангуяа энэ салбарт ажиллах ёстой орон нутгийн, ядуу иргэдэд зээл, тусламж олддоггүй. Мөн жижиг, дунд бизнес хөгжихгүй байгаа том шалтгаан нь энэ талын боловсрол, мэдлэг дутмаг, мэргэжлийн боловсон хүчингүй явдал. Хамгийн чухал нь оюутан залуус хаана, хэнд хандахаа мэддэггүй” хэмээн оролцогчид санал бодлоо хэлснээр эхэлсэн.

ЖДҮ-ийн газрын дарга Ц.Ням-Осор “Маргааш галав юүлнэ гэсэн ч Та өнөөдөр алимны мод тарь” гэдэг үг байдаг. Үүнтэй адил шинээр эхэлж буй жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжилд оюутан залуусын оролцоо, удирдлага, хамтын ажил юу юунаас чухал байна. Мэргэжил эзэмших гэж олон жил сурчихаад эцэст нь ажилгүй хоцорно гэдэг залуу хүний хувьд гутамшиг. Тиймээс ядаж эдийн засгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудаас тийм хүн нэг ч битгий гараасай, жижиг, дунд үйлдвэрлэлийг эх орондоо хөгжүүлж, баялаг бүтээгч болоосой гэх үүднээс бид хамтран хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ нь ч маш зөв болж, оюутан залуусаас шинэ санаачилга, хийж, судалсан маш их зүйлтэй ч хэнд хандаж, ажил хэрэг болгохыгоо мэдэхгүй байсан оюунлаг бүтээлч хүүхдүүд ил гарч байна. Үүний цаана байгаа энэ салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц хүүхдүүдийг нээж, хамтран ажиллахыг хүсэж байна. Ерөнхий боловсролын сургуульд Эдийн засаг, бизнесийн хичээлийн программ тусгаж өгмөөр байна. Жижиг, дунд бизнесийн хуулийн таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Энэ мэт олон асуудлыг өнөөдөр бид ярилцаж эхэлж байна. Их сайхан үр дүн гарах байх” гэлээ.

Мөн тэрбээр өнгөрсөн гурван жилд 260 гаруй тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдэд таван жилийн хугацаатайгаар олгоод байгаа болон 2009-2011 онд хийсэн ажлынхаа тайланг оролцогчдод сонирхуулсан юм.

Харин орон нутагт тэр дундаа жирийн малчин, тариаланчдад жижиг, дунд үйлдвэрлэлд зориулагдсан зээлийн төсөв яагаад хүрэлцдэггүй талаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Батмагнай “Бид арилжааны банкуудтай хамтран жижиг, дунд үйлдвэрлэл хийх хүсэлтэй хүмүүст зээл олгож ирсэн. Хамгийн гол нь зээл хүсэгчийн барьцаа хөрөнгө тухайн банкны тавьсан шаардлага үнэлгээнд хүрдэггүй асуудал байгаа. Тиймээс бид хуулийн орчныг сайжруулах талаар олон зүйл хийхээр төлөвлөж, зарим нь биелэлээ олж эхэлж байна. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд шаардлагатай тоног, төхөөрөмж, хэрэгсэлийн гаалийн татварыг энэ оныг дуустал чөлөөлүүлж чадсан. Энэ хугацаагаа 2016 он болгож сунгах хүсэлт өгөөд байна. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн НӨАТ-ын босгыг 50 сая, цаашлаад 100 сая болгохоор хичээж байна. Аж ахуй нэгж, байгууллагын албан татварыг нэг хувь болгохоор ярилцаж байна. Мөн орон нутагт чиглэсэн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд татварын таатай бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэв.

Тэгвэл ШУТИС-ийн Механик, инженерийн сургуулийн III ангийн оюутан Б.Наранжаргал “Өнөөдрийн байдлаар оюутан залууст ямар нэг үйлдвэрлэл эрхлэх боломж, нөхцөл алга. Жижиг, дунд үйлдвэрлэлийн талаар тодорхой ойлголт ч байхгүй. “ЖДҮ, бизнесийн менежмент” гэдэг хичээл бидэнд ордог ч энэ нь хангалттай бус санагдаж байна. Учир нь, бид жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр дагнасан мэргэжилтэн болж байж л энэ салбарыг хөгжүүлнэ. Тиймээс боловсролын системд энэ салбар төдийгүй зах зээлд эрэлт ихтэй зарим хичээлийн хөтөлбөрийг тусгах хэрэгтэй байна. Энэ чиглэлээр биднийг мэргэшүүлбэл жижиг, дунд үйлдвэрлэлийг “цэцэглүүлэхэд” бэлэн” гэлээ.

Харин ХААИС-ийн ЭЗБС-ийн нарийн бичгийн дарга, доктор Л.Отгонжаргал “ШУТИС, МУИС, манай сургуулийн оюутан залуус хамтран жил бүр нийгэм дэх оюутны оролцоог нэмэгдүүлэх талаар сургалт, семинар зохион байгуулдаг. Энэ жил Жижиг, дунд үйлдвэрлэлийн газартай хамтран хийж байна. Жижиг, дунд үйлдвэрлэл манайд хурдацтай хөгжих боломж байгаа ч эдийн засгийн хөшүүрэг, энэ талын боловсролтой, мэдлэгтэй боловсон хүчин дутмаг байна. Тиймээс энэ чиглэлээр оюутнуудаа бэлтгэх, дадлагажуулах шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр ямар нэг төсөл санаачилж, хэрэгжүүлсэн оюутан гараагүй байна. Харин судалгаа хийсэн цөөн тооны оюутан бий” гэлээ.

Өнгөрсөн хугацаанд манайд Жижиг, дунд үйлдвэрлэлийн төслийн шугамаар 24 мянган ажлын байр бий болсон гэх статистик бий. Харин дэлхий дээр 160 гаруй сая жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч байгаа нь нийт ажил эрхэлж буй хүний 65 хувийг эзэлж байгаа аж.