Баялаг олборлогчоос баялаг бүтээгч рүү

Ардчилал хөгжсөн. Авлигын хэмжээ бага. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг Норвеги Скандиновын орнуудын нэг гэдгийг уншигч та андахгүй мэдэх биз ээ. Тэгвэл Норвеги улс байгалийн баялгаа амжилттайгаар ашиглаж чадсан дэлхийн цөөхөн хэдэн орны төлөөлөл гэж хэлж болохоор. Тус улс нь байгалийн баялгаас ихээхэн хамааралтай жижиг, нээлттэй эдийн засагтай ч Голланд өвчинд авталгүйгээр ялан дийлж гарч чадсанаараа эдийн засагчдын сонирхлыг татдаг.

Норвеги 1960 он хүртэл хөгжлийн үзүүлэлт доогуур байсан ч 1969 онд анхны нефтийн ордыг олж арилжаанд оруулснаар эдийн засаг нь хурдацтай өсөх болсон байна. Тухайлбал, сүүлийн 30 жилд Норвегийн нэг хүнд ногдох ДНБ нь 90 хувиар өссөн. Энэхүү өсөлт нь эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэгч Швед, Денмарк зэрэг орны өсөлтөөс хол давсан юм.

Баялгаа зөв ашиглаж чадсны нууц нь тухайн улсын нийгэм, эдийн засгийн болон улс төрийн бодлоготой холбоотой аж. Норвегийн Засгийн газраас хэрэгжүүлж байсан сангийн хумих бодлого нь байгалийн баялгийн зөв менежментийг хэрэгжүүлэхэд түлхэц болжээ.

Төсвийн тогтвортой бодлого нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг нэг талаас хангаж байсан хэмээн онцолдог. Ингэснээр хамжааргатай хэрэглээнд улстөрчид нь суралцсан гэх. Хэдийгээр Засгийн газар нь төсвийг тэлэх улс төрчдийн дарамтад орж байсан ч төсвийн хэт тэлэлтээс ямагт урьдчилан сэргийлж байсан нь өдгөө сайн жишээ болсоор.

Нөөцөө дэлхийн зах зээл дээр худалдаалж эхэлсэн эхний жилүүдэд өрийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж байсан. Гэвч дараагийн жилүүдээс нөхцөл байдал сайжирсан бөгөөд нөөцийн сан үүсгэж сангийн хумих бодлого хэрэгжүүлсний хүчинд инфляцийн дарамт болон Голланд өвчнөөс сэргийлж чадсан байна.

Хэрвээ газрын тосноос орж ирсэн орлогыг тэр даруйд нь эдийн засагт бүрэн хуваарилсан бол нийт эрэлтийг урамшуулж, нийлүүлэлтийн дутагдалтай үед үнийг өсгөх дарамтыг авчрах. Мөн үүнээс гадна газрын тос олборлолтын салбар нь бусад салбарын өрсөлдөх чадварыг сулруулж, хөгжих боломжийг нь хаах эрсдэлтэй байж. Иймээс 1990 оноос хүн амын дунд орлогыг тэгш хувиарлаж, "Газрын тосны сан" буюу баялгийн санг байгуулсан байна. Энэхүү сангийн гол зорилго нь ирээдүйн иргэдийн хэрэглээг бууруулахгүй байхад чиглэж байжээ. Тэд газрын тосны салбартаа түшиглэж бусад салбараа ч жигд хөгжүүлж чадсан байна.

1990-ээд оны эхний хагаст төсөв нь алдагдалтай ажиллаж байсан ч 1995 онд илүүдэлтэй гарснаас хойш сан хурдтай тэлжээ. Сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр гадаадад тархаан байршуулдаг. Ингэснээр газрын тосны бус төсвийн алдагдлыг газрын тосны орлого болон хөрөнгө оруулалтын өгөөжөөс санхүүжүүлдэг байна. Энэ нь хэд хэдэн давуу талыг бий болгожээ. Үүнд,

1. Валютын ханш хэт чангарахаас сэргийлсэн

2. Урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдлыг хангасан

3. Газрын доорх баялгийг ашиглан нөхөн сэргээгдэх үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт байдлаар шингээсэн

Тав орчим сая хүн амтай Норвегийн эдийн засагт газрын тосны салбар чухал байр суурь эзэлсэн хэвээр. Тиймээс ДНБ-ий 23 хувь, улсын орлогын 30, нийт хөрөнгө оруулалтын 26 хувийг газрын тосны салбар бүрдүүлж буй. Тус улсын нийт экспортын 49 хувь газрын тосны салбараас шууд хамаарч байна.

Голланд өвчнөөс сэргийлж чадсан нэг чухал шийдвэр нь сангийн хөрөнгийг Америк болон Зүүн Ази, Европын орнуудад тухайн улсын валютаар байршуулсан явдал аж. Төв банк нь сангийн хөрөнгийг удирддаг бөгөөд Төв банк, Сангийн яам нь хариуцлагатай, ил тод байдлыг эрхэмлэдэг. Түүнчлэн хариуцлага тооцох механизм өндөр хөгжсөн нь баялаг олборлогчоос баялаг бүтээгч зам руу тэднийг хөтөлжээ.