Баян төсвийн балаг нь хаана бол

Төсвийн өндөр тоог тойрсон хүлээлт, мэтгэлцээн, гайхашрал бий болов. Монголын урдаа барьдаг гэж хэлж болох эдийн засагчдын зарим нь ирэх оны төсвийн орлого, зарлагыг сонсоод мэл гайхлаа. Тэд ийм төсвийн төсөл “зохиосон” Сангийн яамыг муулсангүй. Тийм төсвийг батлахаар хэлэлцэж буй УИХ-ын дархан эрхтэй гишүүдэд гомдсонгүй. Дохиолж буй хямралын сүүдэр Монголын эдийн засгийг хэрхэн нөлөөлөх бол гэдгээс л болгоомжилж сууна. Ямартөсөв Сангийн яамнынхан зохиосон нь ирэх өдрүүдэд Намрын чуулганаас илүү тодорхой болно. УИХ-ын гишүүдийн цөөнгүй хэсэг шинээр “төсөвчин” болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэдний олонх төсөв батлах, түүнийг унших, ойлгох, үр дүнг авч хэлэлцэх “анхны хичээлдээ” сууж байгаа нь энэ. Мэдээж шинэхэн гишүүдэд тоон дунд төөрөх, будилах, эс ойлгох гээд багагүй бэрхшээл гарна. Түүнээсээ ч суралцан, дараа дараагийн төсвийн хэлэлцүүлэгт тоогоор ярьж, тооноос тоог олох арга барилд гарших нь лавтай. Гэхдээ өрхийн төсвөө бус улсын төсвөө хэлэлцэж байгаа гэдэгт л хамаг учир бий. Харамсалтай нь манай гишүүд төсвийн төслийг амин хувийн төсөв гэж андуураад зарлагаа хэтрүүлж, орлогоо дэндүү ихээр мөрөөдөх нь алдагдал хүлээх үндэс болдог. Тухайлбал, энэ оны “Төсвийн алдагдал нэг их наяд төгрөгт хүрээд байна” гэж Сангийн сайд нь учирласан ч Засгийн газар үл тоов. Манайхаас хэд дахин хүчирхэг эдийн засагтай улс орнууд бүсээ чангалж, зарлагаа танаж, “ходоодоо” сойж байхад Монгол улс тэс хөндлөн тийчлэхээр шийджээ. Үүнийг ирэх оны төсвийн зарлага гэрчилнэ. Махийж хөдөлмөрлөсөн иргэдийнхээ татвараар шинэчлэлийн Засгийн газар нь дураар дургих нь. Ирэх оны төсвийн хэчнээн хувийг хэнд зориулж, хэний төлөө хэдийг төлөх нь тун сонин. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг, зам барихад төсвийн хөрөнгө оруулалт чиглэх болов уу гэтэл төсвийн зарлагын 70 хувийг нь урсгал зардал “ууж байна”. Үлдэж буй 30 хувьд сургуулийн засвар, сумын эмнэлэг, зам харгуй засварлах мөнгө нь багтаад ирэх оны төсөв уутныхаа ёроолыг гөвөх бололтой. Товчхондоо, ирэх оны төсөвт улс орны амьдралд хэрэгтэй, дорвитой бүтээн байгуулалт алга. Шинэ сургууль, цэцэрлэг, эмнэлэгт тун базаахгүй хөрөнгө очихоор төсөвлөжээ. Дахиад л ирэх намар хүүдээ сургууль, охиндоо цэцэрлэг хайх болох нь.

Аймаар орлого, бүр ч аймаар зарлага...

Төсвийн асуудал дээр өнгөрсөн хугацаанд хамгийн чухал нь орлого байсан бол одоо зарлага болоод байна. Төсвийн орлого бүрдэж өгөхгүй, Сангийн сайдыг зовоодог байсан цаг саяхан. Тэгвэл одоо олсон орлогоо хуваарилах гэж салбарын сайд нь няравын үүрэг гүйцэтгэх нь холгүй. Гэтэл Сангийн сайд нар нярав бус буяны байгууллага шиг загнах нь тэдний “имиж” болсон. Ирэх оны гарааны төсөв долоон их наяд төгрөгийн зарлагатай барианы зүг хөдөллөө. Төсөвт тонн зэсийн үнийг 6328.9 ам.доллар, боловсруулсан нүүрсний үнэ тонн нь 131.5 ам.доллар байхаар тусгажээ. Айсуй төсвийн орлого, зарлагын төсөөлөл урьдчилан харахад урьд өмнө байгаагүй тоон дүнтэй байх нь ээ. Магадгүй, Монголын эдийн засаг тэлж, улс хөгжиж буйн шинж байх. Орлого нь 7.88 их наяд төгрөг бол зарлага нь 7.44 их наяд төгрөгөөр тогтжээ. Нэгдсэн төсвийн алдагдал 360 тэрбум төгрөг бөгөөд ДНБ-ий хоёр хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шалгуурыг хангаж байгаа гэж Сангийн сайд Ч.Улаан онцоллоо.

Ёроолгүй хүсэл, хязгааргүй хэрэглээ

Жил жилийн улсын төсөв өөр өөрийн онцлогтой байдаг. Өнгөрсөн дөрвөн жилийн төсөв “Хүний хөгжил сан”-гийн 21 мянга, оюутны 70 мянгаар олны танил болж байв. Тэгвэл ирэх оны төсөв хоосон хэтэвчтэй ч өмнөх Засгийн газрын өглөгч аавын дүрийг үргэлжлүүлэх нь тодорхой болов. Дээр нь давхар “Хүүхдийн мөнгөөр ”гоёх” нь ээ. Товчхондоо “хайр халамж, энхийрлэл, эрхлүүлэлтийн цуглуулга” гэмээр хэт тэлсэн зарлагатай төсөвт монголчууд умбаж, шумбах бололтой.
Гэхдээ хязгааргүй зарлагыг хэмжээгүй эрх мэдлээр бус хуулиар халахаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг бараг хоёр жилийн өмнө баталсан. Уг хууль цагаа олж ирэх онд хэрэгжих гэж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн буулган дор Сангийн сайд нэгдсэн төсвийн тухай хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барьсан. Эл үйл явдалтай зэрэгцэн Монголбанкны ерөнхийлөгч Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслөө УИХ-аар батлуулахаар зүтгүүлэв. Төсөв, мөнгөний бодлогоор аравдугаар сар “амьсгална”. Орон нутгийн сонгуулийн “өнгөн” дээр Төсвийн хэлэлцүүлэг өрнөж таарах цаг хугацааны хязгаар үүсэв. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн тэлсэн, үйл ажиллагааны цар хүрээнд багагүй өөрчлөлт орсон нь ирэх оны төсвийн урсгал зардалд жин дарах аж. Төсвийн урсгал зардал таван их наяд төгрөгт дөхөж байна. Үлдэж буй хоёр их наяд нь хөрөнгө оруулалт гэсэн “дугтуйтай”. Сангийн сайд Ч.Улаан “Ирэх оны төсвийг тусгай шаардлагуудыг хангаж боловсруулсан” гэж мэдэгдсэн ч дээрх онцлог нь хэлбэр төдий зүйл бололтой. Монгол улсын нийгэм, эдийн засгийг ирэх онд хөгжүүлэх төсвийг Парламент хэлэлцэж, алдаа оноог шүүн тунгаан авах гээхийн ухаанаар хандах цаг үе нь ирээд байна. Өнгөрсөн оны төсөв долоон их наяд төгрөгийн зарлагатайгаар анх чуулганаар орж, буцаж байсан түүхтэй. Тэгвэл ирэх оны төсвийн даруулга нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж үзэж болох юм. Угаас төсвийн хамжааргагүй байдлыг цэгцлэхэд томоохон түлхэц болно гэсэн хүлээлт УИХ-д ч, Засгийн газарт ч бий. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцох, Төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй, эсвэл ашигтай байх, төсвийн зарлага ДНБ-ий 40 хувиас давахгүй байх гэсэн шаардлагыг ирэх оны төсөвт мөрдүүлэх учиртай.

Үргэлжлэлийг сэтгүүлийн №19 (029) дугаараас уншина уу