Баяртай, ОПЕК. Баяртай, Булангийн орнуудын эв нэгдэл
Газрын тос олборлогч орнуудын байгууллага (ОПЕК) олон арван жилийн туршид газрын тосны картелиас хол давсан үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ байгууллага нь Персийн булангийн гишүүн орнуудын хувьд өөрсдийнх нь гол нөөц баялгийг бүрэн эрхт байдлаар эзэмших, олон улсын эдийн засагт хамтран нөлөөлөх, хамтран тогтоодог үнэ тарифаа хамгаалах, Өрнөдийн хэрэглэгчидтэй нэгдсэн дуу хоолойгоор ярьдаг төлөөлөл нь юм. Гэвч тус институцийн энэ үүрэг роль нураад байна.
Арабын Нэгдсэн Эмират Улс тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ОПЕК болон ОПЕК+ байгууллагаас гарч байгаагаа зарласан. Тус улсын Эрчим хүчний сайд Сухайл Аль Мазруй уг шийдвэрийг уян хатан байдал, үйлдвэрлэлийн чадавх, үндэсний урт хугацааны ашиг сонирхол гэсэн эрчим хүчний бодлогын хэлээр болгоомжлонгуй илэрхийлсэн. Ормузын хоолой бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа тул биржүүд энэ үйл явдал үнийн шууд нөлөөг хязгаарлана хэмээн тэмдэглэсэн бол, шинжээчид үүнийг нийлүүлэлтээ өдөрт таван сая баррельд хүргэж нэмэх Абу Дабигийн Үндэсний Газрын тосны компанийн эсрэг хязгаарлалтаас үүдэлтэй хэмээн тайлбарлажээ.
Эдгээр үндэслэлүүд бүгд үнэн бодит боловч зөвхөн техникийн хэмжээст анхаарвал гол асуудлыг орхигдуулсан хэрэг болно. АНЭУ ОПЕК-ыг орхисон нь нэн тэргүүнд Риад болон Абу Дабигийн дундах гүн хагарлын, цаашилбал булангийн орнуудын дэг журмын талаарх маргаантай үзлүүдийн илрэл юм.
Хашир, нухацтай байдлыг зогсоосон зөрчил
Саудын Араб болон Эмират улсын хагарал нь шинэ зүйл биш ч 2025 оны сүүлчээр хил хязгаарыг давсан. Саудын Араб арванхоёрдугаар сарын 29-нд Йеменийн Мукала боомт дахь зэвсгийн цуваанд агаарын цохилт өгсөн нь цаасан дээрх холбоотнуудын дунд урьд өмнө болж байгаагүй үйлдэл юм. Тухайн үед Риад нь Арабын Нэгдсэн Эмиратыг цэргээ Йемений газар нутгаас гаргахыг шаардаж, энэ оны эхэнд тус улс дахь Абу Дабигийн прокси болох Йемений салан тусгаарлагч, хагас цэрэгжсэн Southern Transitional Council (STC)-ыг татан буулгасан юм.
Тиймээс энэ бол тактикийн маргаан биш стратегийн гүн зөрчлийн илрэл. Арабын орнуудын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалагч, бүс нутгийн тогтворжуулагч хүч гэсэн зиндаа тогтоохыг Саудын Араб чармайж байна. Харин Эмират улс 2015 оноос хойш Ливи, Судан, Сомали, Йемень улсуудын Засгийн газрын хяналтаас гадуур үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаар дамжуулан хүчээ бэхжүүлэх бодлого хэрэгжүүлсэн. Риад үүнийг одоо хөршийн бодлого биш, үндэсний аюулгүй байдалд нь учирсан аюул заналхийлэл хэмээн харж байгаа.
Эмирт улсын энэ алхам тус улс болон Саудын арабын зөрчил, мөн эсвлийн суурь өөрчлөлт өргөжиж, булангийн орнуудын нэгдмэл байдал эцэс болж буйг илтгэж байна.
Нөгөө талд, Саудын Арабын хяналтад байдаг бүтцийн хүрээнд ОПЕК-тоо үлдсэн гишүүд хоёр талын харилцаа ил тод сөргөлдөөн болж буй энэ цагт тэдэнд захирагдах ёсыг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Түүнчлэн ОПЕК-оос гарсан шийдвэр нь АНЭУ-ын хувьд тусгаар тогтнолоо харуулсан арга юм.
Зайлшгүй тусгаарлалт
Зарим хүмүүс энэ өөрчлөлтийг 2019 онд Катарын гаргасан шийдвэртэй харьцуулж болох юм. Тэгвэл энэ нь анализын алдаа болно. Доха байгалийн шингэрүүлсэн хийнд шилжсэнээсээ хойш улс төрийн бус харин эрчим хүчний ялгарлаа урт удаан хадгалах зорилгоор ОПЕК-ыг орхисон. Харин АНЭУ энэ байгууллагын гурав дахь гол нийлүүлэгч бөгөөд нийт гарцын 12 орчим хувийг дангаараа хангадаг. Тэд ОПЕК-оос гарснаар энэ байгууллагын хөлийг тушиж, байгууллагын гол гишүүд хүртэл өөрсдийнх нь ашиг сонирхол ОПЕК дотор бус гадна талд байвал илүү хангагдана гэж тооцоолж болохыг харуулж байна.
АНЭУ-ийг “алдсанаар” ОПЕК өмнө нь далд байсан дотоодын эрх зүйн хямралтайгаа нүүр тулж байна. Украины дайн эхэлснээс хойш, ОПЕК+-ийг Оросын ашиг сонирхолтой бодитоор нийцсэн үнийг баримталдаг хэмээн АНУ үзэж байсан. Тэр бүү хэл Д.Трампын засаг захиргаа Персийн булан дахь Америкийн цэргийн ажиллагааг газрын тосны үнэтэй шулуухан холбож байв. Харин Абу Даби газрын тосны гарцын эрх чөлөөг сонгосноороо тус байгууллагаас зайгаа авч байгаа гэдгээ Вашингтонд илэрхийлж байгаа хэрэг болно. Өөрөөр хэлбэл, АНЭУ эрчим хүчний бодлогоос хол давсан сонголт хийв.
Жинхэнэ хохирогч
Эдийн засаг нь ямар ч цохилтыг шингээж чадах Саудын Араб бол энэхүү тусгаарлалтын жинхэнэ хохирогч биш. Харин бодит хохирогч бол олон улсын эрчим хүчний салбарт дэг журам тогтоох гэсэн газрын тос олборлогч Арабын орнуудын хамтын итгэл үнэмшил юм. Өчигдрийн Катар, өнөөдрийн АНЭУ-ын салан тусгаарлалтын аль аль нь ОПЕК-ыг улам бүр дан ганц Саудын Арабын ашиг сонирхлоор тодорхойлогдсон байгууллага болгон цар хүрээг нь хумьж байна.
Эх сурвалж: Эрчим хүч, олон улсын харилцааны зөвлөх Анас Эбдоун, https://www.aljazeera.com/
Сэтгүүлч Б.Даваажав
