Бид далайд гарцгүй ч оюун санааны хувьд хил хязгааргүй

Mongolian Economy
2023-10-10 11:50:27
Ангилал: Эдийн засаг

Монголын эдийн засгийн форум-2023 арга хэмжээ нь Монгол Улсын мэдээллийн технологийн гарааны бизнес эрхлэгчид болон олон улсын түншүүд хооронд үр өгөөжтэй хамтын ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэх суурь болно гэж итгэж байна.

Монгол Улсын Засгийн газраас дасан зохицох чадвартай эдийн засагтай, хүртээмжтэй нийгмийг бий болгохыг зорьж “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийг бодлогыг боловсруулсан. Энэхүү урт хугацааны бодлогын баримт бичиг нь мэдээллийн технологийн судалгааг өргөжүүлэх, мэдлэгт суурилсан инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, зөөлөн болон хатуу дэд бүтцийг сайжруулах чиглэлээр мэдээлэл харилцаа холбооны технологи (МХХТ)-ийн салбарын алсын харааг тодорхойлсон юм. Мөн бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлж байна.

Түүнчлэн мэдлэгт суурилсан эдийн засагт хүрэх замыг нээхийн тулд “Mining to Mind” санаачилга гаргасан. Энэ хүрээнд бид МХХТ- ийн салбарын хөгжлийг дэмжих бодлогын орчныхоо анхны үнэлгээг МХХТ-ийн форумын үеэр зарлалаа. Бид сорилтоос үргэлж боломжийг олж харсаар ирсэн бөгөөд далайд гарцгүй байж болох ч оюун ухаанаар түгжигдээгүй.

Байгалийн нөөцөд түшиглэсэн эдийн засгаас технологид суурилсан эдийг засаг руу шилжих нь Монгол Улсын хөгжлийн гол зам юм. Энэ боломжийг баталгаажуулсан сүүлийн үеийн чухал үйл явдал бол Улаанбаатар хотод ажиллаж буй монгол инженерүүд “Рио Тинто” группийн дэлхийн даяар тархсан оффисуудад мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлж байгаа явдал юм. Энэхүү түншлэл нь манай улсын технологийн чадавхыг харуулж, Монгол Улс болон Монголын уул уурхайн хамгийн том хөрөнгө оруулагч “Рио Тинто” группийн хамтын ажиллагааг төрөлжүүлэх нэг арга зам болж байна.

Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний тээвэр, логистикийн зардал нийт өртгийн 28 орчим хувийг эзэлдэг бол мэдээллийн технологийн салбар нь тээврийн зардалгүй бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортлох асар их боломжийг олгодог.

Монгол Улс цахим шилжилтийг төр болон хувийн хэвшлийн хүрээнд хурдацтай нэвтрүүлж байгааг энд дурдахад таатай байна. Эстони улсын Цахим засаглалын академийн дэмжлэгтэйгээр бид 2020 оны аравдугаар сард И-Монголиа төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлж, 23 төрийн байгууллагын 181 үйлчилгээг олон нийтэд танилцуулсан. Харин өнөөдөр төрийн 81 байгууллагын 1000 гаруй үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, урьдчилан таамаглах аналитик чадвартай И-Монгол 3.0 хувилбарыг нээв. Эдгээр шинэчлэл нь иргэн төвтэй засаглал, хүний эрхийг дээдлэх, авлигатай тэмцэх, нээлттэй, ардчилсан нийгмийг хөгжүүлэх эрмэлзлээс үүдэлтэй. И-Монголиа систем ашгилалтад орсноос хойш 28 сая үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж, төрийн байгууллагуудын мэдээллийн санд нээлттэй мэдээллийн хандалтыг идэвхтэй бий болгосон.

Мөн төрийн цахим үйлчилгээний платформтой адил хуулийн этгээдэд зориулсан “И-Бизнес” платформыг нэвтрүүллээ. Уг платформ нь 600 гаруй үйлчилгээтэй бөгөөд тэдгээрийн 400 нь зөвшөөрлийн үйлчилгээнүүд юм.

Түүнчлэн “Mindgolia” платформоор дамжуулан төрийн байгууллагуудын программ хангамжийн худалдан авалтыг оновчтой болгож байна.

Цахим хөгжлийн багц хууль хэрэгжиж эхэлснээр цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн үр дүн гарсан. Цаашид үүнийг улам эрчимжүүлэхийн тулд 120 гаруй хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлээд байна.

НҮБ-ын цахим засгийн хөгжлийн индексээр Монгол Улс 2022 онд 18 байраар ахиж 74 дүгээр байрт жагссан. B2C цахим худалдааны индексээр Монгол Улс 2020 онд дэлхийн 152 орноос 61 дүгээр байрт орсон бол Иргэдийн цахим оролцооны индексээр 2022 онд 193 орноос 57 дугаар байрт оржээ. Мөн цахим үйлчилгээний индексээр 79 дүгээр байрт жагслаа. Эдгээр индекс нь бидний ахиц дэвшлийн бодит хэмжүүр болж, цаашид улам ихийг бүтээх урам зориг өгч байна. Холболт, дэд бүтцийг хангах тал дээр бид тоон хуваагдлыг бууруулахад мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын дөрвөн сая гаруй хүн ухаалаг утас хэрэглэж, 4.2 сая иргэн, хуулийн этгээд интернэтэд холбогдсон нь 3,4 сая хүн амтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм.

Дэд бүтцийн хувьд шилэн кабелийн сүлжээ нь Монгол Улсын 331 сумын 325-ыг хамарч, бид 4G сүлжээний хамрах хүрээгээр 143 орноос 46- д, 3G сүлжээний хамрах хүрээгээр 144 орноос 14-т жагсаж байна. Бид ойрын хугацаанд 5G сүлжээ болон нам орбитын хиймэл дагуулын холболтыг нэвтрүүлэхээр төлөвлөж буй.

Монгол бол технологийн мэдлэгтэй зах зээл бөгөөд дэлхийн программ хангамжийн шийдлүүдийг идэвхтэй ашигладаг. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд онлайнаар худалдаа хийдэг хүмүүсийн эзлэх хувь 500 хувиар өссөн байна. Манай улсын эдийн засаг харьцангуй жижиг ч гэсэн бүс нутгийн зах зээлд гарах замыг нээж буй амжилттай старт-апууд бий.

Тухайлбал, “Fibo Cloud” нь Казахстаны хамгийн том харилцаа холбооны компанитай амжилттай гэрээ байгуулсан бол “AND Global”, “Invescore” зэрэг финтек компаниуд Төв Азийн зах зээлд нэвтэрч эхэлсэн.

Бид дотоод, гадаадад бэлтгэгдсэн инженер, бизнес эрхлэгчдийнхээ чадавхыг хүлээн зөвшөөрч, тэдний амжилтын замд дэмжлэг үзүүлэх бодлого, тэр дундаа экспортод чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирсон бодлогын хөшүүрэг зэргийг багтаасан цогц бодлогыг боловсруулж байна.

Нэг сарын өмнө бид бүс нутгийн түншлэлийг бэхжүүлэх, бүс нутгийн гарааны бизнесийн төв байгуулах, тоон хуваагдлыг арилгах, тоон бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх, дижитал итгэлцэл, аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн өндөр түвшний сайд нарын уулзалтыг зохион байгуулсан.

Одоо бид дижитал гарааны бизнес, инновацын экосистемийг бэхжүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч байна. Тав хүртэлх жилийн хугацаанд татвараас чөлөөлөх болон бусад чухал урамшуулал, буцалтгүй тусламж зэрэг гарааны бизнесийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бодлогын арга хэмжээнүүдийг тодорхойлсон. Мэдээллийн технологийн тусгай бүсийг бий болгож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдийг татвараас чөлөөлж, бизнесээ явуулах хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэн тэдний оюун ухаанаар бүтсэн бүтээгдэхүүнээр дэлхийг хамтдаа байлдан дагуулахыг зорьж буй.

Бид цахим хөгжил, дижитал эдийн засгийн бүс нутгийн механизмыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж байгаадаа баяртай байна. Монгол Улс бол далайд гарцгүй орон. Гэсэн хэдий ч олон улсын түнш, хөрөнгө оруулагчдын дэмжлэгээр бид оюун санааны далайгаар бусад улс руу нэвтрэх үүд хаалгатай тул та бидний хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал

Эдийн засгийн форум 2023 тусгай дугаараас

Mongolian Economy