Бид жилд 8 орчим сая толгой мал хүнсэнд хэрэглэдэг

Монгол улсын хөдөө аж ахуйн салбар нь Монгол улсын нийт эдийн засагт ноён нуруу нь болсоор ирсэн ба ДНБ-ий 20 гаруй хувийг эзэлдэг.

Монгол улс нэг хүнд ногдох махны хэрэглээгээр дэлхийд 11-рт орж, нийт хүнсний салбарт эзлэх мах үйлдвэрлэлийн харьцаа нь 14.5 хувь байгаа нь махны хэрэглээ эдийн засагт хүчтэй нөлөөлдөгийг харуулж байна. Гэвч техник технологи, хадгалах зоорь байхгүй улмаас эрүүл ахуйн шаардлага хангасан нь бидний хүнсэндээ хэрэглэж буй махны 10 хүрэхгүй хувь байдаг.
Хүнсний үйлдвэрүүд эдийн засгийн хямралтай үед ч, зах зээлийн шилжилтийн хүнд үеүүдэд ч “бор зүрхээрээ” явж ирсэн. Энэ салбарт тулгамдсан олон асуудал байдаг ч өнөөдөр хүнсний үйлдвэрүүд дэвшилт технологийг нэвтрүүлж, ажлын байрыг шинээр бий болгож байна. Хувийн хэвшлийхэн их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хүн амыг эрүүл, аюулгүй, хүнсний бүтээгдэхүүнээр хангахад чармайх болсон.
Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид улсын хэмжээнд жилд дунджаар найман сая толгой мал хүнсэнд хэрэглэж, 200 орчим мян.тн мах үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байна. 15.4 мянган тонн махыг үйлдвэрийн аргаар боловсруулан, 3.7 мян.тн мах экспортлож, 47.7 тонн мах импортолжээ.
Манай улсын нийт ажиллах хүчний 40 гаруй хувь нь мал аж ахуйн салбараас шууд хамааралтай байдаг. Иймээс хэдий уул уурхайн хөгжлөөс хамааралтайгаар мал аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувь буурах хандлагатай байгаа ч тухайн салбар эдийн засгийн гол салбар хэвээр байна.
Мал аж ахуйн салбар нь байгаль, цаг уур, байгалийн баялгийн менежменттэй шууд хамааралтай бэлчээрийн мал аж ахуйд суурилж байгаа нь өнөөгийн эрчимтэй хөгжиж буй эдийн засагт хоцрогдож байна.
Мөн нөгөө талаас хэдий нэг хүнд ногдох мал аж ахуйн түүхий эдээр дэлхийд тэргүүлж байгаа ч олон улсын хэрэгцээнд нийцсэн шаардлага стандартыг хангаж чадахгүй байгаа юм.
Махны нөөц бэлтгэлийн хувьд 1-6-р сард дутагдалтай, долдугаар сараас нийлүүлэлтийн илүүдэлтэй болж эхэлдэг байна. Харин 7-12-р сард бий болдог махны илүүдэл нийлүүлэлтийг дутагдалтай байдаг саруудад нөөцлөхийн тулд -15-300C температурын хөргөлттэй 70 гаруй мянган тонн багтаамжтай зоорь хэрэгцээтэй гэнэ. Өнөөгийн байдлаар махны зоорийн нийт багтаамж нь 40 мянган тонн байгаа юм. Түүнчлэн хувийн хэвшлийхэн нэн түрүүнд мах хадгалах хөргүүрийн байр хэрэгтэйг онцолсон.