“Бид энэ боломжийг алдахгүй юм шүү”

Шинэ Засгийн газар байгуулагдсанаар хойших анхны гадаад айлчлал БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингуо байж, айлчлал өчигдөр эхэлсэн билээ.

Тэрбээр өөрийн улсын Гадаад хэргийн сайд Ян Жэчи Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдыг хариуцлагатай, өндөр албанд томилогдсонд нь баяр хүргэж, амжилт хүссэнийг уулзалтынхаа эхэнд уламжилсан юм. Энэ үеэр Л.Болд БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг тодотгоод, Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө БНХАУ-ын Төрийн Зөвлөл, ГХЯ-тай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Түүнчлэн манай улсын шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойших анхны гадаад айлчлал БНХАУ-ын төлөөлөгч болж байгааг онцолсон юм.

Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуогийн уулзалтын үеэр хэлсэн үгийг товчлон хүргэж байна.


Тэрбээр “Нэгдүгээрт, Хэдэн арван жилийн өмнө миний бие Монголд айлчилж байсан. Эдүгээ дахин айлчилж байгаа бөгөөд их өөрчлөлт гарсныг харж байна. Танай улс одоогийн хөгжлийн хандлагаа хадгалж, зөв бодлого баримтлавал удахгүй хөгжин цэцэглэж, баян чинээлгийг бий болгох болно.

Хоёрдугаарт, Манай хоёр улс хоорондоо 4700 км газраар хиллэдэг. Бид хоорондоо түүх, соёлын гүн гүнзгий барилдлагатай. Монгол Улс нь Хятадын чухал түнш улс бөгөөд хоёр талын харилцаа сайн хөгжиж ирлээ. Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 60 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Хоёр талын хил 50 гаруй жилийн өмнө баталгаажсан. Хоёр талын харилцаа амаргүй замыг туулж, өнөөгийн сайн хөгжилд хүрсэн бөгөөд хоёр тал үүнийг сахин хамгаалж, цаашид хөгжүүлэх хэрэгтэй байна. Хятад болон Монголд “Холын саднаас ойрын найзууд дээр” гэсэн зүйр үг бий. Одоо хоёр талын харилцаа сайн, эрчимтэй хөгжиж байна. Бид нар энэ сайн хандлагийг заавал хадгалах ёстой. Үүнийг би онцгой тэмдэглэмээр байна. Монгол Улстай сайн хөршийн найрсаг харилцаа явуулах Хятадын бодлого аль нэгэн цагт өөрчлөгдөж магадгүй гэж хэн нэгэн таамаглаж байгаа бол огт ор үндэслэлгүй сэжиглэл юм.

Гуравдугаарт, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүсийн солилцоо сайн хөгжиж байна. Дэлхийн санхүүгийн хямралаас хамааралгүйгээр өнгөрсөн онд Хятад, Монголын худалдааны эргэлт 6 тэрбум 400 сая ам,доллар хүрсэн нь 60 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засгийн өсөлт хурдацтай болсон бөгөөд 16-17 хувьд хүрсэн нь дэлхий дахинд ховор үзэгдэл юм. Энэ нь хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагаанд ховор сайхан, түүхэн их боломж байгааг илтгэн харууллаа. Бид энэ боломжийг алдахгүй юм шүү. Миний бие Хятадын талын төлөөлөгчдийн өмнөөс болон хувиасаа Монголын хэвлэл мэдээллийн анд найз нарт болон та бүхнээр дамжуулан Монголын ард түмэнд элэгсэг дотно мэндчилгээ, чин сэтгэлийн талархал, аз жаргал, сайн сайхны ерөөлийг дэвшүүлж байна.