Бид өсөлтийг хөгжил гэж андуураад байна. Хөгжил нь бидний өөрсдийн уг үндэс дээр цэцэглэхийг хэлдэг юм

УИХ-ын гишүүн Д.Энхбаттай ярилцлаа. УИХ-д нэр дэвшихийн төлөө улайран тэмцэлдэж буй үед тэрбээр нэр дэвшихээс татгалзсан юм. Намынхаа жагсаалтын хувьд С.Оюун гишүүний дараа хоёрт бичигдэж, мөн УИХ-д дахин сонгогдох магадлал өндөр байсан Энхбат гишүүн нэрээ татсаны учир юу юм бол.

Нөгөөтэйгүүр миний бие түүнийг улстөрд орохоос өмнө олонтаа ярилцлага хийж байлаа. Улс орны хөгжил дэвшил, шинэ санаа оноо, мэдээллийн технологийн талаар бидний ярилцлагын сэдэв өрнөдөг байсан бол түүний сүүлийн дөрвөн жилд сонин хэвлэлд өгсөн ярилцлага нь түлхүү улс төр, намын тухай ярьжээ. Энэ удаа түүний улс орны хөгжлийн төлөө юу бодож явдаг талаар голлон сонирхохыг хичээлээ. Төрийн ордонд дөрвөн жил суусан УИХ-ын гишүүн Д.Энхбат “Монголчууд хуурамч багаа хуулж хаясан цагт хөгжил ирнэ” хэмээн ярьлаа.

-Өнөөдөр манай улс хөгжлийн гараан дээр ирчихээд байна. Хурдацтай хөгжих үү, эсвэл ангал руу унах уу. Сонголт бидний өмнө байна. Таны бодлыг сонсъё?

-Өнөөдөр манайд оршин буй төр, ардчилал гээд бүх зүйл нь хүнийх байна. Гаднын улс төр, тэр ч бүү хэл хүмүүс хоорондын маргааныг ажиглахад соёлын ялгаа ихэд харагддаг. Товчхон хэлэхэд, хөгжил мөнгөний, эдийн засгийн ч асуудал биш. Гаднын орнууд өөрсдийн уг үндэс, ёс заншил дээр тулгуурлаж хөгжиж буй болохоос биш, уул уурхайгаас гэнэт мөнгөтэй болоод хөгжчихсөн юм байхгүй. Өнөөдөр Африкын улсуудад 100 тэрбум ам.доллар өгөөд ч хөгжихгүй. Учир нь, тэр улс орнуудын төр, шүүх засаглал, хууль гээд бүх зүйл нь хүнийх. Тэгэхээр хөгжлийн талаарх миний дүгнэлт бол хэлбэр, агуулга хоёр давхардаж, өөрийн соёл дээр тулгуурласан тэр үед л хөгжил ирнэ. Гэхдээ би хөгжилд уул уурхай, эдийн засаг, мөнгө чухал бус гэж хэлэх гэсэнгүй. Харин уул уурхай, эдийн засгийн өсөлтийг даваад харвал нийгмийн асуудал байгаа. Тэр нийгмийн асуудлын цаана нөгөө соёл иргэншил бий. Тэгэхээр соёл иргэншил хэмээх уг гарвалаа мэдэхгүй бол бид хэзээ ч хөгжихгүй.

Өнөөдөр улс төр, эдийн засгаараа хямрахаас илүүтэй монгол хүн гэж хэн бэ гэдгээ мэдэхгүй байх том хямралтай нүүр тулах вий. Бид яг юу хүсэж буйгаа хэлж чадах хүн өнөөдөр ховор. Алисиа гайхамшгийн оронд гэдэг кино байдаг даа. Тэр кинонд Алисиа найзуудтайгаа явж байгаад зам дээр нэг хүнтэй таарч энэ зам хаашаа хүрэх вэ гэж асуудаг. Нөгөө үл таних хүн чи хаашаа явж байгаа юм бэ гэхэд Алисиа мэдэхгүй гэнэ. Нөгөө хүн тэгвэл энэ зам хаашаа явах нь танд ямар хамаатай юм бэ гэж хариулдаг. Яг л үүнтэй адилхан монголчууд бид хаашаа явж байгаагаа мэдэхгүй бол энэ зам хаашаа явах нь ямар хамаатай юм бэ. Ийм нөхцөл замбараагүй байдлыг үүсгэдэг.

-Уул уурхай, эдийн засгаас илүү Монгол Улс, монгол хүн гэдэг мөн чанараа ярих нь чухал гэсэн үг үү?

-Бид өнөөдөр уул уурхай, эдийн засаг их ярьж байна. Харин өөрсдийн мөн чанараа яагаад ярихгүй байна вэ. Хөгжихийн тулд үүнийг л ярих хэрэгтэй. Чи гараад захын монгол хүнээс амьдрал ямар байна вэ гэхэд өө сайхан болж байна гэдэг. Харин дотны найзтайгаа цай уугаад суухаараа өө ёстой хэрэг алга, бараг л үхмээр байна гэнэ. Ийм л худлаа царайлж байна ш дээ.

Улс төрийг аваад үзье. Монгол ардын нам гэж юу гэсэн үг вэ. Толь бичиг бариад харсан ч болно, ард гэдэг үгийг. Тэнд эд хөрөнгөгүй, угсаа гаралгүй хүнийг ард гэнэ гэсэн байгаа. Тэгвэл МАН харц ардын нам байх ёстой болж байна аа даа. Тэгвэл өнөөдөр ямар нам билээ. Бас нэг жишээ дурдахад монголчууд их савладаг ард түмэн. Намайг Статистикийн үндэсний хороонд ажиллаж байхад манай нэг найз саалийн хэдэн үнээтэй болж, сүүгээ зарж мөнгөө цуглуулаад машин авч уналаа. Тэгсэн хувийн өмчтэй боллоо гээд найзыг маань намаас хөөсөн.

Харин өнөөдөр бүгдээрээ зах зээлд орчихсон явна. Урьд нь нийтийн юмыг л дээдэлдэг байсан бол өнөөдөр нийгмийн, нийтийн эд хөрөнгийг юман чинээ бодохгүй байна. Бүгдийг л хувьчлах бодлого явуулж ирлээ. Хууль нь хүртэл тийм байна. Тухайлбал, танай нутгийн гол хордчихлоо. Шүүх танаас “Та өөрөө хордсон уу” гэж асууна. Хэрвээ хордоогүй бол шүүх таныг хохирогч биш гэж үзээд хэргийг авч хэлэлцэхгүй. Та хохироогүй л бол шүүхээр явах эрх байхгүй гэсэн үг. Тэгвэл бидэнд Туул гол ширгэх, Богд уул түймэрт автах хамаагүй юм байна л даа. Эндээс харахад хамтын, нийтийн эрх ашиг гэх зүйл алга. Энэ нийгэмд амиа л бодвол тэргүүний мундаг хүн юм байх. Бид ийм байдлаар савлаж байна. Хамгийн аймаар нь өөрийн үзэл бодолгүй хүмүүс ингэж савладаг юм.

-Тэгвэл Монгол Улс өөрч­лөгдөхийн тулд энэ бүх хуурамч байдлаасаа л гарах хэрэгтэй юм байна. Хэрхэн яаж энэ хуурамч зангаа хаях вэ. Юунаас болоод алхам тутамдаа ийм хуурамч зан гаргаад байгаа гэж Та бодож байна вэ?

-Хоёр шалтгаан байх шиг байна. Эхнийх нь бид өөрсдөө хуурамч байгаагаа мэдэхгүй явна. Социализмын үеэс л хуурамч амьдарсаар сурчихаж. Тухайлбал, чи нэг машинтай болох гэтэл коммунист үзэл суртлаар болж чаддаггүй. Тэгэхлээр хуурамч дүр эсгэж эхэлнэ. Ингэж явсаар өөрийн мэдэлгүй хуурамч амьдралд сурчихсан хэрэг. Угтаа монгол хүний төрөлх мөн чанар юу билээ. Билэг танхай, дуу шуутай хүмүүс.

Нэг жишээ дур­дахад, япончууд хүүхдээ билэг танхай болгох гэж яаж ч хичээгээд чадахгүй. Тэдний цаад ясанд нь биднээс өөр бүрэг, даруу зан байдаг. Харин монгол хүн эсрэгээрээ. Гэтэл монголчууд хүүхдүүдээ япон хүүхдүүд шиг болгох гээд зүтгэдэг. Монголчуудыг яаж ч даруухан болгох гээд чадахгүй. Тэгэхээр монголчуудад зориулсан арга барил хэрэгтэй байна. Монголчууд шиг дураараа хэрэлддэг хүмүүст зориулсан хурлын арга хэрэгтэй гэсэн үг. Энэ бол муу зүйл ерөөсөө биш. Хүн дураараа билэг танхай байх нь орчин үеийн хэллэгээр лидер, манлайлагч хүний хамгийн том араншин шүү дээ.

Гэхдээ үүн дээр нэмээд боловсрол, хувь хүний соёл байх хэрэгтэй. Яг л үүн шиг жирийн иргэнээсээ аваад төр хүртлээ өөрийнхөө төрөлх мөн чанар дээр суурилж аливаа нийгмийн үе шатуудыг өөрийн оронд зохицуулан бүтээж чадвал бид өөрийнхөөрөө хөгжиж, хөгжлийн шинэ шатанд гарч ирж чадна. Харин одоо бид хурал дээр герман маягаар үг хэлж, гэртээ монгол хэлбэрээр амьдарч байна. Хэлбэр, агуулга нь энэ мэт зөрөөд буй үед хэзээ ч мөнгө тус болохгүй. Дэмий үрээд л дуусна. Тиймээс өөрсдийнхөөрөө байж чадах тэр орчин л бидний хуурамч байдлыг алга болгох учиртай.

-Тэгвэл хэлбэр, агуулга хоёр хэзээ зөв голдиролд орох вэ?

-Өнөөдөр бүгд уул уурхай ярих эсвэл бүгд алт ухах хэрэггүй. Монгол Улсын Ерөнхийлөгч, дээд давхаргын тэр сэхээтнүүд л өөрийн төрөлх мөн чанартаа ойртох хэрэгтэй. Алт ухах нь ухаг хамаагүй. Харин Ерөнхийлөгч нь уурхайчин байх хэрэггүй. Хэрвээ Ерөнхийлөгч уурхай яриад уурхайчин болчихвол Монгол Улс хөгжиж эс чадна.

-Өсөлт хөгжил мөн үү?

-Бид өсөлтийг хөгжил гэж андуураад байна. Хөгжил нь бидний өөрсдийн уг үндэс дээр цэцэглэхийг хэлдэг юм. Хоёр сар гарны өмнө Швед улсын хэдэн судлаач манайд судалгаа хийгээд буцлаа. Тэд манай залуучуудтай уулзаад их сонин зүйл надад хэлсэн. Танай орны ихэнх залууст шударга зан, үндэсний соёл, ажилсаг байх талаар нэгдсэн ойлголт алга. Танай залуучууд том дарга таньдаг эсэх, ганган хувцас, унасан машинаараа хуваагдчихсан байна. Түүнээс биш, үзэл бодлоороо хуваагдсан нь цөөхөн. Энэ юуг харуулаад байна гэхээр бид өөр хоорондоо хэрэглээгээрээ ялгараад байгаа болохоос биш хүн чанараараа ялгарч чадахгүй байгаагийн илрэл юм.

Мөн судалгааны явцад манай залуучуудын хувьд секс бол хайр дурлал, харилцаа огт биш гэж гарсан байна. Зүгээр л хэрэглээ болчихож гэсэн үг. Яг үүнийгээ дагаад улс төрийн намууд мөн адил үзэл бодлоороо бус хэрэглээгээрээ л сэтгэдэг болчихсон. Хаана очвол дарга болох вэ л гэж бодно. Эцэст нь Шведийн судлаачид энэ бол танай улсын сүйрэл гэсэн. Өнөөдөр биднийг үзэл бодол, хүн чанар биш, ердөө л уул уурхай нэгтгэж байна. Хэрвээ уул уурхайн баялаг дуусвал яах вэ. Тэр судлаачид яг манайх шиг байдлыг Нигери улсад ажигласан байна. Тэнд нефть л тухайн улсын оршин тогтнох эх үүсвэр болж, нефть дагаж улс төр, эдийн засаг тэр ч бүү хэл, сонгууль нь явагддаг байна. Тэгвэл манай орон өнөөдөр Нигериэс юугаараа ялгаатай юм бэ. Уул уурхайг л дээр, доргүй ярьж байна шүү дээ.

-Тэгвэл бид сүйрэл рүү гээ яваад байгаа хэрэг үү?

-Өнөөдөр өнгөцхөн харахад бид бүгдээрээ гар утастай, машинтай байна. Энэ бол XXI зууны гайхамшиг. Энэ зууны XI зуунаас ялгагдах онцлог нь хүмүүс турж биш таргалж сүйрдэгт байгаа юм. Швед эрдэмтдийн хэлснээр энэ зуунд улс гүрэн мөнгө дутаж биш, мөнгө нь илүүдэж сүйрдэг болжээ. Энэ үнэн. Харин манайхан үүнийгээ хөгжил гэж нэрлээд байгаа юм. Бид хөгжлийг хүртэл хэрэглээгээр дүгнэж байна. Хөгжлийг буруу гаргалгаагаар авч үзээд байвал нөгөө тал нь юу байх вэ. Тэр бол сүйрэл. Хөгжлийн гаргалгаагаа мэдэхгүй бол бид мөнгөө хэрэглээндээ зарцуулсаар яваад таргалж сүйрнэ. Хөгжлийг хөдөлгөгч нь мөнгө биш.
Хүмүүс намайг уул уурхай, эдийн засгийн өсөлтийн эсрэг нөхөр байна гэж бодож магадгүй. Миний хувьд эсрэг зүйл огт яриагүй. Харин ч эсрэгээрээ уул уурхайд баярлаж, мөнгө эдийн засагт их байгаасай гэж хүсдэг. Уул уурхайн хөгжилд баярлалаа гэсний шалтгаан нь бид эндээс мөнгөтэй болж, хөгжлийн талаар ярьж эхлээд байгаа явдал юм. Хэрвээ мөнгөтэй болоогүй бол хөгжлийн талаар яриа ч уу, үгүй ч үү.

-Жинхэнэ хөгжил өөрсдийн мөн чанар, соёл дээр тулгуурласан тэр зүйлийг л хэлэх ажээ. Харин хөгжлийн талаар нэгдсэн зөв ойлголттой байж чадаж байна уу гэдэг бас нэг асуудал юм биш үү?

-Энэ талаарх нэгдсэн нэг ойлголт чухал. Германчууд Монгол Улсад боловсролын чиглэлээр хэдэн жил дараалан хурал зөвлөлгөөн зохион байгуулжээ. Тэгээд бүр сүүлдээ хийсэн ажил нь нурахад хүрч. Гэтэл дөрвөн жилийн дараа нэг герман эрдэмтэн монголчууд яагаад хэл амаа ололцохгүй, хэрэлддэгийг ойлгосон гэнэ. Манайхан боловсролыг өөр өөрийнхөөрөө ойлгоод байдаг. Зарим нь боловсрол гэдгийг математик гэж ойлгодог бол нөгөө нь шударга, хүмүүжилтэй байх гэж бодох жишээтэй. Товчхондоо бид боловсрол гэж юу хэлдгийг мэдэхгүй, хар ухаанаар л ойлгодог шүү дээ.

Харин Германд аль эрт XVII зуунаас энэ талын нэгдсэн ойлголттой болчихсон ард түмэн. Бүх зүйл дээр герман хүн бүр яг л нэг тодорхойлолт хэлдэг, түүнийхээ дагуу маргадаг, хэлэлцдэг арга зам хайдаг. Монголд нэг хурал боллоо. Зааланд хорин монгол хүн байлаа гэхэд бүгдээрээ өөр өөр зүйл ярьж эхэлнэ. Үүний учир нь 200 гаруй жил манай улс Манжийн нэг хэсэг байсан, 80 гаруй жил Оросын хэсэг болсон. Тэр үед манжууд, эсвэл оросууд боловсролыг гэдгээ нэгдсэн нэг ойлголтоор мэддэг байсан байх. Харин манайд зүгээр л даалгавар өгчихдөг. Бид юу хийгээд байгаагаа мэдэхгүй дагаад л хийчихдэг байсан шүү дээ. Тэгэхээр бид өөрийн гэсэн нэгдсэн нэг ойлголт тодорхойлолтгүй бол юу ч хийгээд хөгжихгүй.

-Монголчуудын дунд ойлголтын зөрүү их байна. Ойлголтоо нэгтгэж байж хөгжих нь бас тодорхой юм. Яагаад ийм байдалд хүрчихэв ээ?

-Хэрэглээний нийгмийн аюул энэ юм. Өнөөдөр уул уурхай гэж юу хэлдгийг ч мэдэхгүй байна шүү дээ.

-Таны хэлдгээр мөн чанар руугаа ойртоод гэдэг ч юм уу сүүлийн үед улс орнууд байгаль дэлхийд ээлтэй органик, ногоон хөгжлийн тийш яваад хэдийнэ эхэлжээ.

-НҮБ-аас гаргасан хүний хөгжлийн 10 индексийн тав нь байгаль орчных байдаг. Яг үүнтэй адилхан соёл иргэншлийн тэн хагас нь байгалийн хуулиар явна. Хүн өөрөө байгалийн нэг хэсэг учраас тэр. Тиймээс ногоон хөгжил нь шинэ зүйл огт биш. Ирээдүйд манай уул уурхай тойрсон олон хот, бүтээн байгуулалт бий болно. Харин тэр үед бид тогтвортой хөгжлийг бий болгож чадаагүй бол миний тооцоолсноор 50 гаруй жилийн дараа Монгол Улс 200 орчим Налайх шиг хоттой л хоцорно.

Нэг бодит жишээ дурдахад Чойр хот руу явах замд орос цэргүүдийн амьдардаг үнэхээр тансаг хотхон байсныг мэдэх юм. Тэр хотхоны орос оршин суугчид хэрвээ нутаг буцвал монголчуудад амьдрах сайхан хот үлдэх нь дээ гэж боддог байлаа. Тэгсэн оросууд нутаг буцсан, тэр хотхон өдгөө балгас болсон. Учир нь, тэр хотхон тогтвортой хөгжлийг бий болгож чадаагүй хэрэг. Үүнтэй адилхан одоо ашиглаж буй уул уурхайн баялаг дуусахад дэргэд нь байсан зүйлс яах вэ. Үүнийг бид бодох хэрэгтэй. Тухайлбал, уул уурхай руу тавьж байгаа зам, өндөр хүчдэлийн шугам одоо зайлшгүй хэрэгтэй ч тэр уурхайн ашиглалт зогсвол эдгээр бүтээн байгуулалт юу ч биш болно. Үүнийг эртнээс тооцож, ирээдүйд хэнд ч хэрэггүй “хог” болохооргүй бүтээн байгуулалт хийх хэрэгтэй. Улс орны хөгжил эндээс л эхэлнэ.

Бид дэлхийн ердөө л нэг хэсэг. Тиймээс анхнаасаа аливаа зүйлийг хийхдээ зөв системтэй хийх хэрэгтэй. Тэр дундаа байгалийнхаа системтэй уялдаж чадвал алдаа бага гарна. Энэ бол Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуайн хэлдэгчлэн даацтай хөгжил юм. Манайхны томъёолж буйгаар тогтвортой, ногоон хөгжил. Байгалийн системтэй уялдсан бодлого явуулдаг, алдахаасаа өмнө арга хэмжээ авахыг зорьж буй улс төрийн хүчнийг Ногоон нам гэдэг. Харин тухайн үед нь л учрыг нь олох талаар боддог бол тэр өөр нам юм. Ялгаа нь ердөө л энэ.

-Өнөөдөр ногоон хөгжил гаднын орнуудын хувьд нэн тэргүүний чухал асуудал болсон байна. Аливаа орны улс төрийн болоод бусад бодлогын нэн түрүүнд ногоон үзэл баримтлал явж байна. Харин манай улсын ногоон бодлого хаана явна вэ?

-Миний бодлоор одоо байгаа дутагдлаа давуу тал болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид сохорсон биш, завшив гэдэг шиг хоцрогдсон бус азтай ард түмэн. Биднээс өмнө гаднын олон орон уул уурхай гээд баларсан түүх олон. Бидэнд тийм гашуун туршлагыг заавал амсах хэрэг алга. Бусдын алдаанаас суралцах хэрэгтэй. Өнөөдөр мэдээлэл, даяаршил бүх зүйл байна. Ийм сайхан нийгэмд амьдарч байж хүний унасан нүхэнд уначихаад аан энэ үнэхээр аймаар нүх байна шүү гэж мэдэх хэрэггүй биз дээ.

Бид ногоон хөгжлийн талаар ярьж байгаа нь ногоо тариад амьдралаа зал­гуулдаг жирийн иргэнд ойлгогдохгүй байж болно. Харин манлайлагч хүний хувьд ойлгох хэрэгтэй. Манлайлагч хүн усан онгоц хоёр метрийн цаана мөсөн уултай мөргөлдөж магадгүй гэдгийг урьдчилан харах чадвартай байх ёстой. Ингэж харж чадвал усан онгоцны залуурыг өөр тийш залж болно. Тэгвэл тэр залах чиг нь л өнөөдөр ногоон болсон хэрэг. Хэрвээ ногооноос өөр зүг залвал онгоц мөсөн уултай мөргөлдөх юм гэдгийг дэлхий дахинаа ухаарсан байна.

Манайхны хувьд хүн хэлэхээс нааш ухаардаггүй гэдэг үг байдаг шүү дээ. Хэлэх л хэрэгтэй. Яах вэ, урьд нь олж хараагүй юу гэвэл хараагүй. Харин өнөөдөр олж харах чадвартай олон хүн бидний дунд байна. Тэдэнд л хэлж ойлгуулах хэрэгтэй. Тийм учраас л танай сэтгүүлээс үлгэр дуурайлал авч хэвлэл мэдээллийн энэ олон хэрэгсэл ногоон хөгжлийн талаар бичих, ярих шаардлагатай байна.

-Таны хэлдгээр манлайлагчид ногоон хөгжлийг хамгийн түрүүнд ухаарах хэрэгтэй байна л даа. Дээрээс нь хүмүүс өөр хоорондоо төдийгүй улс гүрнүүд хүртэл хамтран нэгдэж энэ хөгжлийг бий болгох талаар их ярьдаг болж.

-Энэ зөв. Гэхдээ эхлээд өөрсдийнхөө нүдийг нээх хэрэгтэй. Өнөөдөр бидэнд уул уурхай л харагдаад байна. Харин уул уурхайг даваад харвал цаана нь ногоон хөгжил байгаа. Нэг ийм үг байдаг. Хэрвээ чи буруу замаар яваа бол хурдан удааны ялгаа юу байгаа юм бэ гэж.
Тиймээс буруу замаар хэт хурдан явбал өндөр эрсдэл өмнө хүлээж байна. Яг үүнтэй адил механик өсөлт ч эрсдэл дагуулдаг.

-Сүүлийн үед шинэ хөгжил, шинэ эдийн засгийн талаар ярьж байна. Энэ чухам ямар ойлголт вэ?

-Хүмүүс ялгаа л гаргахын тулд шинэ нэр томъёо өгдөг болов уу. Түүнээс биш, огт байхгүй зүйлийг бий болгочихдог юм биш. Тухайлбал, Таталцлын хуулийг Ньютон нээхээс өмнө бид мэдээгүй байсан. Гэхдээ Таталцлын хууль оршин байж л байсан шүү дээ. Түүнээс биш Ньютон уг хуулийг шинээр бий болгоогүй харин нээсэн. Яг л үүнтэй адилхан шинэ эдийн засаг гэдэг байсан л зүйл. Одоо байгаа зүйлийн сайн тал ч байж магадгүй.

Угаас хорвоо дэлхий дээр сайн, муу хоёр тэнцүү буй учраас л хүн төрөлхтөн оршин байгаа. Түүнээс биш, муу тал нь ялчихсан бол өдийд бид оршин байхгүй. Бид уул уурхайг муу хэлээд байна. Гэхдээ энэ олон уурхайн дунд усаа гамнадаг, аль болох байгальд хор уршиг бага тарих талаар хичээдэг нэг хэсэг бас бий. Харин бид энэ сайн талыг нь л улам олон болгох хэрэгтэй. Эндээс эргээд ойлголтын зөрүү гэдэг дээр буцаад очих хэрэг гарч байна. Одоо байгаагаас илүү сайхан зам байдаг юм аа гэдэг ойлголтыг хүмүүст суулгаад өгвөл тэд энэ зүг рүү явах нь тодорхой. Тиймээс ногоон хөгжил, шинэ эдийн засаг ч бай одоогийнхоос илүү сайхан шинэ зам бий болгоод энэ нь үнэхээр сайнд хүрэх зам мөн гэдэг ойлголтыг л бүгдэд төрүүлэх нь чухал.

-Та өнгөрсөн дөрвөн жил УИХ-д ажиллалаа. Чухам юу ойлгосон бэ?

-Би нэг л зүйлийг үнэхээр сайн ойлголоо. Сүүлийн 20-иод жил монголчууд зах зээл, эдийн засаг, ардчилал, эрх чөлөө гээд олон зүйлийг ойлгохын төлөө явсан. Үүнийгээ дагаад өөрчлөгдөж, тодорхой хэм­жээнд хөгжсөн. Харин ганцхан зүйл л өөрчлөгдөөгүй үлджээ.Тэр нь улс төрийн намууд. Социалист дэглэмийг үндэслэсэн Ленин гэдэг нөхрийн бий болгосон тэр улс төрийн систем өнөөдрийн манай улс төрд явсаар л байна. Өнөөдөр хэлж мэдэхгүй ч дотроо хамгийн хэрэггүй зүйл бол улс төр гэж боддог болчихсон байгаа. XXI зуун гарчихаад байхад өнгөрсөн зууныхаараа оршин буй улс төр Монгол Улсад өнөөдөр яваад байна.

-Тэгвэл манай нам, улс төрийн хүчнүүд яагаад өөрчлөгдөж, хөгжихгүй байна вэ?

-Сул мөнгө тэдэнд морфин тасралтгүй тариад байна л даа. Тэд морфиноор амьдраад байна гэсэн үг. Тэгээд түүнээсээ гарч чадахгүй байгаа юм. Угаасаа мансууруулах зүйлд донтсон хүн гарах хэцүү байдаг гэдэг шүү дээ. Яг л үүнтэй адил юм.

-Тэгвэл энэ мансуурлаас яаж гарах вэ?

-Маш том улс төрийн шинэчлэл хийх ёстой. Үүний тулд хамгийн түрүүнд намыг улс төрийн хэдэн дарга нарын биш гишүүдийн, олон нийтийн байгууллага болгох хэрэгтэй. Намууд олон гишүүнтэй л гэж байна. Гэвч тэдний үүрэг юу вэ. Өнөөдөр гишүүд зүгээр л тоо төдий болчихсон. Ийм зүйл ярихаар хүмүүс улс төр гээд байж магадгүй юм. Яг үнэндээ энэ чинь улс орныг авч явах уураг тархины зохион байгуулалт. Харин өнөөдөр биднийг авч явах уураг тархи сонгуульд ялахын тулд л эдийн засгийн бодлого явуулж байна. Ийм нөхцөлд хэзээ ч бодит үр дүн гарахгүй. Эндээс эргээд л миний ярилцлагын эхэнд хэлсэн хуурамч байна гэдэг дээр очно. Чехийн Ерөнхийлөгч асан Бацелавь Хавель хэлэхдээ “Улс орноо шинэчлэх тухай ярихын тулд эхлээд бүгд хуурамч байхаа л болих хэрэгтэй. Бусад нь бүгд бидэнд бий” гэсэн байдаг. Бидэнд үнэхээр л бүх зүйл байна. Хуурамч байгаагаасаа болоод л бүх зүйл худлаа болоод байгаа юм.

-Бусад улс орны Ногоон намууд хариуцлагатай, өөрийн гэсэн өндөр үүрэг хүлээсэн байдаг нь ажиглагддаг. Тухайлбал, Германы Ногоон нам ногоон хөгжлийн төлөө тун хариуцлагатай ажилладаг юм билээ. Харин танай намын тухайд хэр байна вэ?

-Германы ганцхан жишээг хэлье. Германы Ногоон намын зохион байгуулалт хариуцсан баг манайд хоёр удаа ирж, нам ямар байх талаар манай гишүүдэд хичээл заасан. Гэтэл намын гишүүд маань сэтгэлээр бүр уначихсан. Бидний мэдэхээс шал өөр зүйлийг нам гэж хэлдгийг ойлгосон болохоор тэр. Зарчим нь их энгийн. Германы Ногоон нам жилд хоёр удаа хурлаа хийдэг бол манайх дөрвөн жилд ганц удаа хийдэг. Германы Ногоон намын их хуралд намын бүх гишүүн тэр ч бүү хэл нам бус хүн ч орж болно. Би нэг удаа тэр хурал дээр нь очсон л доо. Гишүүд нь бүр эхнэр, хүүхэдтэйгээ ирчихсэн, гадаах талбайдаа мах шараад л. Энэ бол хэлбэр тал нь. Харин агуулга нь тэр хурлаар намын бүх гишүүний саналыг нэгтгэж, дүгнээд Парламентад буй гишүүддээ төрийн бодлого гаргахад нь нөлөөлөх үүднээс хүргүүлдэг.

Хамгийн сонирхолтой нь Та Ногоон намын гишүүн биш байж болно. Магадгүй Ардын намын гишүүн байлаа гэхэд Та манай намын гишүүдээс өөрийгөө дэмжсэн 40 гаруй хүний гарын үсэг зуруулж чадвал манай намын хурал дээр илтгэл тавих эрхтэй. Тухайн илтгэлд дурдагдсан санаа үнэхээр зөв бол намын бодлого болгоод ч явж болно. Эндээс нам бол төрийн эрхийг барих цөөнхийн бүлэглэл биш гэдэг тодорхой болж байна. Нам бол иргэдийн төрд оролцох гүүрийн үүрэг гүйцэтгэгч. Ленины тодорхойлсноор нам төрийн эрхийг барих цөөнхийн бүлэглэл гэх хоцрогдсон ойлголт өдгөө үеэ өнгөрөөжээ.

Дээрээс нь Германд сонгууль их энгийн зарчмаар явдаг. Та намын бодлогыг дэмждэг бол тодорхой хэмжээний татвар төлнө. Харин нам таны сонгуулийн бүх зардлыг даах учиртай. Яагаад гэвэл сонгууль мөнгө биш. Иймээс нам хамгийн итгэлтэй, нэр хүндтэй гишүүнээ сонгуульд нэр дэвшүүлдэг. Харин манайд эсрэгээрээ шүү дээ. Мөнгөтэй нь л сонгуульд нэр дэвшдэг. Ингээд ирэхээр төрд цөөнхийн бүлэглэл үүсдэг юм байна.

-Та өнгөрсөн дөрвөн жилд Парламентад сууснаараа ямар ажил амжуулсан бэ?

-Би их зүйл хийсэн. Ногоон намыг анх удаа Парламентийн нам болголоо. Иргэний зориг-Ногоон намыг байгууллаа. УИХ дотор ногоон хөгжлийн талаар их ярьдаг боллоо. Ногоон гэдэг чинь байгаль хамгаалсан хэдэн нөхөр гадаа жагсахыг хэлдэггүй, харин улс төрийн маш том асуудал гэдгийг хүмүүс ухаарлаа. Энэ бол сайн мэдээ. УИХ-ын зарим гишүүн нэг хурал дээр ногооныг цэцэг тарьдаг хүмүүсийн холбоо гэж ярьдаг байсан. Тэгвэл одоо улс төрийн том хүчин болж байх шиг байна гэсэн юм. Үнэхээр тийм юм.

-Таныг Монголд интернэтийг үүсгэн байгуулсан эцэг гэдэг. Мөн өнөөдөр Twitter-ээр ч Монголдоо “байлдан дагуулагч” гэж ярьж байна.Таныг хэчнээн Twitter-чид дагаж байна вэ?

-Одоогоор 15 мянга гаруй хүн байх шиг байна. Гэхдээ сүүлийн 10 гаруй хоног нэг ч удаа Twitter-т орсонгүй. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, хүмүүс улс төр ярихаар дургүйцээд байна. Хоёрдугаарт, намын даргын хувьд өөрийн байр сууриа Twitter-ээр хэлж болохгүй байна. Тэгэхээр би гадаа бороо орж байна гээд бичээд байлтай биш. Дээрээс нь өнөөдөр манайд Twitter арай буруу хөгжөөд байна. Уг нь Twitter бол чат биш ямар мэдээлэл хаана болж байгаа талаарх дохио юм. Гэтэл хоёр хүний хоорондын чат болчихож. Гэхдээ энэ энгийн үзэгдэл л дээ.

-Та тэгвэл facebook-ээр хэр зэрэг зочилдог вэ?

-Facebook-ийг сонирхож үзсэн. Гэхдээ тэнд юмны учрыг олох гэсэн бус маш олон янз бүрийн юм сонирхсон хүмүүсийн нэгдэл байсан. Тиймээс Facebook-ийг ажлын талбар биш гэж үзэх болсон. Магадгүй ирээдүйд энэ хандлага өөрчлөгдөх байх аа.

-Монгол Улсын мэдээллийн технологи, интернэтийн хөгжлийг та өдгөө хэрхэн дүгнэж байна вэ?

-Мэдээллийн технологийн талаар миний бодол тийм ч сайн биш байгаа. Адаглаад цахим хуудас руу ороход тэнд ердөө л сонины хуулбар байх. Уг нь интернэт нь задгай далай юм. Чи юу ч хийж болно. Өөрийн дураар. Сонинг аваад үзэхэд хэдийгээр мэдээллийг чөлөөтэй нийтэлдэг ч Эрхлэгчийнхээ зөвшөөрөлгүй ямар нэг мэдээ нийтлэх эрх сэтгүүлчид байхгүй. Энэ нь нэг талаараа хувьчлагдчихсан орон зай гэсэн үг. Харин интернэт бол өөр. Манайхан энэ талаар сайн мэдэхгүй байх шиг. Интернэтийг зүгээр л сонинг цахим хэлбэрээр унших хэрэгсэл гэж ойлгоод байна. Яваандаа энэ байдал өөрчлөгдөх болов уу.

Дээрээс нь бид уншихыг хүсдэг ч бичдэггүй. Энэ нь нэг талаар бидний соёлтой холбоотой. Манай ард түмэн аман соёл ихтэй харин бичгийн соёл бага. Би хувьдаа блог хөтөлдөг. Учир нь би интернэтийг хэлбэр бус мөн чанар гэж боддог учраас тэр. Би тэнд өөрийнхөөрөө байж, өөрийнхөө үргэлжлэлийг тэнд үлдээж чаддаг. Хэрвээ интернэтийг далайтай зүйр­лэх аваас бидний дунд далайчин хүн алга. Далайн эрэг дээр нар өөд саравчлан харж зогсоо хэдэн хүн л байна. Далайчин болохын тулд ядаж нэг модон завинд суугаад далайн ус руу орох хэрэгтэй шүү дээ.

-Хүмүүс УИХ-д нэр дэвших гэж улайрч байх үед та нэр дэвшихээс татгалзсан. Энэ нь нийгэмд олон таамаг үүсгэж байна. Тухайлбал, улс төрөөс урвасан, дахин нэр дэвшээд сонгуульд ялахгүй гэж үзсэн, хуйвалдсан гэх мэт. Улс төрд нэгэнт орсон хүн гарч чаддаггүй гэдэг. Яагаад гэсэн асуулт Танд тавьж байна?

-Би дараагийн дөрвөн жилд УИХ-д сууж ажиллахаар төлөвлөгөөгүй гэж л хэлж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульт хугацаа дуусч хүн бүр дараачийн сонголтоо хийлээ. Би ч бусад гишүүний нэгэн адил сонгогчдынхоо өмнө авсан амлалтаа биелүүлж, үүрэгт хугацаагаа дуусгаад одоо шинэ сонголтоо хийх цаг ирж буй учир сайтар эргэцүүлэн бодсон. Монгол Улс зөвхөн УИХ биш шүү дээ. Тэгээд ч бараг хүн бүр УИХ-д орж хууль тогтоогч болох гэж зүтгэх нь өнөө цагийн л давалгаа гэж хардаг. Яваандаа энэ бүх хандлага өөрчлөгдөнө. Бүх хүн энэ зүгт хошуурч байна гэдэг чинь тэр сонголт зөв гэсэн баталгаа огт биш. Би ийм давалгаагаар биш, харин өөрийн хүсэл зорилтоо дагаж сонголтоо хийсэн.

Өнгөрсөн жилүүдэд би олон чухал зорилт хэрэгжүүллээ. Одоо дараачийн зорилт руугаа явна. Миний энэ шийдэл нь Монголын улс төрд байх энгийн утгатай, эрүүл үзэгдэл гэж харж байна. Харин олон хүнийг гайхшруулж байгаа нь энэ цаг үеийн үнэн дүр төрх юм болов уу даа.