Бизнесийн орчин сайжирсан гэв үү?

Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн ажлын үр дүнгээ Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын чуулганы үеэр тайлагнаж байна. Шинээр бүртгүүлсэн аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж, хууль эрх зүйн орчин сайжирч, манай улсын өрсөлдөх чадвар дээшиллээ гэх мэтээр сайхан үгс урсгаж гарав. Түүний яриаг УИХ-ын гишүүд уулга алдан дэмжиж, алга таших нь холгүй баясацгаах ажээ. “2010-2011 оны өрсөлдөх чадварын үнэлгээгээр Монгол Улс 139 орноос 99 дүгээр байрт жагссан нь өмнөх жилийнхээсээ 18 байраар урагшилсан хэрэг” хэмээн Ерөнхий сайд бардамнав. Гэхдээ С.Батболд сайд маань нэг зүйлийг мартсан бололтой. Дэлхийн банкнаас гаргадаг “Бизнес эрхлэхүй 2010” судалгаагаар манайх 183 орноос 60 дугаарт бичигдэж байсан бол 2011 оны үзүүлэлтээр 73 дугаарт жагсаж, даруй 13 байраар ухарчээ.

“Монголын бизнесийн орчин хамгийн таагүй байна.Үүний тод жишээ гэвэл нийслэлчүүд хэрэгцээгээ дан импортын бараа, бүтээгдэхүүнээр хангаж байгаа явдал. Ямар ч бизнесийн орчин, орон зай алга” гэж эдийн засагч С.Одонтуяа тэмдэглэсэн байна. Үнэхээр монголчууд хүнсний бараа, бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг гадаадаас худалдаж авдаг гээд бодохоор яагаад идэж, уухаа хүртэл дотооддоо үйлдвэрлэж болохгүй байна вэ гэсэн асуулт гарч ирнэ. “Одоо монголчууд голдуу хямд үнэтэй хятад бараа хэрэглэж байна. Тиймээс дотоодын үйлдвэрүүдийг хамгаалсан хууль эрх зүй, татварын таатай орчин байх ёстой. Монгол Улс импортын орон гэдгийг хэн ч хэлнэ. Гэтэл импортын орон эдийн засгийн хувьд хамгийн тогтворгүй, хөгжлийн хувьд хэзээд буурай байдаг түүхтэй” хэмээн “Их харанга” компанийн захирал Я.Энхтайван онцолж байлаа.

Үүний зэрэгцээ хөдөө орон нутгийн бизнесмэнүүд хамгийн хүнд байдалд үйл ажиллагаа явуулсаар. Ус, цахилгаан, халаалтнаас эхлээд түлш, шатахуун нь хүртэл алслагдсан аймгуудад асар үнэтэй байдгийг бид мэднэ. Түүнчлэн манай орон өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг учир аливаа тоног төхөөрөмж, түүхий эдээ нэг газраас нөгөө газарт хүргэхийн тулд их хэмжээний зардал гаргах болно. Дэрээс нь замын асуудал ямар байгаа билээ? Гэтэл татварын хэмжээ хот, хөдөө ялгаагүй нэг л түвшинд байдаг шүү дээ. Өндөр өртгөөр үйлдвэр байгуулж, жижиг зах зээлд нийлүүлэхийн тулд ажлын байр бий болгож байгаа хүмүүсийг татварын бодлогоор дэмжих хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Дотоодын үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй бас нэгэн чухал асуудал бий. Юу гэвэл ямар ч бизнес эрхлэгч тогтвортой байдлыг чухалчилдаг. Тэгвэл Монгол Улсад 20 сая ам.доллараас дээш хэмжээний хөрөнгө оруулагч гадаадын компани хүсэлт гаргавал 10-15 жилийн тогтвортой байдлын гэрээ байгуулах боломжтой. Гэтэл Монголд дотоодын хөрөнгө оруулалтын тухай тусгайлан мөрдөж буй хууль тогтоомж ч алга. Гадаадынханд болохоор хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлчихээд, үндэсний компаниудаа нүд үзүүрлэдэг гаж тогтолцоог яалтай билээ? Дотоодын аж ахуйн нэгжүүдийг ч гэсэн тодорхой шалгууртайгаар хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээ байгуулах эрхтэй болгох санал боловсруулж буйгаа МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл дуулгав.
“Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах төрөл бүрийн дэмжлэг байдаг хэрнээ дотоодынхныг хаячихсан байсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд бизнесийн орчин сайжирч байгааг онцлох нь зүйтэй” хэмээн Монголын Энтерпренерүүдийн холбооны тэргүүн Б.Гармаасүрэн хэлсэн юм. Үнэхээр Засгийн газар бизнес эрхлэгчдийн хувьд бага ч гэсэн найдлага төрүүлж эхэлснийг тэмдэглэх нь зүйтэй болов уу.

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн төлөвлөгөөнд нийт 131 зорилт, арга хэмжээ тусгаж ажилласан байдаг. Энэ хүрээнд, тухайлбал, бүртгэлтэй холбоотой 128 нэр төрлийн үйлчилгээнд хураамж авч байсныг 57 болгон цөөлжээ. Бизнес эрхлэгчид ямар нэг үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авахын тулд олон албан тушаалтны гарын үсэг цуглуулж, цаг заваа алдаж, улмаар авлига энэ тэрээр ажлаа хөнгөвчлөхийг оролддогийг багасгах чиглэлд овоо ажил хийснийг сануулах юун. Нэг барилга барьж ашиглалтад оруулахын тулд 118 албан тушаалтнаар гарын үсэг зуруулдаг байсныг 56 болгож бууруулсан нь мөн л Засгийн газрын гавъяа гэлтэй. Энэ нь тухайн аж ахуйн нэгж гарын үсэг зуруулахад зарцуулж байсан 480 гаруй хоногийг 180 болгосон үзүүлэлт ажээ.

Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 700 орчим тоног төхөөрөмжийг гаалийн албан татвар болон НӨАТ-аас чөлөөлсөн, хөнгөлөлттэй зээл олгож, лизингээр тоног төхөөрөмж авах нөхцөлийг бүрдүүлсэн гээд сайшаах зүйл олон гарна. Гэхдээ бизнес эрхлэгчдийг ганц, хоёр жил дэмжээд л дорвитой үр дүнд хүрчихдэг юм биш гэдгийг төр, засгийн эрхмүүд ойлгож, мэдэрсэн болов уу.

Хувийн хэвшлийн 40 мянга орчим аж ахуйн нэгж манай улсын ДНБ-ий 70 гаруй хувийг үйлдвэрлэж, 800 мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа гэх статистик бий. Гэтэл хууль эрх зүйн тогтворгүй орчин, хүнд суртал, хээл хахууль гээд олон асуудалтай өдөр бүр тулгардаг бизнесмэнүүд бол ёстой л хал үзэж, хашир суусан хүмүүс. Ямартай ч төрийн эрх мэдэлтнүүдийн хатуу чих зөөлөрч, баялаг бүтээгчдийнхээ үгийг сонсдог болсон нь “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хамгийн том амжилт гэдгийг ихэнх бизнесмэн тэмдэглэж байна. Хамгийн гол нь энэ ажил цаашид ч үргэлжлээд явах үндэс суурь бий болсон гэдэгт л хувийн хэвшлийнхэн найдаж буй ажээ.