Бизнесмэнүүд бол үнэндээ нийгмийн зарц шүү дээ

“Mongolian Economy” сэтгүүл “New Idea & business” гэсэн булан нээлээ. Будаг нь ханхалсан шинэхэн сэтгүүлийнхээ брэнд булангийн анхны зочноор “Өгөөж” компанийн захирал С.Түмэнгэрэл, “Их харанга” компанийн захирал Я.Энхтайван нарыг урилаа. Бизнесээ эхлэх гэж байгаа залууст болон бизнесийн тогоонд чамгүй чанагдаж яваа туршлагатай хүмүүст ч манай “Шинэ санаа ба бизнес”-ийн зочдын ярилцлагаас санаа авах, суралцах зүйл багагүй байна гэдэгт итгэлтэй байна. Энэ агуулгын үүднээс бид ч гэсэн зочдодоо “Бизнес хийхэд зөн совиндоо илүү итгэдэг үү, эсвэл мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагадаг уу? Шинэ санаагаа хэрэгжүүлэх цаг нь мөн үү, эсвэл жаахан хойшоо тавих хэрэгтэй юү гэдгээ хэрхэн мэдэрдэг вэ? гэх мэт шинэлэг асуулт тавьж, ярихаасаа хийхээ урьтал болгодог бизнесмэнүүдийнхээ ярилцлагыг улам сонирхолтой болгосон юм.

-Бизнес хийхэд ер нь авьяас чухал байдаг юм уу эсвэл шантрашгүй хөдөлмөр амжилт авчирдаг уу?

С.Түмэнгэрэл:
-“Их харанга” компанийг би сайн мэднэ. Тантай олон уулзалтад таарч байсан боловч өнөөдрийнх шиг ингэж нүүр нүүрээ хараад, тухлан ярилцах боломж гарч байгаагүй юм байна. “Mongolian Economy” сэтгүүлийн хамт олон анхны дугаарынхаа зочноор урьж, сонирхолтой сэдвээр тантай яриа өрнүүлэх боломж олгож байгаад баяртай байгаагаа хэлье. Шинэ санаа яаж бизнес болдог тухай сэдэв нь өөрөө сайхан санаа байна шүү дээ (инээв).
Миний хувьд бол бизнес эрхлэнэ гэдэг хүн бүрийн чадах ажил биш юм шиг санагддаг. Бурхан хүн бүрт ямар нэгэн авьяас бэлэглэдэг. “Чи дуу дуулж амьдар” гээд зарим хүнд сайхан хоолой заяадаг бол зарим хүн зурж, цөөнгүй хүн зохиол бичээд амьдардаг шүү дээ. Хүн бүрт өөрийн гэсэн хувь тавилан бий. Тэр дотор бизнесийн ухаан ч мөн багтах болов уу.
Нэг жишээ хэлье л дээ. Бид оюутан байхдаа наймаа хийнэ. 1990-ээд онд ганзагын наймаа эхэлж байх үед надаас хамаагүй мундаг сурлагатай, бидний ярьдгаар “толгойтой” оюутнууд байлаа. Тэгээд гурвуулаа яг ижилхэн чанартай, адилхан өнгөтэй өдөн куртка бариад зах дээр зогсож байхад нэгнээс нь л илүү аваад байдаг. Байршил, барааны чанар яг ижилхэн байхад шүү дээ. Товчхондоо, хүн бүр өөрийн гэсэн авьяас чадвартай. Бизнесмэн болно гэдэг ч хувь заяаны л асуудал. Бизнесмэн хүн юм бүрийг харж, ажиглаж чаддаг, тийм ч болохоор байнга шинэ соргог санаагаар баян явдаг байх. Тухайлбал, би Энхтайван захирлыг ажил хэрэгч, бизнесийн хувь заяатай хүн гэж ойлгодог. Тиймээс ч өнөөдөр “Их харанга” компани гудамж, талбайн рекламны акул болтлоо өргөжиж чадсан байх жишээтэй. Их зөв байрлалд рекламны самбаруудаа тавьчихсан харагддаг.
Мэдээж хүн бүр ямар нэгэн шинэ санаа өвөрлөж, бизнес хийхийг хүсдэг байх. Харин тэрийгээ амьдрал дээр хэрэгжүүлдэг нь хэд вэ гэхээс.

Я.Энхтайван:
-Нээрээ яг ижил бараатай, зэрэгцэж зогсож байгаа хэрнээ нэг нь илүү зардаг тухай Та их оновчтой хэллээ. Тэгэхээр бизнес хийхэд их, дээд сургуульд хэн нь илүү сурлага сайтай байсан нь хамаагүй. Бодоод үз дээ, эдийн засгийн академи төгссөн хүн бизнес хийвэл мөн мундаг явна аа даа? Гэтэл тийм биш байдаг юм аа.

С.Түмэнгэрэл:
-Уг нь бол тийм ш дээ (инээв).
-Тэгэхээр бурхнаас заяасан авьяас илүү чухал гэж ойлгох нь ээ.

Я.Энхтайван:

-Хүсээд олдохгүй, хусаад арилахгүй шинж чанартай байж л хүн бизнес хийдэг. Тамирчдыг аваад үзье л дээ. Үнэхээр байгалиас заяасан авьяас чадвар байвал наадмын талбайд гараад л давах байхгүй юу. Гэтэл авьяасгүй хүн хэчнээн бэлтгэл хийгээд бас хэцүү шүү дээ. Ийм л төрөлхийн авьяасын талаар Түмэнгэрэл захирал дурдаж байх шиг байна.

С.Түмэнгэрэл:
-Гэхдээ бурхнаас заяасан хувь тавиланг хамгийн гол зүйл гэвэл бас буруудчих талтай шүү. “Би бизнесмэн мөн үү, биш үү?” гэдэг нь асуудлын таван хувь байж болох юм. Үлдсэн 95 хувь нь тухайн хүний хөдөлмөр, итгэл үнэмшил, тэсвэр хатуужлаас шалтгаална. Товчхондоо, бизнесмэн байх нэг өөр, цаашид түүнийгээ амьдралд хэрэгжүүлнэ гэдэг бас өөр ойлголт. Хүнтэй харьцаж сурах, хүнийг уншиж сурах, хэнтэй хамтарч ажиллах вэ зэргээс мөн л их зүйл шалтгаална. Үйлдвэрийн гол ажил ганц хүнээс шалтгаалдаггүй. Нэг ширхэг бүтээгдэхүүн ч гэсэн тэр үйлдвэрт ажиллаж байгаа захирал, үйлчлэгч, мэргэжилтэн гээд бүх хүний хамтын бүтээл байдаг.

-Та хоёр хэн нэгэнд бизнесээ эхэл гэж зөвлөвөл хамгийн түрүүнд юуг анхааруулах вэ?

С.Түмэнгэрэл:
-Багаа зөв бүрдүүлнэ гэдэг хамгийн чухал. Манай компанийн хувьд зөв суурь хүмүүжилтэй хүн авч ажиллуулах юмсан гэсэн зарчим баримталдаг. Түүнээс биш, олон дээд сургууль төгссөндөө биш. Зөв суурь хүмүүжилтэй хүн ажилдаа сэтгэлээсээ ханддаг. Тиймээс үнэнч, зөв төлөвшсөн хүмүүсийг л авахыг хичээдэг. Тийм хүмүүсийг ямар ч тохиолдолд сургаад авч болдог.

Я.Энхтайван:

-Миний бодлоор бизнес нь юуны түрүүнд зах зээлийн судалгаанаас эхэлдэг юм. Таны өвөрлөж яваа шинэ санаа зах зээлд гараад ирэхээрээ амьдарч чадах уу гэдэг хамгийн чухал. Амьдрууллаа гэхэд эдийн засгийн үр өгөөж нь ямар байх вэ гэдгийг сайн харуулсан төсөл хийх нь л нэгдүгээр алхам болно. Бизнесээ эхлэхийн тулд өрсөлдөөн ихтэй салбарт орох уу, өрсөлдөөн багатай бизнес хийх үү гээд л судалгаа эхэлнэ шүү дээ. Өрсөлдөөн ихтэй салбарт орвол эдийн засгийн хувьд ахиц гаргалаа ч зугуухан хөгжинө.

-Бизнесмэн хүний хувьд шинэ санаа амьдралаас ургаж байдаг уу?

С.Түмэнгэрэл:
-Амьдрал дунд орох юм бол шинэ санаа их гардаг, мэдээж бас их унших хэрэгтэй. Энэ бүхэн цогцлоод ирэхээр бизнесмэн-удирдагч гарч ирнэ. Энэ чинь өөр ойлголт шүү дээ. Компанийг зөв авч явахын тулд бизнесмэн-удирдагч байх ёстой.

Я.Энхтайван:
-Байгууллага удирдаж байгаа хүний инженер сэтгэхүй маш өндөр байх ёстой. Энэ нь юу вэ гэхээр ямар нэгэн ажил явагдаж байхад хянаж чадах гайхамшигтай шинж чанарыг хэлээд байна л даа. Ер нь эдийн засгийн ухаан гэхээр заавал академи төгссөн байх албагүй. Үнэндээ бүх эдийн засгийн онол тэнгэрээс унаагүй, газраас ургаж гарч ирээгүй. Хүний амьдралын баялаг түүх, үйл ажиллагаанаас л гарч ирсэн. Сургалт гэдэг үүнийг л зааж буй хэрэг. Харин авьяаслаг хүний хувьд энэ бүхэн заалгасан юм шиг дотроос нь ургаад байдаг юм. Ургаж буй авьяас удирдагч хүнд байхад урагшаа явдаг болов уу. Түүнээс биш, хүн бүр захирал хийх гээд, бизнесмэн болох гээд амжилтад хүрэхгүй. Төрөлхийн чадвар хэрэгтэй, тэр ч бүү хэл, бизнесмэн хүн хошигнох ч авьяастай байх шаардлага байдаг.

-Та хоёрын бизнесээ эхэлж байх үеийг одооныхтой харьцуулахад ямар боломжууд бий болсон байна вэ?

Я.Энхтайван:
-Би бол анх бизнесээ эхлэхдээ их өрсөлдөөнтэй салбарт хөл тавьсан. Солонгос, Хятадын компанийг дампууруулж байлаа (инээв). Миний бизнес чинь гадаадын компаниудад их халгаатай. Дотоодын аж ахуйн нэгжүүдтэйгээ мэдээж өөрөөр харьцдаг. Гудамж, талбайн реклам чимэглэлийн салбараас гадна манайх одоо химийн бодис, тэсэрч дэлбэлэх бараануудын гол худалдаа явуулж байна.
Сүүлд би аккумляторын үйлдвэр байгуулах гэж нэлээд явлаа. Олон орноор явж, туршлага судлаад, Тайвань, Хятад, Солонгосын туршлага дээр тулгуурлан ийм үйлдвэр ажиллуулах боломж байгаа юм. Эдийн засгийн бүх тооцоо нь гарч байгаа. Гэтэл түүхий эдийн асуудал тулгарсан. Мэдээж би энэ байдлыг урьдчилан харж байсан л даа. Өнөөдөр Монголд 1.5 сая тонн хар тугалганы нөөц бий. Түүхий эдээ үүнээс авч ашиглавал хэзээ ч барахааргүй асар олон үндсэн орд байгаа юм. Гэтэл Ашигт малтмалын газраас тендер гээд нэг даваа байна. За тэгээд оновчтой гэсэн газрууд нь бүгд эзэнтэй болчихсон. Ихэвчлэн хятад эзэдтэй юм билээ. Надад 24 орчим уурхайн санал ирэхэд 18-ынх нь ард ямар нэгэн байдлаар хятад хүн байх шиг байна лээ. Аккумляторын үйлдвэр ажиллуулахын тулд би уурхайг доод тал нь нэг сая доллараар авах гээд байгаа юм. Тэгээд хар тугалганы баялгийг ялгах үйлдвэрийн тоног төхөөрөмж гэхэд л 700 мянган долларт босох ёстой. Үндсэндээ зөвхөн уурхай авах ажил дээр л зогсчихож байгаа юм. Энэ бүхэн эдийн засгийн зохисгүй байдлыг харуулж байгаа хэрэг. Өнөөдөр Дорнодод хоёр том орд бий. Нэг нь хар тугалгыг гулдмайлж, нөгөөх нь баяжмалаар гаргаж байгаа.

С.Түмэнгэрэл:
-Миний хувьд нэг юм хийгээд түүнийгээ бат суурьтай болгочихоод л дараагийн ажилдаа орох нь зөв юм болов уу гэж боддог. Ер нь хүмүүс надаас яагаад өөр бизнес рүү ордоггүй юм бэ гэж асуух нь бий. Их мөнгөтэй салбар руу яагаад ордоггүй юм бэ гэж (инээв). Жишээ нь 1990-ээд онд архины үйлдвэрлэл маш ашигтай байлаа. Ямар нэгэн лиценз, энэ тэрээ шаардагдахгүй. Тухайн үед архи хийгээд зарсан бол би эдийн засгийн хувьд магадгүй өнөөдрийнхөөс ч сайн байх байсан байж болох. Гэхдээ би зөв юм хийчих юм сан л гэж боддог. “Өгөөж” бол 75 жилийн түүхтэй компани. Сайн компани, сайхан хүмүүсийг ажиллуулж байгаадаа өөрийгөө азтай гэж боддог. Цаашид энэ компаниа агуу болгох юм сан гэж зорьж байна. Агуу гэхээр хүмүүс олон салбар руу ороод л, холдинг болох юм шиг бодож магадгүй. Миний бодлоор агуу компани гэдэг бол тогтвортой өсөлттэй байх ёстой. Тэрний дараа л бусад бизнест орох талаар бодож болох юм.

-Та хоёр баян хүмүүс мөн үү?

С.Түмэнгэрэл:
-Манай зарим хүн бизнесмэнүүдийг ашиг хонжоо хайсан сувдаг шунахай хүмүүс гэж боддог. Уг нь тэр талаасаа бодмооргүй байгаа юм. Хүн шинэ санааг амьдралд хэрэгжүүлээд, өөрт болон бусдад тустай юм хийгээд, түүгээрээ өөрөө хөрөнгөө олж байвал жинхэнэ бизнесмэн мөн. Хэн их мөнгө олсондоо гол нь биш, яаж олж байна вэ гэдэгтээ л байдаг. Мөнгийг бол зөвөөр олох ёстой. Хүн хуурч мэхлэх, хулгай хийх зэрэг муу аргаар биш. Зөв замаар явж байгаа, зөв юм бүтээж байгаа хүмүүсээ дэмжиж байж л бид хөгжилд хүрнэ. Бизнесмэн болно гэж итгэж байвал болохгүй юм байхгүй. Сайн явж байгаа хүмүүстэй уулзаад л, хараад л, суралцах хэрэгтэй дээ. Тэр хүн яаж ажлаа амжуулж, зохицуулж амжилтад хүрч байна вэ гэдгийг л харах ёстой.

Я.Энхтайван:
-Бизнесмэнүүд бол их баян, ханаж цадахаа мэдэхгүй улс гэсэн ойлголт нийгэмд үнэхээр байдаг. Та эмзэглэж явдаг юм шиг байна, би ч мөн ялгаагүй. Манай нийгэм ухамсар болоод эдийн засгийн хувьд төлөвшиж чадаагүй учраас л ийм яриа гарч байгаа болов уу. Тамирчан хүн мөнгөн медаль авчихаад л “Би боллоо” гээд спортоо хаяж байвал хамгийн утгагүй хэрэг биз дээ? Тэгвэл бизнесмэн нэг үйлдвэр ажиллуулаад ирэхээр нэг талаас тэнд ажиллаж байгаа хүмүүсийнхээ хувь заяаг давхар хариуцаж байгаа хэрэг. Нөгөө талаас тэр бизнесмэн ард түмний төлөө үйлчилж байна. Тэгвэл тэр үүрэг, хариуцлагыг асар гүнзгий ухамсарлах ёстой. Ажлаа зогсоох ч эрх байдаггүй. Хоёрыг үйлдвэрлэдэг байсан бол дөрвийг үйлдвэрлэдэг болох, хүмүүстээ 200 мянган төгрөгийн цалин өгдөг байсан бол 400 мянга болгохын төлөө ажилладаг. Хийж буй зүйлээ аль болох л шат ахиулах бодлого баримтлахаас өөр арга байхгүй. Бизнес эхэлнэ гэдэг чинь нэг том хүрд эргэж байна гэсэн үг. Нэгэнт эргэсэн хүрдийг зогсоох эрх захиралд байдаггүй. Түүнээс биш сувдаг, сувдаггүйдээ биш. Мэдээж үйл ажиллагаа явуулж байгаа хүн тодорхой хэмжээний ашиг ололгүй яах вэ. Гэхдээ захирал хүн нийгмийн төлөө асар их хөдөлмөрлөдөг. Үнэндээ нийгмийн зарц л юм шүү дээ.

С.Түмэнгэрэл:
-Хүн эхлээд өөрийн хэргцээг хангах гээд явдаг. Сайхан амьдрах юмсан, үр хүүхэд, гэр бүлээ сайхан аваад явчих юмсан гэж. Тэгээд өөрийн хэрэгцээг бий болгочихоод нийгмийн хэргцээг бий болгохыг зорьдог. Түүнээс биш, мөнгөний төлөө гээд шунаж байгаа юм биш. Бизнесмэн хүн бүтээн байгуулж байгаа юмнаасаа таашаал авдаг. Хувийн хэрэгцээний мөнгө бол өчүүхэн шүү дээ. Харин хийж бүтээхэд хэрэгтэй болохоор эдийн засгийн суурийг бий болгохоос өөр аргагүй.

Я.Энхтайван:
-Ер нь баян хүн, бизнесмэн хүнийг ялгаж салгаж ойлгох ёстой. Баян хүн гэхээр асар их хөрөнгө өвлөөд авчихсан, түүнийгээ өсгөж арвижуулахын оронд өөртөө л их мөнгө зарцуулаад явж байгаа хүнийг хэлэх байх (инээв). Тэгвэл бид хоёр хүмүүсээс юугаараа илүү ялгараад байгаа юм бэ? Зөвхөн сэтгэлгээ л баялаг байх. Түүнээсээ баялгийг бүтээж гаргаж байгаа л хүмүүс шүү дээ.

-Иргэдэд тарааж байгаа 21000 төгрөгийг бизнесмэнүүд юу гэж үзэж байгаа бол?

Я.Энхтайван:
-Одоо монголчууд голдуу хямд өртөгтэй хятад бараа хэрэглэж байна. Тиймээс дотоодын үйлдвэрүүдийг хамгаалсан хууль эрх зүйн орчин байх ёстой шүү дээ. Татварын хөнгөлөлт, гаалийн татвар ч байдаг юм уу. Хар л даа, Монгол Улс импортын орон л байна шүү дээ. Импортын орон эдийн засгийн хувьд хамгийн тогтворгүй, хөгжлийн хувьд хэзээд буурай байдаг түүхтэй. Өнөөдөр Монголын 2.8 сая иргэний 30 хувь нь хөдөлмөрийн фронтын хүмүүс гэдэг. Тэдний сарын цалин дунджаар 400 мянган төгрөг гэж бодъё. Тэгэхээр маш том тоо гарч ирнэ ээ дээ. Үүний хажууд 21 мянган төгрөг өчүүхэн шүү дээ. Эрх баригчид 21 мянган төгрөг тараачихаад инфляци үүснэ гэж ярьж сууна. Уг нь энэ бол мөнгөний ханшийг хөдөлгөөд байх хэмжээний тоо биш. Гэтэл 21 мянган төгрөгөөс болж мөнгөний ханш хэлбэлзээд байгаа нь манай нийгэм, эдийн засаг ямар сул дорой байгааг л харуулж байгаа юм.
Нийгмийг хүчирхэгжүүлэх хамгийн гол хөшүүрэг гэвэл үйлдвэрлэлээ хөгжүүлэх. Монголыг аж үйлдвэржсэн орон болгохын тулд л эрх баригчид шамдах ёстой байна. Тэгвэл ажлын байрны тоо нэмэгдэнэ, хүмүүсийн цалин ч өснө. Товчхондоо хөгжлийн алтан үе ирнэ. Та бодоод үз дээ! Сар бүр 400 мянган төгрөгийн цалинтай ажил хийвэл жилдээ 4.8 сая төгрөг болно шүү дээ. Харин сардаа 21 мянган төгрөг юу ч хийхгүйгээр авахад жилийн 252 мянга л болж байна. Аль нь нийгмийг хөдөлгөх гол хүч болох вэ? Тэр 805 тэрбумаа эрх баригчид үйлдвэрүүдэд тараачихвал бид хүмүүсийг ажилд аваад, цалинжуулчихъя л даа. Тэгвэл 21 мянган төгрөг авах гэж хүмүүс банкинд дугаарлан зогсохоо болино.

С.Түмэнгэрэл:
-Миний бодлоор хамгийн түрүүнд монгол хүний сэтгэхүйг өөрчлөх хэрэгтэй. Гендээ ч байдаг юм уу. Монголчууд нүүдлийн сэтгэхүйтэй. Сургаар, эсвэл цээжний тооцоогоор ажил хийдэг. Эсвэл бие биенээ их дуурайдаг. Нөгөө талаас багаар ажиллаж чаддаггүй, уулын мухарт хар гэртээ хаан гээд л. Уулын хормой болгонд нэг хаан байх жишээтэй. Хоорондоо зохицож чаддаггүй, нөгөө талд юу болж байгаа нь хамаагүй. Ардах, урдахаа бодно гэж байхгүй. Өвс байлаа гэж бодоход малдаа өгөөд л дуусгачихдаг. Дараа нь юу болох нь хамаагүй. Өвс нь дууссан, мал нь тухайн үедээ цадсан. Гэтэл япончууд энэ өвсийг яаж хэмнэлттэй хэрэглэх вэ, эсвэл яаж их болгох вэ гэж хамтарч боддог юм байна. Бид суурин амьдралд ороод ирэхээр хуучны сэтгэлгээ маань саад болдог юм болов уу. Үүнийгээ өөрчилж чадсан тохиолдолд их хол явах байх. Сэтгэлгээг өөрчлөх тал дээр төр, засаг анхаарах ёстой. Гэтэл төр нь бизнесмэнүүдийнхээ эсрэг хүмүүсийг босгоод байгаа нь харамсалтай. Үнэ нэмэгдлээ гэхэд энэ бизнемэнүүд ямар муухай улсууд вэ, далимдуулаад ашиг олж байна. Бид уг нь үнэ бууруул гэсэн, тэр нөхөр л бууруулахгүй байна гээд байх жишээтэй. Бизнесмэнүүд жинхэнэ баялгийг бүтээж байгаа гэдгийг ойлгуулж өгдөггүй. Зах зээлийн жамаар үнэ буурлаа гэхэд бид буулгалаа гэдэг. Төрийн хүмүүсийн толгой өөрчлөгдөх цаг болжээ. Дарга хүн сайхан амьдардаг гэсэн социализмын үеийн сэтгэлгээнээс салах хэрэгтэй байна. Монголд бизнес хийж байгаа, баялгийг бүтээж байгаа хүн сайхан амьдардаг гэсэн сэтгэлгээ, орчинг бий болгох ёстой. Өнөөдөр бараг бүх залуучууд аль нэг намыг дагаад, цаашлаад дарга болох хүсэлтэй байна шүү дээ. Тэгж байж амьдрал сайжирна гэх. Гарын үсэг зураад л зүгээр мөнгө авна гэсэн бодол төлөвшиж байна. Уг нь сайхан санаа оноотой залуус олон байна.

-Та энэ талаар юу гэж бодож байна?

Я.Энхтайван:
-Үнэхээр нийгэм эргэчихсэн харагдаж байгаа шүү дээ. Хувьсгалт нам хуваагдчихлаа. Тэр сайхан залуучууд ажил хийж үзсэн болов уу л гэж бодогдож байгаа юм. Гэтэл тэд хөгшчүүдийн гаргаагүй хорыг гаргаж ирж байна шүү дээ. Нэг залуу эхлээд христийн номлогч байсан, дараа нь “Number 1” гэж гүйгээд, одоо гэтэл “Number 1”-ээ муулчихсан явж байх жишээтэй. /инээв/ Гэтэл социализмын үед нэг сайд томилогдлоо гэхэд тухайн хүний түүхийг хөөдөг байсан. Тэр Сангийн аж ахуйн даргаар тэдэн жил, сумын даргаар тэдэн жил, аймгийн хянан шалгах хороонд тэдэн жил, яамны хэлтсийн даргаар тэдэн жил гэж байж сая нэг юм Сайд гарч ирдэг. Амьдралын тогоонд мөн ч их чанагдаж, боловсорсон хүн гарч ирж байжээ дээ. Гэтэл одоо яаж байна аа? Залуучууд улс төр рүү ингэж гүйж байгаад сэтгэл зүрхнээсээ харамсаж байна.

-Та хоёрын хувьд бизнесийн гал тогоонд 20-иод жил буцалсан. Нэг үгээр хэлбэл, хал үзэж, хашир суужээ. Энэ хугацаанд бизнест хэрхэн туршлагажсан бэ, тэр хэрээр алдаа оноогоо олж харж байгаа болов уу?

Я.Энхтайван:
-Миний хувьд илүү сэтгэх хэрэгтэй байдаг юм. Би илүү сэтгэхэд асар их хөтлөгддөг. Илүү сэтгэхүйнээсээ болоод заримдаа хямарчихдаг ч тал бий. Жишээлбэл, байшин барилгын гэрлэн чимэглэлийг Монголд нэвтрүүлэхээр 1999 онд томоохон үзэсгэлэн гаргаад, тэр хэрээрээ эдийн засгийн хохирол амссан.

-Яагаад?
-Түрүүлж сэтгээд уг үзэсгэлэнг гаргасан. Монголын байшин барилга, гудамж, талбайг бүгдийг нь ийм гоё болгоё гэж. Тэр үед үүнийг ойлгож хүлээж авах хүн байсангүй. Үзэсгэлэнг сонирхсон хүмүүс ийм гоё юм байдаг аа гээд байсан болохоос хийлгэе гэсэн хүн нэг ч гараагүй. Хий л шогшроод байсан.

-Танай байгууллагыг гудамж, талбайд ингэж сурталчилж өгье, үр дүнд нь ашиг орлого чинь ингэж нэмэгдэнэ гэж итгүүлэхэд хэцүү л байдаг байх л даа.


-Манай компанийн хувьд их өвөрмөц. Ихэвчлэн аж ахуйн нэгжүүдтэй харилцана. Реклам талаас нь тухайн байгууллагын захирлыг ч байна уу, менежерийг ч байна уу заавал илүү сэтгэхэд хөтөлж байдаг. Рекламыг нь хийгээд өгье гэхээсээ илүү онолынх нь талаас багагүй зүйл ярьж өгнө шүү дээ. Бүр жишээ авч ярина. Хэрвээ ингэвэл нийтийн хүртээл болно. Ингэхгүй бол зөвхөн үйлдвэрлэсэн газраа тухайн дэлгүүрээр үйлчлүүлдэг хэдхэн хүний хэрэглээ байна гээд олон юм ярина л даа. Ингээд ярихаар эдийн засгийг нийгэмтэй холбохоос аргагүй болдог. Нийгмийн худалдан авалт гэдэг том зүйл бий. Жишээлбэл, Хятад Монгол хоёрыг харьцуулаад харчихъя. Өнөөдөр урд хөршид хуучин машины худалдан авалт бараг байхгүй. Бараг байхгүй байтугай, огт байхгүй. Манайд өнөөдөр шинэ машины худалдан авалт байна уу? Тоотой цөөхөн. Энд төрийн бодлого хэрэгтэй.

-Монголд өнөөдөр гудамж, талбайн гэрэлтүүлэг чимэглэл ид хөгжиж байна.

-Бид Сингапур, Хонконг, Япон, Солоносын түвшинд хүргэх гээд үелздэг гэрлийг оруулж ирсэн. Саяхан электрон дэлгэц гэж гарч ирж байсан бол одоо би үүний үеийг нь өнгөрөөж, хална гэж бодож байгаа. Дараагийн шатны зүйлийг тооцоолчихсон. Лазер эффект өгдөг маш гоё зүйл бий. Тэр бол их тасархай юм гараад ирсэн.

-Үнийн хувьд ямар байх вэ?


-Үнэтэй үнэтэй. Дунджаар л 100 мянган ам. доллар. Манайд сайн чанартай зүйлийг хөрөнгө хүч гаргаад оруулаад ирэхээр түүнийг түрээслээд хэрэглэх хүн нь бас цөөн шүү дээ. Бараа чанартай, дунд, муу байхад мэдсээр байгаад мууг нь авчих нь бий. Түүнтэй адилхан шүү дээ. “Өгөөж” чихэр боов шиг ийм тогтчихсон компаниуд бол дунд юм уу сайныг авна л даа. Гэх мэтчлэн нийгмийн хэрэглээ гарч ирдэг.

Манай нэг давуу тал байгаа. Оросууд саяхан манайтай гэрээ хийгээд, баталгаажуулалтын төлбөр мөнгөө өгчихөөд буцсан. Электроникийг тэд Хятадаас биш, манайхаас авч байгаа. Сонирхолтой байгаа биз. Монголын нэг бизнесмэн өнөөдөр электроникийн худалдаанд өндөр амжилт гаргалаа. Бид хойд зах зээлд нэвтэрч чадлаа. ОХУ-ын хэд хэдэн компани манайхаас худалдаж авсан гээд бод доо. Тэд мэдээж, Солонгос, Тайванийн компанийн үнийн саналыг сонирхсон байгаа. Энэ дотроос манай үнэ хамгийн боломжийн байж чадаж байгаа байхгүй юу.
Би Хятадад очоод Монгол Улс ирлээ гэж ярьдаг. Манай компани бүх нийтийн үйл ажиллагаа явуулдаг учир та нар улс ирлээ гэж ойлгож болно гэдэг. Энэ утгаараа би монголчуудынхаа төлөө их зүйл хийж сэтгэж байгаа.

С.Түмэнгэрэл:
-Улсын хөгжлийг бизнесмэнүүд авч явдаг гэдэг л энэ байхгүй юү. Тэгэхээр би залуучууддаа та нар бизнесмэн бол оо, ажил хий. Тэрнээс биш, нам юм уу, эсвэл хэсэг бүлгийг дагаж битгий хошуур. Сайхан санаа оноотой залуучууд байна. Би бодохдоо залуучууд илүү ихийг сэтгэж, улс орон өмнөхөөсөө илүү хөгжсөн байх ёстой гэж боддог.

Өнөөдөр IPO хийнэ, хувьцаа гаргана, ингэнэ тэгнэ гээд л сэтгэхүй нь шал өөр түвшинд очсон залуус байна. Энэ цаг үе ирснээрээ тийм боломжийг ч гэсэн тэр хүмүүст олгожээ. Хамгийн гол нь манайхан үр хүүхдэдээ багаас нь зөв хүмүүжил олгох хэрэгтэй юм болов уу. Үүнийг бид орхичихоод байна. Бүр том болоод, төлөвшчихсөн хойно нь түүнийг нь өөрчлөх гээд зовоод зүтгэх. Ясли цэцэрлэг, сургуульд нь төлөвшүүлчих ёстой. Хүн эхлээд зөв бодох ёстой. Зөв бодохоос өмнө тархиндаа зөв программ суулгах ёстой. Зөв үйлдэл хийхэд зөв үр дүн гарах ёстой. Ийм шатлалаар явбал ирээдүйн залуучууд өнөөдрөөс илүү амжилттай өөр сэтгэхүйтэй болж хүмүүжнэ.

-Сүүлийн үед үнэхээр дэлхийн түвшинд боловсрол эзэмшсэн залуус Монголдоо ихийг хийж бүтээхээр ирсэн байгаа. Та хоёрын хувьд шинэ боломжийг тэр шинэ үеийн залуустай хамт ашиглах талаар юу бодож явдаг вэ?

С. Түмэнгэрэл:
-Миний хувьд бизнесийн боломж ямар ч цаг үед байдаг. Гагцхүү тэрийг олж харах, ажил хэрэг болгоход л асуудал байгаа. Монголд боломж дүүрэн байна. Манай аль ч зах зээл эзлэгдсэн, тогтсон юм байхгүй шүү дээ. Дөнгөж хөгжиж байгаа зах зээл. Харин энэ боломжууд дээр залуучууд маань ажиллаасай. Гэтэл олонх залуучууд улс төр рүү орж, дарга болоод хурдан баяжина гэсэн ганцхан боломж хараад байгаа нь харамсалтай.

Я.Энхтайван:
-Түмээ, бас л их сонирхолтой зүйлийг хөндөөдөхлөө. Энэ ер нь олон болохгүй юмыг гаргаж ирдэг хүн байна шүү /инээв/. Хэрвээ манай бизнесмэнүүд их мөнгөтэй бол Монголд дэвшилтэт технологид гарах ганц хоёр шаанс байдаг. Миний хувьд ч гэсэн зорьсон юм бий. Том обьект мөнгө залгиад намайг ядрааж л байгаа. Жишээлбэл, биотехнолгит монгол орон гараад ирэх боломжтой. Ерөнхийдөө санхүүжилт нь зөв байдаг юм бол үүнийг олон улсын түвшинд гаргаад ирэх боломж харагдаад байгаа.

Мөн манайд сүүлийн жилүүдэд уурхай олноор нээгдэж байна. Түүхий эдийн хавсрага орон биш, 30 хувийн үйлдвэрлэлтэй орон болгочихвол их хэрэгтэй. Тэгэхдээ боловсон хүчний бодлогыг зөв барих нь маш том асуудал. Тэр монголчуудын сэтгэхүйг өөрчлөх тухай Түмээгийн ярьж байгаа асуудал миний харамсаж явдаг юмны нэг. Өнөөдөр улаанбаатарчууд нь гадагшаа гараад явчихсан. Хөдөөнийхөн Улаанбаатарыг дүүргэчихсэн байна шүү дээ. Ажил хийхийн тулд тэр хүн наад зах нь Хөдөлмөрийн тухай хууль мэддэг байх ёстой. Тухайн ажлынхаа талаар анхан шатны мэдлэгтэй байх ёстой. Тиймгүй хүн их ирнэ шүү дээ. Тэгж тэгж арай гэж жаахан юм сургана. Тэгтэл мөнөөх маань хүнээр заалгаж сурчихаад биеэ тоож байгаа гэж жигтэйхэн. Боловсон хүчний бодлого дээр онцгой анхаарах цаг болсон. Өгүүлбэрийн алдаа нь цэгцрээгүй оюутнууд төгсгөдөг олон дээд сургуулиар яадаг юм. Энэ нь эдийн засгийн хувьд асар их хор хохирол дагуулдаг. Сайхан сайхан залуучууд нийгэмд хөдөлмөрлөвөл зохих цагийг хэнд ч хэрэггүй мэргэжлээр сурч дэмий өнгөрөөж байна. Аав, ээжийнхээ зовж олсон өчнөөн мөнгийг эргүүлж ашиглахгүй мэргэжлийн төлөө салхинд хийсгэдэг. Аливаа юмыг ажил болгоход их сонин шүү дээ. Би зарим сайд, дарга нарт ярьдаг л даа. Ингэхэд ойлгоод байгаа бололтой урдаас хараад “тийн тийн” гээд байдаг. Тэгээд хийж өгдөггүй юм. Тийм биз хө,Түмээ. Тэгэхээр бид яах вэ. Үнэн амьдрал шүү дээ энэ.

С.Түмэнгэрэл:
-Үнэн үнэн. УИХ-ын гишүүд тэнэг биш болоод бид нараас илүү учраас л УИХ-д сонгогдсон байх. Чухам юугаараа илүү юм бүү мэд. Тухайн үедээ л байх. Зальтай юм уу, азтай юм уу. Эсвэл хүнтэй учраа олдог улс юм уу. Миний ойлголтоор тэр хүмүүс мангар тэнэгтээ биш байх. Манай улсын өөрийнх нь суурь их буруу болчихсон юм. Сонгох сонгогдох систем нь. Байшингийн суурийг буруу барьчихаар дээр нь хэчнээн гоё юм хийгээд алтаар бүрээд ч тэр байшин нураад унадаг. Үүн шиг сонгуулийн систем буруу учраас бидний гайгүй гээд сонгосон улсыг системдээ оруулаад машиндаад байна гэж би ойлгодог. Тэр системийг эрс өөрчлөх хэрэгтэй.

Таны хэлдэг үнэн л дээ. Сайн дарга амжилтын 50 хувь гэдэг. Зуун хувь бол биш шүү дээ. Сайн хамт олон сайн боловсон хүчин байж гэмээнэ зуун хувь болно. Одоо хүртэл социализмын үед яригдаад байдаг уриа хэвээрээ гэж би ойлгодог. “Боловсон хүчин бол бүгдийг шийднэ”. Үүн дээр юу нэмэгдсэн гэхээр хэрэгтэй сэтгэлтэй боловсон хүчин бүгдийг шийднэ гэж ойлгоод байгаа. Хүнд ер нь явж явж хамгийн гол юм цаг байдаг юм байна лээ. Юм хийж бүтээх гэж байгаа хүнд бол нэг минут ч их үнэтэй. Хийх юмаа олж ядаж байгаа хүмүүст нэг минут ч удаан. Монголыг зөв сэтгэлгээтэй, ажил хэрэгч, зөв бизнесмэн хүмүүс чирч явна. Монголын залуус Монголдоо байгаа олон боломжийг ашиглахаас гадна интернэт гэдэг аугаа зүйл дэлхийг гарт чинь атгуулчихаад байна шүү дээ. Дэлхийг ч эзлэх боломж бололцоо байна. Энэ тал дээр бодооч ээ, сэтгээч ээ, залуус аа.

-Бизнес хийхдээ зөн совинд илүү итгэдэг үү, эсвэл мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагадаг уу?

Я.Энхтайван:
-Зөн совинд найдаад байж болохгүй. Мэргэжилтнүүдээс зөвлөгөө ч аваад байхдаа гол нь биш. Нэгдүгээр хүн зах зээлийг өөрийн гараар нарийн судалж, өөрийн онолоороо явах ёстой. Тэгсэн тохиолдолд алдах нь ч бага. Алтны хайгуулийн компани геологчийнхоо үгээр ороод дампуурах нь байдаг. Алт олохын хувьд олно. Гэхдээ 300 сая төгрөг зараад 100 саяын алт олсон байх жишээтэй. Ийм байдалд хүрэхгүйн тулд нэгдүгээр хүн Та бизнесээ өөрийн онол, өөрийн оюун ухаанаараа хөтөлсөн цагт амжилттай явдаг.

С.Түмэнгэрэл:
-Хүмүүстэйгээ ярилцаж, судалгаа шинжилгээнүүдийг үзэх хэрэгтэй. Мэдээллийг авах гэдэг үүднээс. Эцсийн эцэст хариуцлагыг захирал үүрдэг болохоор эцсийн шийдвэрийг захирал гаргах нь зөв өө. Энд мэдээллийг боловсруулах чадвар, мэдрэхүй, мэдрэмж, за тэр зөн совин ч бас орно. Бүгдийн нийлбэрээс л зөв шийдвэр гаргах учиртай. Захирал хүн алхам тутамдаа шийдвэр гаргаж байдаг. Доороосоо зөв хүмүүжилтэй байж, бүгдийг харьцуулж, дотор хүнтэйгээ сайтар ярилцаж байж гаргасан шийдвэр нухацтай бөгөөд зөв байж магадгүй. Шийдвэр гарсны дараа үйл явдал өөрөө харуулна шүү дээ.


-Энхтайван захирлын хувьд юмыг урьдчилж харж, илүү сэтгэснээрээ хохирдог талтай гэлээ. Шинэ санааг цаг үедээ тохирч байна уу, үгүй юу гэдгийг яаж мэдэрдэг вэ?

Я.Энхтайван:
-Энэ бол амьдрал дээр шалгуур болоод гараад ирсэн асуудал. Би сүүлийн үед түрүүлж сэтгэхээ тодорхой хэмжээгээр багасгасан. Нэг үгээр хэлбэл, мэдээллийн технологийг хэчнээн түрүүлж шүүрч авч байгаа ч гэсэн тэр болгоныг түрүүлж хэрэгжүүлэхээ больсон. Хоёрдугаарт, цээж өндөр ч гэх юм уу том бодлоосоо заримыг нь авч хаясан. Мөн хүмүүсийн ахуйн хэрэглээгээр хэрэгжиж байдаг бизнес гэж байдаг. Шүдний оо, саван ч байдаг юм уу. Зарим энэ чиглэлээр ажилласан бизнесмэн мань мэтийн технологийн дэвшил рүү орчихсон бизнесмэнээс давчихсан явах нь ч байна. Тиймээс иймэрхүү зүйлийг хавсрах бодолтой байгаа.

С.Түмэнгэрэл:
-Аливаа юм өөрийн цаг хугацаандаа байвал илүү үр дүнд хүрч, үнэ цэнэтэй байдаг. Том сэтгэх ёстой юу гэвэл том сэтгэх ёстой. Алсыг харах ёстой юу гэвэл алсыг харах ёстой. Бага зорилго тавих юм бол хол явахгүй ээ. Хэтийн зорилго асар том байх ёстой.Тэрийг чухам хэзээ хэрэгжүүлэх вэ гэдэг өөрийнх нь цаг хугацааны л асуудал байх.

Я.Энхтайван:
-Энд би ярилцаж байгаа сэдвийнхээ хүрээнд нэг инээдтэй юм яръя гэж бодлоо. Хэн нэгэн ямар нэгэн бизнесийг маш сайн хийсэн байлаа гэж бодъё. Бизнест мөнхөд дээр байна гэсэн онол байхгүй юм аа. Дороос нь бас нэг чадалтай компани гарч ирээд л түлхэж унагачих гээд байдаг. Тэгэхээр бизнесмэн хүний нэг онцлог бол цаг ямагт сэтгэх ёстой. Цаг ямагт өрсөлдөөнийг идэвхжүүлж чангаруулж байх учиртай. Жишээ нь “Өгөөж” дээр бодъё. Түмээ, талх нарийн боовоо байнга л шинэчлэхгүй бол наагуур нь янз янзын амттай боов гарч ирж цохичих гээд л болж өгөхгүй. Тэгэхээр л яаж мөнгө босгох уу, яаж бараагаа чанаржуулах уу, яаж борлуулалтын сүлжээгээ бий болгох вэ гээд түмэн бодолд автаж явдаг. Нэг юманд би хаан гэж хэлэх арга байдаггүй. За одоо инээдтэй зүйлээ яръя.
Нэг боксын аварга хоолонд оржээ. Тэрбээр малгайгаа өлгүүрт өлгөхдөө “Би дэлхийн боксын аварга, малгай авбал нам цохино” гэж бичээд оржээ. Гараад ирсэн малгай нь байдаггүй. Зөрүүлээд бичиг биччихсэн байна гэнэ. “Би дэлхийн гүйлтийн аварга хөөгөөд гүйцвэл нам цохино” гээд бичээд үлдээсэн байна гэнэ. Бизнесийн өрсөлдөөн гэдэг чинь нэгнээ басаж болохгүй, би том гэж томорч болохгүй яг ийм болчихоод байгаа. Өнөөдөр хэнд ч гүйцэгдэж магадгүй. Гагцхүү баялаг сэтгэхүй, зөв технологи дээр л тулгуурлана.

С.Түмэнгэрэл:
-Мөнхийн юм гэж байхгүй. Юмны оргил гэж бас байхгүй. Тэгэхээр дандаа л сэтгэж байхаас аргагүй.

Я.Энхтайван:
-Бизнесмэнүүдийг судлаад үзсэн байдаг л даа дэлхий дээр. Ингэхэд компанийн 96 хувь нь зөвхөн нэгдүгээр хүн буюу захирлаас болж дампуурсан байдаг. Тэгвэл 96 хувьд оролцож байгаа хоёр хүн энэ ярилцлагаар санаа бодлоо уншигчидтайгаа хуваалцаж байна. (инээв) Тэгэхээр та бүгдэд биднийг сонгож авсанд талархаж байна. Бизнесийг цааш цаашдаа эрүүл, хүртээмжтэй байлгахын тулд танай сэтгүүл чухал хувь нэмэр оруулах байх гэж бодож байна.

С.Түмэнгэрэл:
-Бизнес, эдийн засгийн зөв мэдээллийг, зөв мэдлэгийг, сайхан туршлагыг хүмүүст хүргэсэн хэвлэл манайд үгүйлэгдэж байдаг. Тэр орон зайг танай сэтгүүл нөхөх юм байна гэж ойлгож байна. Ийм сайхан зүйл хийх гэж байгаа та нөхдөд талархаж буйгаа илэрхийлье. Та бүхний энэ ажил амжилттай байгаасай. Монголын ажил хэрэгч хүмүүст, бизнесмэнүүдэд танай гаргаж байгаа сэтгүүл ажил амьдралд нь хэрэг болохоор зөв тоо баримттай, эдийн засаг, санхүүгийн мэдлэг өгсөн хүртээмжтэй хэвлэл болоосой гэж хүсэх байна. Мөн зөв эдийн засагчдын онол сургаалийг нийтэлж, бизнес сонирхож байгаа хүмүүст илүү боломж олгосон, бизнесмэнүүдийн туршлагыг хүмүүст түгээсэн өгөөжтэй сайхан сэтгүүл байх болтугай гэж ерөөе.