Биржээр амьд мал арилжаална

Хөдөө аж ахуйн бирж өнгөрсөн оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоогоор ноос, ноолуур, улаанбуудай зэргийг арилжаад буй. Харин ирэх сараас амьд мал арилжаалахаар болсон байна. Махыг арилжаанд оруулахад хадгалалт, тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй байгаа учир малыг ийн амьдаар нь худалдаалах шийдэлд хүрчээ.
Энэ талаар тус биржийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат “Бид биржээр амьд мал арилжихаар анхнаасаа төлөвлөж байсан. Тиймээс шаардлагатай журмыг баталж, брокерийн компаний ажилтнуудад сургалт явуулан, арилжааны программд зохих өөрчлөлт оруулж байна. Бирж худалдагч, худалдан авагч талыг холбох цэг. Саналуудыг багцалж, төлбөр тооцооны асуудлыг шийднэ. Харин амьд малыг Налайх, Эмээлт зах болон 21 аймгийн төв дээр хүлээн авч, худалдаа хийнэ. Хамгийн гол нь арилжаанд оролцох сонирхолтой худалдагч, худалдан авагчид эхлээд брокерийн компаниудад хандах ёстой” гэв.