“Би дэлхийг илүү нээлттэй болгохыг хичээж байна”

Дэлхийн 12 хүн тутмын нэг нь компьютерийнхээ ард суухдаа цэнхэр өнгө бүхий цахим хуудсыг нээх зуршилтай болжээ. Тийм ээ, энэ бол “Facebook”! Нарт хорвоод мэндлээд найм дахь жилтэйгээ золгож буй “Facebook” эдүгээ 600 сая хэрэглэгчтэй болж амжжээ. Хэрвээ “Facebook” улс байсан бол хүн амын тоогоороо дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэх юм. Интернет ертөнцөд хувьсгал хийсэн уг сүлжээг “Time”сэтгүүлийн “2010 оны хүн”, “Vanity Fair” сэтгүүлийн “Хамгийн нөлөөтэй хүн”, мөн “Esquire”-ын тодруулж байснаар “Хамгийн онцгүй хувцасладаг” 26 настай буржгар үст, сэвхтэй залуу Марк Зукерберг үүсгэн байгуулсан билээ. Их сургуульд орохдоо болзоонд явах анхны ойлголтгүй байсан бүрэг ичимхий түүнийг дэлхийн хагас тэрбумаас ч илүү хүний талархлыг хүлээсэн цахим хуудсыг бий болгоно гэж хэн ч санаагүй болов уу. Энэ түүх Харвардын их сургуулийн дотуур байранд хоёрдугаар дамжааны оюутан өрөөний гурван найзтайгаа хамтран шинэ санаагаа бодит амьдрал дээр хэрэгжүүлж байгаагаар эхэлнэ.

Анх Харвардын их сургуулийн оюутнуудын хооронд мэдээлэл солилцох гүүр болж байсан ч цаашдаа бусад сургуулийг, бүр дэлхийн бүх насны хүмүүсийг хамарч чадсан хүчирхэг сүлжээг Марк Зукерберг хэрхэн бий болгов оо? Өдөр бүр 700 мянган хэрэглэгч “Facebook” сүлжээнд шинээр нэгдэж байгаа бөгөөд 2012 он гэхэд нэг тэрбум болж бүл нэмнэ гэсэн тооцоо ч гарчээ. Энэ гуравдугаар сарын байдлаар Монгол Улс л гэхэд “Facebook”-ийн 132 мянган хэрэглэгчтэй болсон байх жишээтэй.

Байнга холбоо барьж чаддаггүй нэгэнтэйгээ харилцах, бөмбөрцгийн нөгөө талд байгааг ч үл харгалзан хүсэл сонирхлоороо нэгдэх гээд маш олон боломжийг “Facebook” бидэнд олгодог. Энэхүү цахим хуудсанд 600 сая хүн сар бүр 30 тэрбум мэдээлэл оруулж, 700 тэрбум цагаа зарцуулж буй. Цэнхэр цахим хуудсанд гар утаснаасаа холбогдогчдын тоо 200 саяас ч давжээ. Энэ янзаараа “Facebook” сүлжээнд донтох “өвчин” ч гарч магадгүй бололтой. Гэсэн ч 50 жил холбоо тасарсан найзаа олсон, Японд болсон газар хөдлөлтийн үеэр хүмүүсийн мэдээллээ солилцох гол хэрэгсэл нь болж чадсан зэргээр “Facebook”-ийн ач холбогдлыг дурдвал дуусахгүй урт жагсаалт гарах вий. Хэрвээ уг цахим хуудсын нийт хэрэглэгчдийг байрлалаар нь төсөөлж цэнхэр өнгөөр будвал дэлхий нэлдээ цэнхэр өнгөтэй болох биз. Ер нь цэнхэр өнгө нь их учир жанцантай. Юу гэвэл Марк Зукерберг зарим өнгийг сайн ялгаж чаддаггүй, хамгийн сайн хардаг өнгө нь цэнхэр юм гэсэн.
Маш сандруу Марк Зукерберг нэлээд хугацааг хөх углааштайгаа үдсэн байна. Хөл нь “агаар амьсгалж” байхад арай илүү тайван байж чаддагаа ч тэрбээр нууддаггүй. “Энгийн, ичимхий” гэж өөрийгөө хоёр үгээр тодорхойлсон Марк Зукерберг дэлхийн хамгийн баян залуу болсон ч хөлсний байранд амьдарч, хэлхгэр жинсэн өмд, хямдхан богино ханцуйтай цамц өмсдөг хэвээрээ. Гэтэл ажилчид нь түүнээс ч ганган машинтай гэнэ билээ. Марк Зукерберг өөрийн 2000 гаруй ажилчдадаа орчноо хүссэнээрээ тохижуулж, тоглоом тоглож, бүр хувцсаа цэвэрлэгээнд өгөх боломж олгон “эрхлүүлдэг”. Хариуд нь зөвхөн “Ажлаа хийвэл хийсэн шиг хий, үгүй бол гэртээ харь” гэх шаардлага тавьдаг ажээ. Энэ нь түүний хэр зарчимч хүн болохыг харуулах шиг.

Марк Зукерберг нэрээрээ олны танил болсон Марк Эллиот Зукерберг 1984 оны тавдугаар сарын 14-нд Нью-Йоркийн Доббс Фэрри тосгоны эмчийн гэр бүлд төржээ. Эцэг Эдвард Зукерберг нь нэгэнтээ түүнийг байнга л “яагаад” гэж шалгаадаг хүүхэд байсан тухай дурссан байдаг. Зукийн амьдралын түүхийг сөхвөөс гэнэт л “цойлоод” гарч ирсэн биш, угаасаа агуу сэтгэгч гэдэг нь ойлгомжтой болно. Түүний авъяас билиг дунд сургуульд байхад нь л тодорчээ. Сурагч байхдаа Марк Зукерберг “Synapse Media Player” нэртэй хөгжим тоглуулагч зохион бүтээсэн нь “Slashdot” цахим хуудас, онлайн сэтгүүл болох “PC Magazine”-д хэвлэгдэж байв. Түүнийг нь “Microsoft” болон “AOL” компани худалдаж авах санал тавьж, Зукербергийг ажилд урьсан удаатай. 2002 онд Харвардад суралцахаар элссэн тэрбээр хоёрдугаар дамжаанд суралцаж байхдаа оюутнуудын анги сонголтод тус болох “CourseMatch” программаа зохиож байсан аж. Гэвч Зукерберг удалгүй сургуулиа орхиж, Билл Гейтс, Стив Жобсын адилаар амьдралын замаа “дээд боловсролгүй” хөөсөн юм.

АНУ-ын Засгийн газрын нууцыг дэлгэсэн сөрөг агуулгатай мэдээллүүдийг цацаж байсан “Wikilieaks” цахим хуудсын эзэн Жулиан Ассанжийг “Time” сэтгүүлийн 2010 оны хүнээр тодорно гэж олон хүн таамаглаж байв. Гэсэн ч оны хүний ярилцлагад өнөөх л саарал богино цамцтайгаа Марк Зукерберг сууж байх нь тэр. Тэр хоёрыг нэг зоосны хоёр тал гэх нь ч бий. Хоёул нээлттэй байдлыг эрхэмлэдэг ч нэг нь хорвоо ертөнц дайснаар дүүрэн гэж үзэж байхад нөгөөх нь хүн бүр найз болж болно гэх үзлийг сурталчилж байгаа болохоор тэр биз ээ. Гэхдээ тэрбээр Жулиан Ассанжаас нийгэмд илүү эерэг нөлөөтэйгээрээ давуу талтай. 2010 оны есдүгээр сард л гэхэд Неваркын сургуульд 100 сая ам.доллар хандивласан тусч, өгөөмөр залуу билээ. Түүний амьдралыг харуулсан “Social network” кино 2010 оны аравдугаар сард нээлтээ хийсэн. Ер нь кино цахим хуудастай байх нь энгийн үзэгдэл. Харин цахим хуудас кинотой байх тохиолдол тийм ч олон биш болов уу. Гэхдээ дээрх кинонд гардаг үйл явдлын тал хувь нь зохиомол болохыг уран бүтээлчид нь хүлээн зөвшөөрсөн байдаг.

“Facebook” байнга л шинэ зүйлсээр баяжиж, олныг байлдан дагуулсаар. И-мэйл, мессеж бичих, чатлах боломжтой болсон нь энэ төрлийн үйлчилгээний компаниудыг шоконд оруулсан юм. Сүүлийн үед л гэхэд тус сүлжээний хэрэглэгч бүр Холливудын “Warner Bros” компанийн бүтээлийг үзэх боломжтой болжээ. “Warner Bros” компанийн төлөөлөгч Томас Гевеке үүнийг “Тоон системийг ашиглан киногоо арилжих үйл ажиллагааны маань нэг хэлбэр” хэмээн тайлбарлажээ. Энэ нь одоогоор зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэрт боломжтой ч ойрын хугацаанд бусад оронд нэвтрэх аж. Энэ мэт “Facebook”-ийн давуу талын жагсаалт цаашид ч хөвөрсөөр байх нь дамжиггүй.

2005 онд “Facebook”-ийг “MTV Networks”-оос 75 сая ам.доллараар худалдан авах санал тавьсны дараа “Yahoo” болон “Microsoft” толгой эргэм мөнгө амласан ч бүтэлгүйтсэн юм. “Yahoo”-гийн захирал Терри Семел “Би өмнө нь 22 настай хэрнээ тэрбум ам.долларын саналд түвэггүйхэн үгүй гэж хэлж байсан хэн нэгэнтэй таарч байсангүй” гэхэд Марк Зукерберг “Энэ бол зөвхөн үнийн тухай асуудал биш. Facebook бол миний хүүхэд л гэсэн үг. Би түүнийг цааш нь хөгжүүлж, өсгөмөөр байна” хэмээн хариулж байсан гэдэг. Түүнчлэн “Microsoft”-ын Билл Гейтс түүнд “Microsoft office 2007”-г хамтран бүтээх санал тавихад Марк Зукерберг татгалзаж байжээ. Хэрэв зөвшөөрсөн бол тэрбээр 23 настайдаа дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгөтэй болох байв. Гэсэн ч өөрийн гэсэн шинэ брэнд бий болгох хүсэл нь биелж, өдгөө тэр хамгийн баян залуу болоод байгааг сануулах юун.

2009 онд Марк Зукербергийн “Facebook”-ээс эзэмших хувь хоёр тэрбум ам.долларт хүрч, түүнийг хамгийн залуу тэрбумтан болгосон билээ. Тэрбээр 2011 оны гуравдугаар сарын байдлаар “Forbes”сэтгүүлийн гаргасан Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 19 дугаарт 13.5 тэрбум ам.доллараар бичигдэж байгаа юм. Мөн Марк Зукербергийн өсгөсөн “Facebook” хамгийн амжилттай компаниар шалгарсан байна. Эдүгээ зах зээлийн үнэлгээ нь 50 тэрбум ам.долларт хүрсэн тус компани дэлхийн баячуудын жагсаалтад зургаан залуу тэрбумтан “бэлэглэсэн” тухай “Forbes” онцолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн нэгдүгээр сард “Facebook”-ийг Америк шинэ сэдлийн жишээ гэж магтсанаас сарын дараа технологийн салбарын “акул”-ууд болох “Google”-ийн Эрик Шмит, “Twitter”-ийн Дик Костоло нарын олон “томчууд” уригдахад хоолны ширээний ард Ерөнхийлөгч Обамагийн хажууд “Apple”-ийн Стив Жобс, “Facebook”-ийн Марк Зукерберг нар зэрэгцэн суусныг хэвлэл мэдээллийнхэн ихэд онцолж байсан билээ. Хэрвээ хэн нэгэн Марк Зукербергт сонирхолгүй зүйл яривал “Тийм шүү” гэсэн хэрнээ огт өөр зүгт хараад зогсож байх хэнэггүй зантай. Энгийн, ичимхий тэрбээр найз бүсгүй Присцилла Чантайгаа долоон жил үерхсэн байна. “Facebook”-ээ хүүхэд шигээ санаж, өрөөлөөс харамлан “өсгөж” буй залуу хос маань үрийн зулай үнэрлэж амжаагүй л явна. Гэхдээ тэд саяхнаас гөлөг тэжээж эхэлсэн бөгөөд түүндээ ч “Facebook” хуудас нээхээ яаж мартах билээ. Марк Зукерберг өөрийн “цэнхэр” хуудсандаа “Би дэлхийг илүү нээлттэй болгохыг хичээж байна” хэмээн онцолжээ. Түүний хичээл зүтгэл ч талаар болохгүй, “Facebook” улам л хүрээгээ тэлж байгааг бид харж байна.