БНСУ-ын цөмийн хөтөлбөр

Солонгосын хойгийн цөмийн асуудал дэлхий дахины анхаарлын төвд байсаар ирсэн билээ. БНАСАУ цөмийн энергийг энх тайвны бус зорилгоор ашиглахаар хоёр удаагийн туршилт хийж байсан бол БНСУ мөн адил цөмийн энергийг нууц түвшинд хэд хэдэн удаа туршиж үзсэн.

БНСУ цөмийн энергийг ашиглах зорилгоо анх 2004 онд Олон улсын цөмийн энергийн агентлагт танилцуулж байсан. Харин Хойд Солонгостой харьцуулахад тус улсын гол зорилго нь энхийн буюу цахилгаан гаргаж авах аж. Хэдий тийм боловч дээрх нууцаар хийгдсэн хэд хэдэн туршилтын улмаас Олон улсын цөмийн энергийн агентлагаас шалгалт явуулсан бөгөөд шалгалтын үр дүнд тэдний зорилгыг хүлээн зөвшөөрсөн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар БНСУ-ын нийт цахилгааны хэрэглээний 31 хувийг 21 цөмийн реактор гаргаж байгаа бөгөөд 2030 он гэхэд цөмийн реакторынхоо тоог 40-д хүргэнэ. Ингэснээр нийт цахилгааныхаа 59 хувийг хангах зорилго тавиад байгаа тухай Дэлхийн цөмийн энергийн ассоциацаас мэдээлж байна.

Хүлэмжийн хийн ялгаруулалтаараа дэлхийд ест ордог тус улс 2020 он хүртэл сэргээгдэх эрчим хүчний буюу ногоон технологийг дэмжих, цөмийн энерги, реакторынхоо тоог нэмэх болон нүүрстөрөгчийн хийг багасгах зорилгоор 35.5 триллион вон буюу 31 тэрбум ам.долларыг зарцуулахаар төлөвлөөд байна. Шаардлагатай мөнгөний 18.2 триллион воныг Засгийн газар, үлдсэн хэсгийг хувийн хэвшлээс гаргана хэмээн холбогдох яамны сайд “Bloomberg”-д мэдэгдэв. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт нь 2020 он гэхэд нийт 202 триллион воны экспорт, 59 триллионы дотоодын худалдаа, мөн 914,000 ажлын байр бий болгоно хэмээн тэд тооцоолж байна. Холбогдох яамны сайд Bloomberg-д хийсэн мэдэгдлийн дагуу Засгийн газраас 2006 оноос 2010 оныг хүртэл сэргээгдэх эрчим хүчний технологийг чанаржуулах зорилгоор нийт 3.77 триллион воныг зарцуулаад байгаа юм байна. Тус орны хувьд 2008 оны байдлаар нийт цахилгааны ердөө 2.4 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авдаг байсан бол дээрх 2020 он хүртэлх төлөвлөгөөнд уг тоог 6.1 хувь хүргэх зорилго тавьж байна.