БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хаймин: Хятад, Монгол хоёр улс бол нөхөрсөг хөршүүд, мөн адил хөгжиж буй орон


БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминтай хоёр улсын хооронд дипломат харилцаа үүсэж хөгжсөний 70 жилийн ой болон БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тохиолдуулан ярилцлаа.

- Өнөөдөр БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Юуны өмнө та бүхэнд баярын мэнд хүргэе. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж хөгжлөө. БНХАУ байгуулагдсанаас хойших түүхэн ололт, амжилтаас та товчхон дурдахгүй юу?

- БНХАУ байгуулагдсан 70 жилийн хугацаанд ХКН-ын тууштай удирдлага дор Хятадын бүх ард түмэн нэгэн сэтгэл зүрх, шаргуу хөдөлмөр, мэргэн ухаанаар шантралгүй тэмцэж урагшилсны үр дүнд улс орныхоо нөхцөл байдалд тохирсон Хятадын онцлогт социализмын замыг нээсэн. БНХАУ нь хоол хүнс, хувцас эдлэл хомс, ядуу буурай байснаас хөгжил цэцэглэлт, чинээлэг болтлоо хөгжлийн маш урт зам туулж дэлхийг гайхшруулам амжилтыг бүтээж чадлаа. Алхам эхэлж байсан Хятад үндэстэн чинээлэг, хүчирхэгжих хөгжлийн их үсрэлтийг хийж Хятадын ард түмэн Хятад үндэстний аугаа их сэргэн мандалтын Хятадын мөрөөдөлд хүрэх замаар магнай өөд алхаж байна.

Хятад улс 70 жилийн турш эдийн засгийн бүтээн байгуулалт, тэр дундаа өөрчлөлт шинэчлэл, нээлттэй болох их хувьсгалыг хэлбэрэлтгүй явуулсан. Үүгээр нийгмийн бүтээмжээ хөгжүүлэн үндэсний хүчээ нэмэх түүхэн үсрэлтийг биелүүлж чадсан. Хятадын эдийн засаг Хятад улс байгуулагдахаас өмнөх үеийн 30 тэрбум ам.доллароос өссөөр 2018 онд 13.6 их наяд ам.долларт хүрч 450 гаруй дахин өссөн. Өдгөө Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн байр суурийг тогтвортой хадгалсаар байгаа бөгөөд дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч улс, хамгийн том худалдааны улс, хамгийн их гадаад валютын нөөцтэй улс болсон байна.

Өнгөрсөн хугацаанд Хятадын ард түмний амьдралын түвшин ихээр сайжирч, ард иргэдийн амьдралд тэнгэр газар шиг өөрчлөлт гарсан. Нэг хүнд ногдох нийт орлого 70 орчим ам.доллароос 9470 ам.долларт хүрч 135 дахин нэмэгдсэн нь дундаж орлоготой орнуудын дунджаас дээгүүр байна. Хятадын хөдөлмөр эрхлэлтийн хүрээ тасралтгүй тэлж, иргэдийн орлого тасралтгүй өсөж, нийгмийн баталгаа өдөр өдрөөр сайжирч, ядуу хүн амын тоо ихээр буурч, иргэдийн амжилт, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмж тасралтгүй нэмэгдсээр байна.

Мөн Хятадын орчин үеийн шинжлэх ухаан, соёл, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин хамгаалал зэрэг олон ажил цогцоор урагшилж, үйлдвэржилт, мэдээлэлжүүлэлт, хотжилт, хөдөө аж ахуй зэрэг хөгжиж байна. Хятадын шинжлэх ухаан, технологийн чадвар илт нэмэгдэж, боловсролын хүртээмж ихээр нэмэгдэж, соёлжилт, эрүүл мэнд, эмчилгээ үйлчилгээнд ахиц гарч, спортын салбар хөгжиж, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт улам сайжирч байна. Хятадын үйлдвэрлэлийн бүтэц шинэчлэгдэж, зам тээврийн хөгжилд сайн үр дүн гарч, шуудан харилцаа холбооны хөгжил бүх талаар ахиж, эрчим хүч нийлүүлэлт нэмэгдсээр байна. Хотжилтын түвшин илт сайжирч, хөдөөгийн бүтээн байгуулалт шинэчлэгдэж, бүс нутгийн харилцан зохицуулалтад шинэ нөхцөл байдал бүрдэж байна.

Манай улс бүх талаар нээлттэй байдалд шилжиж, олон улсын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцааны хөгжил өндөр амжилтад хүрлээ. Хятад улс бусад улсын нөхөрсөг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхийлэн оролцож, тэр дундаа өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдлыг хэрэгжүүлснээс хойш “Хаалгаа нээх”, “Гадагш гарах” бодлогыг өргөн хүрээтэйгээр хэрэгжүүлэхээс эхлээд “Нэг бүс, Нэг зам”–ыг хамтдаа бүтээхэд идэвхтэй оролцож, нээлттэй байдлаа илүү гүн тэлсэн. Худалдааны том улс гэх манай улсын байр суурь улам бүр бэхжиж, их хэмжээний гадаад хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ гадагш чиглэсэн хөрөнгө оруулалтын түвшинг тасралтгүй нэмэгдүүлж, олон улсын хөдөлмөр хуваарилалтад оролцох чадвараа ихээхэн нэмсэн. Сүүлийн таван жилд Хятадын дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 30 хувиас давсан бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтийн түүчээлэгч болсон байна.

- Та сая Хятадын олон улсын хамтын ажиллагаа болон худалдаанд ихээхэн амжилт гарсан гэлээ. Энэ нь Хятадын гадаад харилцаанд гарсан хөгжилтэй салшгүй холбоотой. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд та БНХАУ байгуулагдсанаас хойш 70 жилийн хугацаанд гадаад харилцааны салбарт гарсан ололт амжилтаас дэлгэрүүлнэ үү?

- БНХАУ байгуулагдсанаас хойш 70 жилийн хугацаа бол Хятадын ард түмний амжилтанд хүрсэн 70 жил, мөн Хятад улс дэлхий дахинд чухал хувь нэмэр оруулсан 70 жил юм. Энэ хугацаанд Хятадын гадаад харилцаа улс орны хөгжлийн үйл явцын чухал бүрэлдэхүүн хэсэг байсан бөгөөд Хятад үндэстний ирээдүйн хувь заяаны түүхэн шилжилтийг ахиулах, Хятад болон дэлхийн харилцааны хөгжлийн өөрчлөлтийг биелүүлэхэд түлхэц болсон. Хятадын гадаад харилцааны үндэстний сэргэн мандалт хөгжилд өөрийн чадах дээд хэмжээгээр үүргээ гүйцэтгэж, хүн төрөлхтний ахиц дэвшилд хариуцлага үүрэлцэж ирсэн. Хятадын гадаад харилцаа улсын хөгжлийг хөдөлгөгч, дэлхийн энх тайвны бүтээн байгуулагч, дэлхийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулагч төдийгүй олон улсын хэв журмын хамгаалагч байсаар ирсэн.

БНХАУ-тай дипломат харилцаатай 18 орон байсан бол өдгөө 180 болж нэмэгдэж бүхий л хэлбэрийн 110 түншлэлийн харилцаа шинээр тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, дэлхий даяар “Найзтай” болсон. Энэ хугацаанд Хятад улс болон гол том гүрнүүдийн харилцаа ерөнхийдөө тогтвортой, тэнцвэртэй хөгжсөөр ирсэн. Мөн хөрш орнуудтай түншлэл, хамтын ажиллагааны харилцаа тогтоосноор түүхэнд үлдсэн дийлэнх асуудлаа шийдвэрлэж, хөгжиж буй бусад оронтой эв найрамдал, хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн. Ингэж хамтын хөгжлийн шинэ нөхцөл байдлыг бүрдүүлж чадсан.

Хятадын гадаад харилцаа, мөн улсын хөгжлийн төлөө үйлчилж, маш таатай гадаад орчинг бий болгож, Хятад улс бусад улс орнуудтай нөхөрсөг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн чухал хувь нэмэр оруулсан. Хятадын гадаад харилцаа нь улс орны бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг бат бөх хамгаалж, Хятадын хөгжиж буй орны хууль ёсны эрх ашгийг хамгаалж, дэлхийн бусад орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг тасралтгүй тэлж, хамтдаа бүтээх “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны чухал санаачилгыг гаргасан. Үүгээр Хятадын хөгжлийн нээлттэй байдал болоод дэлхийн бүх хүмүүст үр өгөөж хүргэхэд хүчтэй дэмжлэг өгсөн.

Хятад улс дэлхийн тавцангийн төв рүү улам бүр ойртож, Хятадын дуу хоолой улам бүр тодорч, олон улсад үзүүлэх нөлөөлөл илт нэмэгдсээр байна. Одоо Хятад улс нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон, НҮБ-ын байнгын төсвийн хөрөнгө нийлүүлэгч хоёр дахь том орон, бараг бүх Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын болон 500 гаруй олон улсын конвенцод нэгдэн орсон. Олон улсад үг хэлэх эрх, дүрэм тогтоох эрх, хэлэлцүүлгийн асуудлын хөтөлбөр гаргах эрх зэрэг бүх талын оролцоо, түвшин ахисан. Хятад улс бусад улстай хамтран дэлхийн хэмжээний асуудлуудыг шийдвэрлэж, Солонгосын хойг, Ираны цөмийн асуудал, Сири, Афганистан улстай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд нааштай оролцсоор ирлээ.Тэр дундаа ХКН-ын XVIII Их хурлаас хойш Хятад улсын гадаад харилцаа Си Жиньпин даргын гадаад харилцааны үзэл санааны чиглэлээр шинэ хэлбэрийн олон улсын харилцааны бүтээн байгуулалт, хүн төрөлхтний хувь заяаны нэгдлийн бүтээхэд түлхэц өгч, хөгжлийн шинэ давалгааг тэргүүлж өнөөгийн дэлхийн олон улсын харилцааны онолын шинэ хязгаарыг эхлүүллээ.


- Хятад, Америкийн худалдааны дайн үргэлжилж, Хонконгийн нөхцөл байдал тогтворжихгүй байна. Энэ асуудлыг та хэрхэн харж байна вэ?

- Хятад, Америкийн худалдааны маргааны тухайд би сүүлийн үед Монголын хэвлэл мэдээллийн байгууллагад “Хятад улс худалдааны дайныг хүсэхгүй, худалдааны дайн хийхээс ч айхгүй” нийтлэл гаргасан. Уг нийтлэлээр Хятад, Америкийн худалдааны маргааны бодит үнэн, Хятадын талын байр суурийг бүх талаар танилцуулсан. Энэ худалдааны дайны хариуцлага бүхэлдээ Америкийн талд байгааг би дахин онцолмоор байна. Америкийн тал худалдааны протекционизм болон нэг талт үзлээр хандаж, Хятад улс хангалттай чин сэтгэл гаргасаар байхад Хятадад дээрэнгүй хандаж, худалдааны дайн үүсэх нөхцөл байдлыг бий болгосон. Америкийн талын энэ зүй бус байдал Хятадын хууль ёсны эрх ашгийг хохироосон төдийгүй дэлхий дахинд сөрөг нөлөө учруулж байна.Энэ дунд хамгийн их хохирол амсаж буй нь Хятадын аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажилладаг Монгол, Америк зэрэг үндэстэн дамнасан олон корпораци, мөн тэдний дэлхий даяарх худалдан авагчид юм.

Энэ худалдааны дайнд Хятад улс дайтахыг хүсэхгүй байгаа ч дайтахаас айхгүй. Бидний яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх нааштай хандлага өөрчлөгдөж байгаагүй. Хууль ёсны эрх ашгаа хамгаалахын төлөөх хандлага бүр ч өөрчлөгдөхгүй. Одоо Хятадын эдийн засаг тогтвортой өсөлттэй байгаагаас гадна цаашдаа ч таатай нөхцөл байдалтай байна. Америкийн худалдааны протекционизмын арга барил Хятадын эдийн засагт тодорхой хэмжээнд нөлөөлөх ч Хятад үүнийг даван туулах бүрэн боломжтой. Хятад улс Америкийн дээрэнгүй үйлдэлд хариу арга хэмжээ авч байгаа нь зөвхөн өөрсдийн төлөө бус, олон талт худалдаа болон чөлөөт худалдааны тогтолцоог, Монгол улс болон бусад улс орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахад илүүтэй чиглэж байна.

Хятад, Монгол хоёр улс бол нөхөрсөг хөршүүд мөн адил хөгжиж буй орон, чөлөөт худалдааны үр шимийг хүртэж буй орнууд. Хятад улс Монголын хөгжлийг урьдын адил дэмжиж, эрх тэгш байдлыг улам бэхжүүлэн, олон талт худалдаа, чөлөөт худалдааг баримталж, нийтлэг эрх ашгаа хамгаалахаар хамтдаа хичээнэ.

Хонконгийн нөхцөл байдлын тухайд би мөн саяхан “Хятадын тал "Нэг улс, хоёр систем" бодлогоо хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, Хонконгийн хөгжил, тогтвортой байдлыг тууштай хамгаална” нийтлэл гаргасан. Үүгээр хэрэг явдлын учир шалтгаан, Хятадын талын байр суурийг танилцуулсан. Монголын найз нөхдийг энэ нийтлэлээр дамжуулж Хонконгт үүссэн нөхцөл байдлын талаар илүү үнэн, зөв ойлголттой болсон гэдэгт итгэлтэй байна.

Одоогийн Хонконгт үүссэн нөхцөл байдал нь тайван жагсаал бус цэвэр хүчирхийллийн үйлдэл гэдгийг би онцолж хэлмээр байна.Зарим радикал эсэргүүцэгчид Хонконгийн Хууль тогтоох хороо, Хонконгийн засаг захиргааны онцгой бүс дэх Хятадын Төв засгийн газрын холбоо барих алба руу халдаж, Хонконгийн хууль журмыг эвдэж, Хятад улсын төрийн сүлд, төрийн далбааг гутаан доромжилсон. Хятад улсын төрийн далбааг олон удаа далбааны сууриас салгаж далайд шидсэн үйлдэл гаргасан.Тэдгээр радикал эсэргүүцэгчид хорт бодисоор цагдаагийн ажилчид руу халдаж, цагдаагийн албан хаагчийн гарын хурууг хазаж тасалсан, хийн бөмбөг шидэж цагдаагийн албан хаагчийг шархдуулсан гэх мэт олон хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан.Эдгээр үйлдэл бол хүмүүсийг цочирдуулсан үйлдэл бөгөөд тэдний хэлсэн эрх чөлөө, ардчилал огтоос биш, харин ч тайван, эрх чөлөөтэйгөөр үзэл бодлоо илэрхийлэх хязгаараас хол хальсан, Хонконгийн хууль журам, Хонконгийн оршин суугчдын амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдалд ноцтой халдсан ямар ч хүмүүнлэг, хуульт ёсны нийгэмд байж болшгүй хэрэг юм.

Түүнчлэн Монголын найз нөхдийг Америк, барууны зарим төр засгийн хүн, хэвлэл мэдээллийн байгууллага бодит үнэнийг гуйвуулж, Хятадын Засгийн газрыг харлуулж, Америк шинжтэй хүчирхийллийн, “Нэг улс, хоёр систем” зарчмын нэр хүндийг доромжилсон үйлдэл гаргасан талаар анзаарсан гэдэгт итгэлтэй байна. Монголын найз нөхдийг дээрх буруу ташаа үг яриа, худал хуурмагт автахгүй байж Хонконгт үүсэн нөхцөл байдалд шударга, үнэн зөвөөр хандаасай хэмээн хүсэж байна.

Хонконг Хятадын харьяанд шилжсэн 20 жилийн турш Хятад улсын төв Засгийн газрын дэмжлэг дор эдийн засаг хоёр дахин өсөж, хууль дээдлэх байдлаар дэлхийд 60 дугаар байрнаас дээшилж 16 дугаарт жагсах болсон. Мөн олон улсын санхүү, агаарын тээвэр, худалдааны төв хот статус нь тасралтгүй батжиж, олон улсын байгууллагуудад дэлхийн хамгийн чөлөөт эдийн засаг, өрсөлдөх чадвар хамгийн өндөр бүс нутгийн нэг хэмээн үнэлэгдсэн. Эдгээр үр дүн “Нэг улс хоёр систем” бодлого Хятадын нөхцөл байдалд нийцдэг бөгөөд Хонконгийн бодит байдалд нийцэж Хонконгийн хөгжил, тогтвортой байдлыг бүрэн дэмждэг гэдгийг хангалттай харуулж байна. Хятад улсын төв Засгийн газар "Нэг улс, хоёр систем" бодлогоо хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, Хонконгийн хөгжил, тогтвортой байдлыг тууштай хамгаалсаар байх болно.

- Та Монгол улсад ирээд нэлээн олон жил боллоо. Анх ирж байсан сэтгэгдэлээсээ хуваалцана уу?

- Си Жиньпин даргын томилсоны дагуу анх 2015 оны наймдугаар сард Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайдаар ажиллаж эхэлсэн. Өдгөө дөрвөн жил болж байна. Монгол Улсын иргэд найрсаг зочломтгой хүмүүс. Мөн Монголын байгалийн үзээмж их сайхан. Эрдэс баялаг ихтэй нь Монголын маш том давуу тал гэж ойлгодог. Монгол Улс болон манай Хятад улсын эдийн засгийн харилцаа их таатай, харилцан нөхөлцсөн, соёл хүмүүнлэгийн салбарт хүмүүсийн сэтгэлгээ, харилцаанд ижил төстэй зүйлс их байдаг. Улс төрийн харилцан итгэлцэл бэхжиж явж байна. Миний хувьд Монголд ажиллах их таатай байдаг.

- Энэ жил Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны, мөн 70 жилийн тохиож байна. Хоёр улсын улс төр, эдийн засаг, соёл гэх мэт салбаруудын харилцаанд өнгөрсөн 70 жилд ямар ахиц гарсан бэ? Ирээдүйн хамтын ажиллаагаа, харилцан түншлэл ямар түвшинд хүрнэ гэж та харж байна вэ?

- Хятад, Монгол хоёр улс бол сайн хөрш, сайн найз, сайн түншүүд. Хоёр улс 1949 оны аравдугаар сард БНХАУ байгуулагдсаны дараахан дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс бол БНХАУ шинээр байгуулагдсаныг хамгийн анх хүлээн зөвшөөрсөн орнуудын нэг юм. Бид Монгол улс БНХАУ-д үзүүлсэн дэмжлэгийг ямагт санаж явдаг. Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш зарим саад бэрхшээлийг туулж, сайн хөршийн нөхөрлөл ямагт гол чухал харилцаа байсаар ирсэн. Иймээс ч хоёр улсын ард түмэн маш бат бөх найрамдлыг тогтоосон.

Си Жиньпин дарга 2014 онд Монгол Улсад түүхэн айлчлал хийж энэ үеэр талууд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон нь Хятад, Монголын харилцаа түүхийн шинэ үедээ орсныг илтгэж байна. Өдгөө улс төрийн харилцан итгэлцэл, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоо гэсэн “гурвалсан тэрэг” хоёр улсын харилцааг хурдацтайгаар урагш түрж байна.


Си Жиньпин дарга 2014 онд Монгол Улсад түүхэн айлчлал хийж энэ үеэр талууд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон нь Хятад, Монголын харилцаа түүхийн шинэ үедээ орсныг илтгэж байна.


Өндөр дээд түвшний харилцаа тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж байна. Өнгөрсөн жил хоёр улсын төрийн тэргүүн нар хоёр ч удаагийн уулзалт хийж олон чухал тохиролцоонд хүрсэн нь хоёр улсын харилцаа болоод хоёр талт хамтын ажиллагаанд маш том түлхэц болсон. Энэ жилийн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийж “Нэг бүс, Нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцсон. Энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар дахин уулзалт хийж талууд харилцан хүндэтгэх, харилцан итгэлцдэг стратегийн түншүүд, харилцан ашигтай хамтран ажилладаг, ойр дотно харилцаатай нөхөрсөг түншүүд, харилцан туслалцдаг олон талт хамтын ажиллагаатай түншүүд байхаар санал нэгдэж шинэ эрин үе дэх Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх гол чиглэлийг тодорхойлсон юм. Өнгөрсөн долоодугаар сард Монгол Улсын Үндэсний их баяр наадмын үеэр БНХАУ-ын дэд дарга Ван Чишань Монгол Улсад айлчлал хийсэн бөгөөд айлчлал амжилттай өндөрлөсөн. Уг айлчлал хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл, бүх салбарын хамтын ажиллагаанд чухал түлхэц болсон. Эдгээр өндөр, дээд түвшний харилцан айлчлалаар дамжуулж талуудын харилцаа холбоог бэхжүүлсэн. Ялангуяа, Монголын талаас Төвдтэй холбоотой асуудалд Хятадын талын язгуур эрх ашиг, чухалчилдаг асуудлуудыг хүндэтгэхээ онцолсон нь улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, Хятад, Монголын урт хугацааны, эрүүл, тогтвортой хөгжилд бат бөх суурийг тавьж өгсөн юм.

- Таныг Монголд анх ирэхэд Монголын эдийн засаг ямар байв? Одоо ямар хэмжээнд байна гэж та хэлэх вэ? Монгол Улс цаашид гадаад бодлогын хүрээнд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийн тулд хоёр хөрштэйгөө ямар чиглэл, салбарт нягтран ажиллах боломжтой гэж та харж байна вэ?

- Анх намайг ирэхэд Монголын эдийн засаг тийм ч сайн байгаагүй. Гадаад өр их, зээлжих зэрэглэлийн үнэлгээ буурч байсан. Гэхдээ Монголын Засгийн газар эдийн засгаа сайжруулахын тулд цөөнгүй ажил хийсний зэрэгцээ хөгжлөө хурдасгах чиглэлд ихээхэн чармайлт гаргасан. Одоогийн байдлаар эдийн засаг сайжирсан төдийгүй гадаадын хөрөнгө оруулалт татах тал дээр ажиллаж байна. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд ч сайжраад явж байна. Би энэ байдлыг хараад их баяртай байгаа. Монголын гадаад бодлогын хувьд хоёр хөршөө тэргүүлэх чиглэл болгоод хөгжүүлж байгаа, мөн зөвхөн хөрш гэлтгүй бусад улстай ч гадаад харилцаагаа сайжруулаад, хөгжүүлээд явж байгаа нь сайн хэрэг. Хятадын тал Монголын гадаад бодлогыг хүндэтгэдэг. Мөн Нэг Бүс Нэг зам санаачлагыг Монголын хөгжлийн замтай харилцан уялдуулах хүрээнд цаашид хоёр улсын бүх салбарын харилцаа хамтын ажиллагааг урагшлуулахын төлөө байна. Улс төрийн хувьд нэг нэгнийхээ язгуур эрх ашгийг чухалчилан анхаарах зүйлсээ харилцан хүндэтгэх нь чухал гэж үзэж байна. Эдийн засгийн хувьд нэг нэгнийхээ хэрэгцээг дэмжиж харилцан нөхөж, мөн харилцан ашигтай хамтдаа хожих зарчмаар хамтран ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. Хятадын тал бас зарим тодорхой бодит төсөл дээр монголын талын ашиг сонирхлыг илүү харгалзаж дэмжихэд бэлэн байна. Хүмүүнлэг соёлын салбарт хоёр улсын энэ салбарын харилцааг илүү хөгжүүлснээр хоёр улсын ард иргэдийн хоорондын найрсаг харилцааг нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байна. Ялангуяа боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын чиглэлээр түлхүү хамтран ажиллах хэрэгтэй байна. Ер нь бол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны ирээдүй гэрэлтэй байна.

- Эдийн засгийн салбар дахь хоёр улсын харилцааг та хэрхэн дүгнэх вэ?

- Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжиж, “ Нэг бүс, Нэг зам” санаачлага хоёр улсын ард түмэнд үр өгөөжөө өгсөөр байна. Монголын тал “Нэг бүс, Нэг зам”-ын бүтээн байгуулалтад нааштай оролцож, дэмждэг. Талууд одоо уг санаачлага болон Монголын талын “Хөгжлийн зам” стратегийн уялдааг бэхжүүлэхээр ажиллаж байна. Хятад улс олон жилийн турш тасралтгүй Монгол Улсын худалдааны хамгийн том түнш, хамгийн чухал хөрөнгө оруулагч, буцалтгүй тусламж үзүүлдэг улс байсаар байна. Хоёр улсын худалдааны эргэлт 2018 онд 8.53 тэрбум ам.долларт хүрсэн нь Монгол Улсын гадаад худалдааны нийт дүнгийн 66.2 хувийг эзэлж, 2017 онтой харьцуулахад 26.9 хувиар өссөн байна. Одоо талууд 2020 онд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтоо биелүүлэхээр зорьж байгаа нь амжилттай урагшилж байна. БНХАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комисс, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл, Хятад-Монголын экспо зэрэг механизм амжилттай хэрэгжиж талуудын хамтын ажиллагааны цар хүрээг, чанарыг ихээхэн нэмэгдүүлсэн. Хятадын тал “Элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй үзэл баримтлалаа хэрэгжүүлж, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьжиргааг сайжруулах бүтээн байгуулалтын олон чухал төслийг хэрэгжүүлсэн. Эдгээр ажил Монголын ард түмэнд хоёр улсын нөхөрлөлөөр бий болсон бодит үр өгөөжийг харуулсан. Хоёр улс одоо чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан ТЭЗҮ-г эрчимжүүлэхээр хичээн ажиллаж байна. Талууд Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурсан. Энэхүү хамтын ажиллагааны бүс баригдсанаар эдийн засгийн гол урсгалд том дэмжлэг болж хоёр улсын харилцан нөхөлцөх байдал биеллээ олох болно.

Одоо талууд 2020 онд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтоо биелүүлэхээр зорьж байгаа нь амжилттай урагшилж байна.


Энэ жил БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, “БНХАУ, Монгол Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ” шинэчлэн байгуулсны 25 жил мөн Си Жиньпин дарга Монгол Улсад айлчлал хийж хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны таван жилийн ой зэрэг тэмдэглэлт ойн баярууд давхар тохиож буй чухал жил болж байна. Хоёр улсын харилцаа энэ шинэ эхлэлээс хөдөлж таатай боломжууд ирж байна. Бид энэ 70 жилийн бат бөх найрамдлаа үе хойчдоо уламжлуулж, 70 жилийн нөхөрсөг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж сайн хөршийн чин сэтгэл, сайн найзын хамтрагч, сайн түншийн эв эеэр хүчээ нэгтгэж хоёр улсын харилцааг шинэ өндөрлөгт гаргах хэрэгтэй. Хоёр улсын харилцаа илүү өргөн, гэрэлт сайхан ирээдүйтэй байна гэдэгт би огтоос эргэлзэхгүй байна.


- Монголын экспортын 90 хувийг Хятад улс руу экспортолдог. Экспортын барааны дийлэнх нь уул уурхайн бүтээгдэхүүн. Монголын экспортын барааг төрөлжүүлэх тал дээр Элчин сайд таньд ямар санал байна вэ?

- Хятад, Монголын худалдаа эдийн засгийн харилцаа өргөжиж, худалдааны эргэлт тасралтгүй өсөж байна. Одоо талууд 2020 онд хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын дагуу урагшилж байна. Таны хэлсэнчлэн Монгол улсын экспортын барааны дийлэнхийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Хятад улс элэгсэг, дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй үзэл санаагаа баримталж Монгол Улс уул уурхай, хөдөө аж ахуйн гүн боловсруулсан бүтээгдэхүүн, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг цаашид Хятад улс руу экспортлохыг дэмжих болно. Талууд одоо хэрэгжиж буй механизмуудаараа дамжуулан хамтын ажиллагааны тавцанг бүрдүүлж, худалдааны бүтэц, чанараа сайжруулж , хүрээг тэлэх хэрэгтэй. Монгол улс аж үйлдвэрийн салбарын гинжин хэлхээг нэмж, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг сайжруулахад тусламж үзүүлэхэд Хятадын тал бэлэн байна.

Монгол улс аж үйлдвэрийн салбарын гинжин хэлхээг нэмж, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг сайжруулахад тусламж үзүүлэхэд Хятадын тал бэлэн байна.


Талууд Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах хамтын ажиллагаа, чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан ТЭЗҮ-г эрчимжүүлж аль болох даруй нааштай үр дүнд хүрэхээр хичээн ажиллаж байна. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулснаар Хятад улсад гурван сая хүн амтай зах зээл нээгдэх бол Монгол улсад 1.4 тэрбум хүн амтай зах зээл нээгдэнэ. Энэ бол хоёр улсын худалдаа эдийн засгийг өндөр хэмжээгээр дэмжиж Монголын бүхий л салбарын бүтээгдэхүүнийг Хятад улс руу экспортлоход тус үзүүлэх юм.

- Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Хятадын тал Монголд улсад ямар тусламж үзүүлсэн бэ? Талуудын хамтарсан ямар төслүүд байна вэ?

- Хятад, Монгол хоёр улс бол нөхөрсөг хөршүүд. Дипломат харилцаа тогтоосноос хойш чин сэтгэлээр харилцаж, харилцан туслалцаж, нөхөрлөл, хамтын ажиллагаагаар үлгэр жишээ хөрш орнууд болсон. 1950-1960 онд Хятад улс хөгжлийн хүнд хэцүү үетэй тулгарч байхдаа ч Монгол Улсын бүтээн байгуулалтын төлөө олон тооны хүн хүч илгээж барилга, байгууламжуудыг барьж байгуулж өгсөн. Улсын их дэлгүүр, Үндэсний их баяр наадам тэмдэглэдэг төв цэнгэлдэх хүрээлэнгээс эхлээд хүмүүсийн өдөр бүр явж өнгөрдөг Энх тайвны гүүр зэрэг байгууламж нь Хятадын ард түмэн Монголын ард түмэнд зориулж барьсан бүтээн байгуулалт юм. Эдгээр барилга, байгууламж нь өнөөдрийг хүртэл хэрэглэгдэж, Монгол Улсын нийгмийн хөгжлийн түүхэнд үлдэж, хоёр улсын мөнхийн найрамдлыг гэрчилж байна. Өмнө нь би арга хэмжээнд оролцож байхдаа Монгол нэгэн найз надад цонхны гаднах цэцэрлэгт хүрээлэнгээс эхлээд гүүрэн гарц, хурдны зам гээд олон зүйлийг нөхөрсөг Хятад найзууд Монголд барьж өгсөн хэмээн баяртайгаар надад хэлж байсан юм.

Одоо Хятадын тал “Элэгсэг, дотно үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй үзэл баримтлалаа хэрэгжүүлж Монгол улсын хөгжил дэвшилд тусламж дэмжлэгээ үзүүлсээр байна. “Нэг бүс, Нэг зам”-ын дагуу Хятадын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр багц том төсөл хэрэгжиж байна. Тухайлбал, Монгол Улс анхны олон түвшний огтлолцол бүхий гүүрэн гарц, анхны хурдны зам, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анхны хөгжлийн төв хэдийнэ баригдсан. Үүнээс гадна хамгийн сүүлийн үеийн ус цэвэрлэх байгууламж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хамгийн том төслийн барилгын ажил тун удахгүй эхлэх гэж байна. Эдгээр төсөл бол бүгд иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн төслүүд, ирээдүйд олон нийтэд бодит ашгийг авчрах болно.

- Хоёр улс зөвхөн дипломат түвшинд, эдийн засгийн хүрээнд хамтран ажилладаггүй. Бусад салбарт, тухайлбал, соёлын салбарт ямар ажлууд хийсэн бэ?

- Соёлын харилцаа эрчимжиж хоёр улсын ард түмний харилцан ойлголцол гүнзгийрсэн. Си Жиньпин дарга Монгол улсад айлчлах үеэрээ Монгол улсад соёлын харилцааны багц төлөвлөгөө хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.Эдгээр төлөвлөгөөг талууд хамтдаа амжилттай хэрэгжүүлсэн. Монгол, Хятадын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл үйл ажиллагаагаа амжилттай явуулж механизм тасралтгүй сайжирч хоёр улсын ард түмний найрамдлын чухал талбар нь болсон. Хятадын дэлгэцийн шилдэг бүтээлүүдийг Монгол хэл рүү орчуулж Монголын үзэгчдэд хүргэсэн нь Монголд ихээхэн сайшаагдсан. Монгол дахь Хятадын Соёлын төв болон Күнзийн институтийн үйл ажиллагаа амжилттай байж, Монголд Хятад хэлний сургалтын танхимтай сургуулиуд нэмэгдсээр байна. Монголд хятад хэл сурах сонирхолтой, Хятадын талаар илүү их мэдлэгтэй болохыг хүссэн сурагчдын тоо улам нэмэгдсэн. Хятадын алдарт дөрвөн зохиол гэх мэт зохиолын шилдэг бүтээлүүдийн Монгол хэл дээрх хэвлэл гарсан Хятадын уламжлалт соёлын чухал төлөөлөл болсон. Мөн Монгол улсад зохион байгуулсан “Хаврын баяр”, “Хятадын соёл, аялал жуулчлалын өдрүүд” зэрэг арга хэмжээг Монголын ард түмний сайшааж, өндрөөр үнэлсэн. Одоо талууд “Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээн төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, хоёр улсын тэмдэглэлт баярт өнгө нэмж байна.

- Элчин сайдын гэргий болон түүний охин Монголд Улсад байхад хамгийн гоё зүйл нь юу байдаг гэж боддог вэ?

- Зөвхөн миний хувьд биш манай Хятадын элчин сайдын яаманд ажиллаж буй бусад дипломатчдын гэр бүлийнхэн нь төдийгүй найз нөхөд Монголд зуны улиралд ихэвчлэн ирдэг. Энэ үеэр манай элчин сайдын яам хөл ихтэй болдог. Тэд ч мөн ирээд явахдаа маш сайхан сэтгэгдэлтэй байдаг. Ялангуяа зуны улиралд байгалийн үзэсгэлэн, цэвэр агаарт байх нь сайхан.Мэдээж өвөл маш хүйтэн. Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн тоонд ордог.Үүнийг дагаад агаарын бохирдол, замын түгжрэл тулгамдсан асуудал мөн. Монголын Засгийн газар энэ байдлыг сайжруулахын тулд хичээж ажиллаж байгаа. Хятадын АНН, төр засгаас энэ тал дээр туслалцаа үзүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа.

- Агаарын бохирдлын чиглэлээр Элчин сайдын яамны зүгээс ямар санал санаачлага гаргаж, тусламж дэмжлэг үзүүлдэг вэ.Үүнтэй холбоотой ямар нэг төсөл, хөтөлбөрт оролцож байгаа юу?

- Улаанбаатар хотын агаарын бохирдол олон хүчин зүйлсээс хамаарсан олон шалтгаантай байгаа. Хүнээс хамааралтай асуудлууд ч байна. Газар зүйн байршилтай холбоотой асуудлууд ч байна. Улаанбаатар хотын хувьд хүн амын дийлэнх төвлөрсөн бүс. Мөн өвөл хүйтэн тул дулааны хүртээмж, ачааллын асуудал бий. Түүнчлэн замын түгжрэл ч үүнд хамаатай. Агаарын бохиролыг бууруулах асуудлын хүрээнд манай Бээжин болон Хөх Хот улаанбаатар хот ах дүүсийн харилцаа тогтоосон. Энэ шугамаар харилцан туршлага солилцож байгаа. Ялангуяа Бээжин хотын туршлагыг Улаанбаатар хоттой хуваалцаж байна. Мөн замын харилцааны хувьд хоёр тал хамтран ажиллаж байна. Тухайлбал, Хятадын талын дэмжлэгтэйгээр давхар гүүрүүд барих ажилхийгдэж байна. Нисэх буудлын зам болон замын цагдаагийн давхар гүүр үүний жишээ. Гүүр баригдсанаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, тэр хэмжээгээр автомашинаас гарч буй агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байна. Мөн орон нутгийн хэмжээнд яригдаж буй төслүүд байна. Жишээлбэл, автомашинуудын тодорхой хувийг цахилгаан хөдөлгүүрт болгох, нүүрс хийжүүлэх гээд олон төсөл дээр ажиллаж байна. Ингэснээр агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурна гэж найдаж байна.

- Элчин сайдын яамны хамт олон түүхэн баяраа хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?

- Бид Бээжин хотод болох арга хэмжээнүүд тухайлбал, Цэргийн парадыг зурагтаар үзэж өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байна. Мөн өнөөдөр Монгол Улсын Их Хурлын намрын чуулган нээлтээ хийж байна.

- Нэмж асуухад, Монголын оюутан, сурагчид Хятад улсад сурах виз хүсэхэд дарааллал үүсдэг, удаан хугацаагаар зарим тохиолдолд Элчин сайдын яамны гадаа хонон байж визний хүсэлтээ өгдөг. Энэ тал дээр ЭСЯ-ны зүгээс ямар арга хэмжээ авдаг бэ?

- Хоёр улсын харилцааны хурдацтай хөгжлийг дагаад ард иргэдийн харилцан зорчилт нэмэгдэж байна. Мөн сурах виз хүсэж БНХАУ-ын ЭСЯ-нд хандах иргэдийн тоо тасралтгүй нэмэгдэж байгаа. Саяхан хэсэг хугацаанд сурах виз хүсэгчдийн тоо маш их, виз мэдүүлэх хугацаа хичээлийн шинэ жил эхлэх үетэй давхацсан мөн “дугаар наймаалагчид” зэрэг хүчин зүйлээс болж монгол оюутан, сурагчид виз мэдүүлэхэд урт дараалал үүссэнийг бид анхааралдаа авсан.

Дээрх виз мэдүүлэхэд үүссэн урт дарааллыг шийдвэрлэж, сурагч оюутнуудад хөнгөлөлт үзүүлэхийн тулд ЭСЯ-ны зүгээс виз болон бичиг баримт баталгаажуулалтыг урьдчилан хянасны дараа дугаар олгох зохицуулалт гаргасан. Бичиг баримт хүлээн авдаг даваа, лхагва, баасан гарагуудаас гадна мягмар гараг бүр тусгай хуваарь гарган 9:30-13:30 цагийн хооронд бичиг баримтыг урьдчилан хянаж, цаг олгох болсон. ЭСЯ-ны Консулын газрын нийт ажилчид мэдүүлэгчдийн дугаарлан хүлээлтийг багасгахын тулд цаг сунган их ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд бичиг баримт хүлээн авах ажлын өдрийн цагийн хуваарийг 9:30-12:00 цагаас 9:30-13:30 цаг хүртэл, материал тараах цагийн хуваарийг 16:00-17:00 цагаас 16:00-19:00 цаг хүртэл тус тус сунгаж, өдөр бүрийн ажлын цагийг дунджаар 3.5 цагаар сунган ажиллаж байна. Дээрх зохицуулалтын дагуу бичиг баримт мэдүүлэгч нь долоо хоног бүрийн мягмар гарагт ирж материалаа урьдчилан хянуулж, материал нь бүрэн гүйцэд тохиолдолд лхагва, баасан эсхүл дараа долоо хоногийн даваа гарагийн бичиг баримт мэдүүлэх баримтыг авах бөгөөд тухайн өдрөө ЭСЯ дээр ирж мэдүүлгээ өгнө.

Энэ жилийн зургаадугаар сараас эхлэн энэхүү зохицуулалтыг эхлүүлсэн бөгөөд ингэснээр мэдүүлэгч ЭСЯ дээр хүлээх хугацааг ихээр богиносгосон, зөв хэв журамтай болж урьдчилан хянах механизм үр дүнгээ өгсөн.